Цастай кофе


Б.Чандмань | YOLO.MN
2016-03-24

- Өгүүллэг -

Нэг

Бүсгүй өглөө орноосоо босуутаа цонхоор хараад сэтгэл нь догдлов. Амралтын өдрийг гэртээ амарч өнжинө дөө гэх урьд оройны бодол нь тэр чигтээ алга болж хаа нэгтээ яарах мэт бяцхан зүрх нь хүчтэй цохилно.

Тэр цагаахан нүүрэн дээрээ оо энгэсгээ яаруухан хэрнээ нямбай гэгч нь тавиад, гоёл чимэглэлээ зүүн, энэ өдөрт л зориулж хадгалсан юм шиг булган шубаа нөмрөөд гарлаа. Сандарч догдолсондоо ч тэр үү түүний хамаг хар хөлс арьсыг нь чийгтүүлжээ. Лифтэнд хөлсөө сэврээхээр хүнд булган шубаа түр тайлав. Түүний шубаа тайлахтай зэрэгцээд лифтний давчуухан бүхээгийг харанхуй нөмрөн авах нь тэр. Дүүжлээтэй төмөр хар хайрцаг хязгаар үгүй хав хар хонгил шиг санагдлаа.

Эхлээд бүсгүй юу болсныг сайн ойлгосонгүй. Хэдэн хормын дараа тог тасарсныг ухаарчээ. Зүрх нь хүчтэй цохилж, арайхийн хатаж байсан хүйтэн хөлс ар шилнээс нь авахуулаад чийхарч эхлэв. Яаруу явсан учраас тэндээс гарахын түйс болон бархирч, балбаж үзсэн ч түүнийг хэн ч дуулсангүй. Магад дуулахыг ч хүсээгүй байх. Хүнд төмөр хаалгаар өөрсдийгөө тусгаарласан хүмүүс арга ч байж уу...

Орилж хашхираад хэн ч сонсохгүйтэй эвлэрээд, лифтний хэдэн сарын өмнө угаасан нь ч үл мэдэгдэх ханыг гоёмсог шубараа арчин халтайсан шалан дээр бохирч суулаа. Хөлөө жийгээд ч тухтай сууж болохгүй тийм давчуухан зайд ой ухааныхаа хамгийн мухрын цэгийг ухан суух эмэгтэйг хэн ч хайхарсангүй...

Хоёр

Өнөө өглөө түүний цонхоор харсан зүйл нь цас байлаа. Шиврээ бороо мэт нэгэн жигд хэмнэлээр газардаж буй цасыг хараад л чухам тэр ийн яарахад хүрчээ.

Гурав

Өмнө жилийн өвөл Өлзий Билгүүнтэй таарсан юм. Өлзий нимгэн хувцаслачихсан байсан учир сургуулиасаа гараад өмнөхөн нь байрлах автобусны буудал дээр түүнийг л хүлээж буй мэт зогсох, олон хүн шахцалдсан автобус руу хаягийг нь ч харалгүй гүйгээд орчихсон юм. Тэнд маш бүгчим, амьсгал авахын аргагүй байв. Гадаа хасах 30 хэм шахаж байхад ийм халуун бүгчим орчин байх боломжгүй мэт түүнд санагдав.

Голдоо ортол даарчихсан улаан хацарт маань, халуун агаараар уушгиа ханатал дүүргэснийхээ дараа л ямар чиглэлийн автобусанд сууснаа анзаарахыг хичээв. Эргэн тойрноо ажвал яг дэргэд нь өөрөөс нь нэлээн өндөр, үсээ баруун тийш самнасан, чихэндээ чихэвчтэй, цүнхээ нэг мөрөөр нь үүрсэн, Өлзийг бодвол бариулаас барьж, байрлалаа тухлан олсон нэгэн хүү зогсож байлаа. Цантсан цонхыг маажсан жижиг зайгаар хаана явааг харах гэж өнөөх хүү тонголзоно. Түүний энэ төрх Өлзийд яагаад ч юм ихэд таалагджээ.

Өлзий мөрнөөсөө гэнэтхэн унжин унах цүнхээ янзлан өргөхдөө өнөөх хүүгийн хөл дээр гишгэчхэв. Тэрээр уучлал гуйх гэж гар барихдаа сандран,

-Энэ ямар чиглэлийн автобус вэ? гэж асуув. Гайхсан залуу нэг талын чихэвчээ чихнээсээ салган аваад:

-Юу? гээд хөмсгөө өргөснөө инээмсэглэмэр аядан

-Аан. 3,4-р хороолол Офицер хэмээн хариулав.

Аз таарахад Өлзий зөв автобусандаа суужээ. Сэтгэл нь амарсан Өлзий өөр рүү нь хариу хүлээсэн харцаар удтал ширтэн буй залууг үл хайхран цантсан цонх руу хий дэмий ширтсээр хорооллын эцэст ирлээ. Автобуснаас буух үед хажуугаас нь халуу оргиод явчих шиг болов. Тэгснээ тэр нь гэнэт хэн нэгний хоолойгоо засах чимээнээр солигдов. Гутлан дээрээ Өлзийгийн гутлын улны мөртэй залуу дэргэд нь явж байх нь тэр шүү. Нэлээн гайхсаны эцэст бүсгүй:

-Сайн уу? гэв. Залуу:

-Сайн хэхэ. Чи их сонин хүн юм аа?

-Яасан?

-Хүний хөл дээр гишгэчхээд уучлал ч гуйхгүй, асуусан асуултандаа хариулт авчхаад баярлалаа ч гэхгүй

-Өө уучлаарай. Би харин даараад...

-Даараад аа? Хэхэ. Хоёулаа ийшээ орох уу би чамайг халуун кофегоор дайлъя гээд шинээр нээгдсэн кофе шоп руу заав.

Татгалзах шалтгаан түүнд байсангүй. Нэгд тэр ийшээ орж үзэхийг хүсэж байсан. Хоёрт түүнд энэ шинэ учрал онцгой санагдаж байв. Ингээд шинэхэн танилууд кофе шоп руу орлоо. Амласан ёсоороо залуу кофегоор дайлав. Нэмээд бүүр жигнэмэг ч авч өгөв. Ингэж тэдний гүн гүнзгий мөртлөө гүехэн хайр дурлал эхэлсэн юм даа.

Дөрөв

Тэд энэ өдрөөс хойш өдөр бүр уулзаж улмаар хайрын оч хоёр биеийн гүнд гялбав гэнэ.

Хүн амьдралынхаа туршид зөвхөн өөрийн биеийн нэг талыг хайж явдаг мэт. Гэтэл Өлзий дэндүү азтай ажээ. Тэр биеийнхээ нэг хэсгийг олж түүнтэйгээ нэгдэн нийлж нэгэн бүхэл бие боллоо. Эмэгтэй хүнд үүнээс өөр жаргал гэж хаа байхав.

Өлзийд амьдралынх нь утга учир зөвхөн Билгүүнээр л хязгаарлагдаж.  Хамтдаа хэрхэн хөгшрөх, хамтдаа хэрхэн амьдралаа босгох, хамтдаа хэрхэн аз жаргалтай амьдрах гээд бүхий л зүйлс түүнгүйгээр төлөвлөгдөхөө болив. Гэхдээ тэр хэзээ ч үүнийгээ ил гаргаж байгаагүй. Тэр Билгүүний хажууд зүрхнийхээ хүчтэй цохилтыг хүртэл мэдэгдүүлэхгүй гэсэндээ түүнээс зайгаа барихыг хичээдэг байв. Зүрхэнд нь булиглах тэр их хайрыг нуух гэж хэрэндээ л хичээж заримдаа их зан гаргаж хайрынхаа үзүүрийг ч цухуйлгахыг хүсдэггүй байв. Харин Билгүүн түүнд халуун дулаан үгсийг харамгүй чулуудаж. Аль болох түүнтэй ойр байхыг хичээж юм л бол бөөрөнд нь наалдчихаад яг л муур шиг эрхэлдэг байв. Тэр бүхий л зүйлийг Өлзийтэй хамт хийхийг эрмэлзэнэ. Сандал байлаа ч түүнтэй хувааж суухыг бүр өвөр дээрээ авч суухыг хүснэ.

Өлзий түүнд их хайраа мэдэгдүүлэхийг хүсдэггүй байлаа. Зүгээр л айдаг байсан юм. Бүхий л амьдралаа цуг өнгөрөөх хүндээ их хайраа эхэнд нь үзүүлчихвэл он цагийн урсгалд түүндээ зориулах өөр хайр үгүй болчихно гэж л... Гэтэл нэг л өдөр Билгүүний харц хувирчихав. Яг л нүдээ сольчихсон юм шиг тэр их хайрынх нь оч унтарч жигшил зэвүүцлийн оч зэвүүнээр гялалзах болов. Түүний энэ үйлдлийн шалтгааныг Өлзий хайгаад олсонгүй. Өөрөөс нь асуувал “Би өөрчлөгдөөгүй ээ, өмнөх шигээ л байна” гэж хөндий хоосноор хариулна. Гэхдээ Өлзийгийн таамаг үүнийг “уйдсан сэтгэл” гэж тодорхойлов.

Өлзий түүнийг алдахгүйн тулд удтал нуусан хайраа дэлгэв. Гэхдээ нэгэнт хожимдсон. Бүүр дэндүү их хожимдож дээ. Гэтэл Өлзийгийн харц хэв хэвээрээ өөрөөсөө  ч илүү хайрлах сэтгэлд нь хүйтэн хяруу ер унасангүй.

Тэд гурван сарыг хамтдаа өнгөрүүлсний эцэст хоёр тийш болохоор шийдэв. Энэ шийдвэрийг хэн гаргасан гээч...? ӨЛЗИЙ.  Энэ хагацал эмэгтэйн хувьд зүрхэнд нь гуниг хуруулж хангалттай шаналлыг өгсөн ч огтоос тоосон шинжгүй харагдах нь хачин. Үр хүүхдээ алдаж ганихарсандаа ургаа хад болсон эхийн домог мэт тэр дүлий дүмбэ оргин анх уригдсан өнөөх кофе шоп доо суух ажээ. Харин залуу “Битгий ингээч, хоёул дахин бүхнийг шинээр эхэлье” гэж хэчнээн гуйв ч зүрх нь өөрийг өгүүлэх аж. Ингээд нүдэндээ нулимстай, зүрхэндээ шархтай хосууд ганц ганцаар хоёр тийш салан одов. Энэ үед залуу гэнэт эргэж хараад чангаар орилсон юм.

-Бодлоо өөрчилбөл дараа жилийн анхны цаснаар яг энд хүрч ирээрэй, би чамайг хүлээж байя гэж.

Нэгэн бие болно гэж.. үгүй ээ болсон гэж итгэж байсан хүнээсээ хагацна гэдэг ямар л олиг байхав. Өлзий өглөө бүр доголон нулимстай өндийх болов. Гагцхүү түүний хэлснээр анхны цаснаар л... яг л өнөөдөр түүний өглөө харсан. Түүнийг гайхшруулж шууд л гарахаар шийдэхэд хүргэсэн анхны цаснаар л түүнтэй уулзахыг мөрөөсч байв. Түүнийг зүгээр л ганцхан харахыг хүснэ. Тэгснээ харах юм бол түүнийг тэвэрнэ дээ гэж төсөөлнө. Тэгээд л түүнийг мартана гэж бодовч хажууд нь түүнтэй үүрд хамт үлдэх боломж байгаа болов уу гэж бодно. Толгойд нь түмэн бодол эргэлдэж байвч бүгд л Билгүүний тухай байна. Эрэгтэй хүн үнэхээр агуу юм шүү. Эмэгтэй хүний бодол санааг ингэтэл эзэмдэж чаддаг....

Тав

Лифтний бүгчимхэн бүхээгт хана налан суух тэр бүсгүй... тиймээ тэр бол Өлзий. Өглөө гүйж гарсан бүсгүй бас л Өлзий... Одоо Өлзий бас л Билгүүний талаар бодож сууна. Билгүүнийг үгүйлэх хүсэлдээ боомилогдож, хоолой нь зангиран зүрхээ даран уйлна. Түүнтэй таарсан тэр өдрөөс өдийг хүртэл бүхий л хором бүрийг алдалгүй эргэн санана. Тэгээд түүний толгойд нэгэн санаа орж ирэхтэй давхцан гэрэл асч, лифт хөдөллөө. Хэдэн хормын дараа лифтний хаалга нээгдэхэд бүсгүй босч хувцсаа гөвөөд урагш алхаж хоёронтоо баруун тийш эргээд шатаар дээш алхав. Тог тасарч лифтэнд гацаагүй байсан бол тэр хоёронтоо зүүн тийш эргээд л орцноос гарах байсан байх. Гэвч тог тасарч лифтэнд гацсан болохоор мөн лавшруулан тунгаах боломж олдсон болохоор тэр шатаар дээш өгсөж гэр рүүгээ зүглэв...
 

#Өгүүллэг #Love #Story #Хайр #Цас #АнхныХайр #FirstLove