Зүссэн төдий хэмээн шархаа тоохгүй байж болохгүй


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-04-15

Хоол хийж байгаад гараа зүсэх, бүдэрч унах, нохойд хазуулж, мууранд маажуулах зэрэг санаандгүйгээр хөнгөн бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Тэгвэл тэдгээр тохиолдолд өөртөө болон өрөөлд хэрхэн зөв анхны тусламж үзүүлэх талаар бяцхан зөвлөмж хүргэж байна.

Шарх – Зүсэх, урах, хатгах, хазах, огтлох зэрэг янз бүрийн шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж бүтэн байдлаа алдахыг хэлнэ.

Шархны хэлбэрүүд

  • Өнгөц – зөвхөн арьс, салст бүрхэвчийг хамарсан
  • Гүн – булчин шөрмөс, яс хүртэл гэмтсэн
  • Нэвтэрсэн – биеийн аль нэг хөндий рүү нэвтэрч орсон

Шинж тэмдэг

  • Арьс салстын бүтэн байдал алдагдсан байна
  • Цус шүүрэх буюу цус алдана
  • Шархны орчим ямар нэгэн хэмжээгээр хавдаж, өвдөнө
  • Шархадсан эрхтний үйл ажиллагаа алдагдана.

Шарх хүндрэх нь

  • Анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн
  • Шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх
  • Шархны хэмжээ
  • Биеийн хаана үүссэн
  • Хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч шарх хүндэрч болно.

Анхны тусламж үзүүлэх

  1. Эхлээд гараа заавал угаана
  2. Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резин бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй бол түүнийг орлуулж гялгар уут өмсөж болно
  3. Шархтай хүнээ тайвшруулж тусалж чадна гэдгээ ойлгуул
  4. Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа. Халдваргүйжүүлэх уусмал байвал арчиж болно. Шаардлагатай тохиолдолд спирт хэрэглэж болно.
  5. Шархан дээрээ ариун бинт эсвэл даавуун жийргэвч тавина
  6. Боолт хийнэ

АНХААР!!!

  • Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд
  • Шархан дээр элдэв тос, антибиотик зэрэг эм түрхэж болохгүй
  • Шарханд гаднын биет зоогдсон бол авах оролдлого бүү хий
  • Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

#FirstAid