"Би их нийтэч, аливаа зүйлд их амархан дасан зохицдог л доо. Даанч..."


Сондор | YOLO.MN
2016-07-25

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би зуслан дээр найзтай болж чадахгүй байна

Би ахынхаа  зуслан дээр очоод  үеэлээсээ өөр хүүхэдтэй харьцаж чадахгүй байх юм. Уг нь би их нийтэч, аливаа зүйлд их амархан дасан зохицдог л доо.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Намайг Н гэдэг би 14 настай. Би ахынхаа  зуслан дээр очоод  үеэлээсээ өөр хүүхэдтэй харьцаж чадахгүй байх юм. Уг нь би их нийтэч, аливаа зүйлд их амархан дасан зохицдог л доо. Энэ жил би 8 дугаар ангид орно. Зусланд ихэвчлэн 9, 10 дугаар ангид орох хүүхдүүд байдаг. Ихэнх нь эрэгтэй. Бас би сагс, хөлбөмбөг гээд спортод их дуртай. Даанч тоглохдоо муу. Багаар хуваагдахаар дандаа сэлгээнд суудаг. Нэг бол жаахан тоглож байхад л “хүнээ соль” гээд сэлгээнд суулгачихна. Эхний долоо хоног “за яахав намайг сайн танихгүй бас би арай сураагүй болохоор гээд л өнгөрөөдөг байсан. Одоо бол үнэхээр шантарч байна. Яах вэ надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Асуудал үүссэн бол заавал бусдаас асууж зөвлөлдөж байгаарай

Насаар дүү хүүхдүүдийг тоохгүй байх, бүлэгтээ оруулах хүсэлгүй байх зэрэг нь өсвөр насныханд элбэг үзэгдэл гэдгийг сайтар анхаарч, асуудал чамд зөвхөн байгаа юм биш шүү гэдгийг анхаараарай.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Чамд тулгараад байгаа асуудал ихэнх сургуулийн насныханд тохиолддог. Өөрөөр хэлбэл насаар дүү хүүхдүүдийг тоохгүй байх, бүлэгтээ оруулах хүсэлгүй байх зэрэг нь өсвөр насныханд элбэг үзэгдэл гэдгийг сайтар анхаарч, асуудал чамд зөвхөн байгаа юм биш шүү гэдгийг анхаараарай. Энэ насанд өөрөөсөө нэг л анги дүү байхад тоохгүй байх, дүү гэж голох гээд асуудлууд их гардаг. Чиний ч хувьд ялгаагүй 12 настай хүүхэдтэй найзархана гэдэг хүндрэлтэй л санагдах болно. Гэхдээ ингээд л буугаад өгөх хэрэггүй, яагаад хүүхдүүд надтай ингэж харилцаад байна вэ гэдгийг үеэлээсээ асуу, өөрийнхөө санаа зовж байгаагаа болон хүүхдүүдэд гадуурхагдаад байгаа бодлоо гаргаж ярилц, мөн тэдний гаргаад байгаа хандлагыг ажиглаад ямар асуудал үүсээд байна вэ гэдгийг тунгаан бод. Ингэж олон талаас нь харьцуулж харж, бусдын санаа бодлыг сонсохгүйгээр өөрийгөө хэт шүүмжлэх нь өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдалд асар хортойгоор нөлөөлнө шүү. Асуудал үүссэн бол заавал бусдаас асууж зөвлөлдөж байгаарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Мэргэжил #Найз #Ганцаардал #Хайр дурлал