IELTS: Бичгийн шалгалтыг чанартай хийх 5 арга


Юука | YOLO.MN
2019-10-26

IELTS-ийн шалгалт өгөх гэж буй ихэнх хүмүүс “бичих хэсгийн шалгалт”-ыг цагтаа багтааж, “чанартай” хийнэ гэдэгтээ эргэлздэг нь нууц биш юм. Бидний ажигласнаар ихэнх хүмүүс бичих хэсгийн даалгаврыг хийхдээ хэтэрхий их зүйл бодож цаг алддаг.  
IELTS бичгийн шалгалт нь  хоёр хэсгээс бүрддэг. 

  • Дата эсвэл бүдүүвч тайлбарлах- 150 үг
  • Эссе бичих – 250 үг
    Бичгийн шалгалтын хугацаа нь 60 минут байдаг тул дээрх хоёр хэсгийг гүйцэтгэхийн тулд цагаа зөв төлөвлөх хэрэгтэй.  Нэгдүгээр хэсгийг хамгийн ихдээ 20 минут, хоёрдугаар хэсгийг 35 минут гэж төлөвлөх хэрэгтэй. Үлдсэн 5 минутад хийсэн зүйлээ нягтлах нь чухал.

Шалгалтаа амжилттай хийж дуусгахын тулд юуны тухай бичих гэж буйгаа сайтар бодож үзээд утга оновчтой, үгийн баялагтай, зөв бүтэцтэй өгүүлбэр бичих нь маш чухал.  Тийм учраас та бүхнийг бичгийн шалгалтаа цагтаа багтааж чанартай хийхэд тань туслах 5 аргыг танилцуулж байна. 

1. ӨӨРИЙН САНААГАА ЭНГИЙНЭЭР ИЛЭРХИЙЛ
IELTS-ийн бичгийн шалгалтад шинжлэх ухааны талаар бичүүлэхгүй учраас та сандрах хэрэггүй.  Шалгагч таны хийсэн ажлаас ямар нэгэн гүн гүнзгий агуулга эрж хайхгүй. Харин асуултад бүрэн дүүрэн хариулсан, логик учир шалтгаан, уялдаа холбоотой, ахисан түвшний хариулт л хүсэх болно.  Хамгийн чухал нь англи хэлний дүрэм, үгийн санг хангалттай сайн ашиглаж, өөрийн чадвараа харуулахуйц хэмжээнд бичээрэй.

2. ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ
Манай сайтаас IELTS-д бэлдэж байгаа хүн бүрд "Төлөвлөгөө гаргах ёстой" гэдгийг үргэлж сануулсаар ирсэн. Сайн төлөвлөгөөтэй байх нь хэлний шалгалтад бэлдэж буй хүн бүрийг хурдтай, зохион байгуулалттай байхад тусалдаг. Тийм учраас цагтаа багтаж, бодол санаагаа цэгцтэй илэрхийлье гэж бодож байвал IELTS-д бэлдэх төлөвлөгөө боловсруулаарай.

3. ХЭЛЦ ҮГ БОЛОН ӨГҮҮЛБЭРТ ТҮГЭЭМЭЛ АШИГЛАГДДАГ ХОЛБООСЫГ НЭГТГЭЖ ҮГИЙН САН ҮҮСГЭ
Бичгийн шалгалтад орохоос өмнө өөрийн тэмдэглэлээ харах нь бичгийн ажлынхаа талыг хийсэнтэй тэнцэнэ. Гэхдээ энэ бол цээжил гэсэн үг биш шүү. Харин шалгалтад бэлдэж байх явцдаа тааралдсан өвөрмөц үг болон холбоосуудыг тэмдэглэж авах нь үгийн сан болон бичих арга барилд тань ахиц авчрах болно. Мэдээж олон удаа хийж байж ийм үр дүнд хүрнэ шүү дээ. Мөн даалгавруудыг гүйцэтгэх өөрийн гэсэн  загвартай байхад  ч буруудахгүй. 

4. ЮУНЫ ТУХАЙ БИЧИХ ВЭ? ГЭЖ БОДОХООСОО ӨМНӨ АНГЛИ ХЭЛНИЙ ТУХАЙ БОД
Яагаад гэж үү? Зарим тохиолдолд хүмүүс, өөрийн бичих зүйлээ тархиндаа төлөвлөж хугацаа алддаг. Дараа нь бодсон зүйлээ англи хэл рүү буулгахын тулд мөн л хугацаа алддаг. Үүний оронд өгөгдсөн даалгаврыг сайтар уншаад, гүйцэтгэхийн тулд ямар үг, холбоос, өгүүлбэр ашиглаж болох талаар төлөвлө.  Мөн сэдвийн хүрээнд үг сонголтоо зөв хий. Жишээлбэл, хүүхдийн талаар бичих бол ‘child, children, pupil, a young person’  гэх сонголтоос алийг нь авч бичих талаар бод.  Болж өгвөл өгүүлбэр бүрдээ өөр үгээр илэрхийлж бичих нь үг давтахгүй байх давуу талтай. Харин бичих аргаа олчихсон байхад санаа  аяндаа л урсаад ороод ирнэ. 

5. ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ШАЛГАХ ЦАГ ҮЛДЭЭ
Шалгалтын явцад өөрийн бичиж буй зүйлээ маш сайн нягтлах хэрэгтэй. Гэхдээ даалгаврыг бичиж дуусаад хамгийн сүүлд нь дахин нягтлахад илүүдэхгүй. Учир нь зарим үед бид  маш энгийн алдаа гаргаж орхидог шүү дээ. Тухайлбал, таслалыг зөв газраа тавьсан эсэх, угтвар үг болон холбоосыг зөв ашигласан эсэх, өгүүлбэрийн бүтэц зөв эсэхийг дахин нягтлаарай.

Ихэнх хүмүүс юуг, яаж бичих талаар мэддэггүй учраас хэт удаан бодож цаг алддаг. IELTS бичгийн шалгалт нь тийм ч амар даваа биш тул маш сайн бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ ганц л удаа бүтэн өдөржин суугаад болчихно гэж бодож болохгүй. Өдөр бүр тодорхой хугацааг зарцуулж хэвшээрэй. 
Танд хэрэг болох зарим зөвлөгөө:

  • Нэгдүгээр хэсэгт өгөгдсөн бүдүүвчийг ажиглаад, эхний ээлжинд ерөнхий байдлаар хариулах гэж хичээ. Хэт их нарийвчлах гэсний хэрэггүй. Хугацаа алдах болно. 
  • Та бүдүүвчээс аль үр дүнг нь хамгийн чухал гэж бодож байна вэ? Түүнээсээ эхэлж тайлбар бич.
  • Нэг үгийг олон давтахаас зайлсхий. Зайлшгүй ашиглах шаардлагатай байгаа бол ойролцоо утгатай үгээр орлуул.
  • Эхлэх цаг болон дуусгах цагаа сайн тооцоол. Хийсэн ажлаа шалгах 3-5 минут үлдээ. 
  • Зарим зүйлийг нь хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байвал битгий сандар. Таны мэдэж байх ёстой хамгийн чухал зүйл бол “цаг”. Өөрөөр хэлбэл цагаа нарийн тооцоол. Нэг зүйл дээр удаан гацах хэрэггүй. 
  • Бодолд орж ирсэн бүх зүйлээ буулгах хэрэггүй. Бодол доторхоо цэгцэл. Дараа нь оновчтой гэснийг нь буулга.
  • Эсээ бичихдээ нэг бичсэн санаагаа дахин давтаж бичих хэрэггүй.
  • Бичиж эхлэхээсээ өмнө аль цогцолборт юуны тухай бичих вэ? гэдгээ төлөвлө.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: www.Ieltslearningtips.com

#IELTS #Writing #Success