А.Лхамсүрэн: Хүн хүнээрээ дутаагүй цагт бүх зүйл болно


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-08-20

Асар их тэвчээр, хөдөлмөр хоёрыг хослуулна гэдэг гайхалтай. Хөдөлмөрч чанарын оргил гэж байдаг түүнд А.Лхамсүрэн бараг хүрчихсэн гэж хэлмээр санагдаж билээ. Залуу үеийнхний төлөөл болсон А.Лхамсүрэнтэй түүний өдийг хүртэл даван туулсан зүйлс, бодол сэтгэлийн талаар яриа өрнүүллээ.

YOLOИх дээд сургуульд ороод семестр өнгөрлөө. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Бодож байснаас хамаагүй дээр байгаа. Анх барилга байшин дотроо яаж явахаас авахуулаад санаа зовох зүйл их байсан. MIU дээд сургууль маань харьцангуй жижигхэн болохоор амар байгаа /инээв/. Яг орж ирээд багш нартайгаа харилцаад, хүмүүстэй харьцаад ирэхээр амар болсон.

YOLOMIU дээд сургуулийн бүх хичээл нь англи хэл дээр явдаг шүү дээ. Чи ер нь анх англи хэлийг яаж сурч байв?

-Анх сумандаа л ЕБС-ын дагуу л сурч байсан.

YOLO116-р сургуульд англи хэлийг сурч байв уу?

-Хичээл ер нь бол ордог. Дан ганц харааны бэрхшээлтэй хүүхэд биш, өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч байдаг. Үүнээс хамаараад яг гүнзгийрүүлээд сурах боломж байдаггүй.

YOLOХүүхэд болгон л сурах эрхтэй. Юм болгон хоёр талтай байдаг шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусад нь өөр сургуульд сургах нь зөв гэж боддог уу?

-Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль гэдэг нэртэй байсан. Харин өнгөрсөн жилээс ЕБС болсон. Ер нь бол нэрээрээ хүртэл тусгаарлагдсан байлаа. Би 10-р анги хүртлээ сумынхаа ЕБС-д сурдаг байсан. Өөрийгөө бусдаас өөр гэж бодож байгаагүй. Хэдий хүн намайг дооглож, шоглож байсан ч би дотроо адилхан л хүн гэж боддог байсан. Яалт ч үгүй хараа бүр муудаад 116-д ирэх үед нийгмийн ямар ч өнцгөөс харааны бэрхшээлтэй хүн гэж мэдрэгддэг болчихдог юм байна лээ. Хэрвээ үнэхээр тусгай сургууль гэж нэрлэх байсан юм бол анхнаасаа бүх зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан стандартын дагуу байхгүй яав даа ч гэж боддог  байсан. Тэгэхгүй нэг жижигхэн байшинд тусгаарлаад л...

YOLOЭнэ талаар илүү тодруулбал?

-Анги дүүргэлт найман хүүхэд байдаг. Тийм болохоор багш нар ч бас цөөхөн. Яахав миний бодлоор тэнд багш нарын хувьд ажлын байрны өрсөлдөөн гэж байдаггүй юм шиг санагдсан. Магадгүй багш нар өрсөлдөөд ороод ирэх юм бол сургалтын чанар ч сайжрах байх. Багш нарын хувьд хэрхэн яаж харааны бэрхшээлтэй хүнтэй харьцах ойлголтгүй хүмүүс ирдэг юм шигээ. Ядаж наад зах нь баррель үсэг /хуруугаар тэмтэрч уншдаг цагаан толгой/ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол  андуурал их гардаг.

Нэг шинэ багш “жоохон чимээгүй дарж болохгүй юу?” гэж хэлж байсан. Яах арга байхгүй тогшиж байгаа юм чинь чимээ гардаг. Багш нарыг туршлагажиж байх үед сурч байгаа хүүхдүүдэд хохиролтой байдаг. 

YOLOБусад сурагчид үүнийг хэрхэн хүлээж авдаг байв? Арга хэмжээ авч байв уу?

-Хүүхдүүд ийш тийшээ өргөх бичиг өгч, хүмүүстэй уулздаг л байсан. Зовлон бэрхшээлээ ярихаас илүү гарах гаргалгааг нь бас хамт хэлж байлаа. Шийдэгдсэн ч юм байна, шийдэгдээгүй ч юм бас байгаа.

YOLOХичээлээ хэрхэн яаж хийдэг вэ?

-Баррелиар бичихэд цаг их ордог. Бас энэ сургуулийн материал баррелиар байх уу, үгүй юу гэдэг асуудалтай. Ер нь бол байнга нөүтбүүк ашигладаг. Бүх зүйлээ сонсдог программ руу хувиргаад л  болно. Зураг, график гэх мэт зүйлсийг уншихад хэцүү ч бусдаар бол бичвэрийг бол сонсоод л болчихно. Номоо скайнардуулаад л файл болгочихно. 12-р ангид байхад хараагүй нэг багш маань “Та нар энгийн хүмүүстэй зэрэгцэхийн тулд  3 дахин илүү хичээх хэрэгтэй болно” гэж захисан. Би бусдаас илүү гарна гэхээс илүүтэй хийх ёстой юмаа хийгээд  л явна гэж боддог.

YOLOИлтгэл тавих үе мэдээж маш олон тохиолдоно, тэр бүх үед чи бүгдийг цээжилдэг гэсэн үг үү?

-Гол агуулгаа  ойлгоод л ярьчихдаг.

YOLOЮунд сонирхолтой вэ? Нууц авьяас бий юу?

-Би бусад хүмүүстэй л ижилхэн ном унших маш их дуртай.  Асуудлыг мартахад ч гэх юм уу ном ер нь их тусалдаг даа.

Буцаад хараа орох юмсан ч гэж хүсддэггүй. Харин надад тусалж дэмжиж явсан бүх хүмүүсийгээ л эрүүл энх л байгаасай гэж хүсдэг.

YOLOТэгвэл өдий зэрэгт хүрэхэд юу чамд түлхэц өгч байв?

-Мэдээж миний гэр бүл. 7-р ангиас хойш хараа муудсан. Үүнийгээ мэддэг байсан мөртлөө арга хэмжээ аваагүй. Дандаа л ширээний гэрэл, тоононы гэрэл гээд ашигладаг болчихсон байсан. Ингэж явсаар 9-р ангидаа уншиж, бичиж чадахаа болсон. Тэр үед гэрийнхэн минь уншиж өгдөг, бүр болохгүй бол гар барьж байгаад зурж үзүүлдэг байсан. Хэн ч намайг чадахгүй бол больчих гэж хэлж байгаагүй. Тэр үед Баянхонгор аймагтаа сурдаг байсан. Багш нарын туслалцаа бас маш их байсан. Манай математикийн багш бүр маркераар зургийн дэвтэр дээр бичүүлж бодуулдаг байсан. Англи хэлний багш маань хичээлийн бус цагаар зөвхөн надад зориулж сиди хөгжим бүх юмаа үлдээдэг байсан. Их баярлаж явдаг даа. Би хэзээ ч харааны бэрхшээлтэй гэдэгтээ гутарч байгаагүй. Буцаад хараа орох юмсан ч гэж хүсддэггүй. Харин надад тусалж дэмжиж явсан бүх хүмүүсийгээ л эрүүл энх л байгаасай гэж хүсдэг.

YOLOБурхан нэгийг нь авсан ч нөгөөхийг нь илүү өгдөг гэж боддог.

-Хүн хаана ч, юугаар ч дутаж байж болно. Гэхдээ хүн хүнээрээ дутахгүй байгаа цагт бүх зүйл болно. Хүн л хүнийхээ сэтгэлийг дүүргэж чаддаг.

YOLOЭерэг гэхэд ч багадам үнэхээр сайхан бодол энергитэй юмаа. Эерэг хандлагаа яаж бий болгодог вэ?

-Би нэг тийм судалгаа сонсож байсан. Дэлхий дээрх хүн амын 99% нь ямарваа нэгэн байдлаар үхэх тухай боддог. Би хэзээ ч үхэх талаар бодож байгаагүй. Заримдаа яах гэж төрсөн тухайгаа боддог байсан. Хариултыг нь хэн нэгэн хэлээд өгчихвөл утгагүй шүү дээ. Хүн л юм чинь хаяа сэтгэлээр унах үе байна. Тэмцээндээ ороод медаль авчхаад баярлаад тэр үед яг тэмдэглэл бичих хүсэл төрж байсан. Тэгээд 11-р сарын 12-ноос эхлээд тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Яг л хүнд хэлэхийг хүссэн юмаа хэлчихсэн юм шиг мэдрэмж төрдөг юм байна лээ. Тийм ч учраас дандаа эерэг сайхан юм боддог. Ядаж л ээж аавыгаа үргэлж 40 настай хэвээр нь дүү нараа жаахан байх үеийнхээр нь төсөөлнө гэсэн үг шүү дээ.  

YOLOТэмцээний талаар сонин сайхнаас хуваалцаач?

-Ази, Номхон Далайн бүсийн орнуудын дунд болдог хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн IT-гийн /мэдээллийн технологийн/ тэмцээнд багаараа оролцоод гурван медаль авчирсан. Надаас гадна сонсголын бэрхшээлтэй, саажилттай мөн тулах хөдөлгөөний бэрхшээлтэй гээд нийт дөрвөн хүнтэй нэг баг бүрдсэн.  

YOLOЧиний төсөөлөх чадвар хэр вэ?

-Би хүссэн юмаа харж чаддаг. Шууд төсөөлөөд л. Ээжийгээ бодох юм бол ээжийнхээ хамгийн гоё зургийг ч юм уу шууд төсөөлдөг. Шөнө болохоор бүр яг зурагт үзэж байгаа юм шиг л төсөөлнө шүү дээ. /инээв/ 

Би тэнгэр харах их дуртай байсан. Заримдаа яагаад оддыг харж байгаагүй юм бол доо гээд харамсах сэтгэл төрдөг. Сүүлд хагалгаанд ороод гараад ирсний дараа тэнгэр зүүдэлсэн. Тэр үед нар шингэх үеийн тэнгэр төсөөлөгдсөн. Одоо ер нь бол тэнгэрийг яг тэр үед зүүдэнд орж байснаар л төсөөлдөг. Гэхдээ ямар нэгэн зүйлсийг сүүлд харж байсан үеийнхээрээ биш өөрийнхөө төсөөллөөрөө л бодож явдаг.

YOLOБага байхад дунд ангид байхад хүүхдүүдийн харьцаа хэр байв?

-Хараа муутай байсан болохоор 1, 2-р ангид сураагүй. Яг 3-р ангид орох жил дүү маань сургуульд орох болоод тэгээд л би бас сургуульд орсон. 4-р ангид байхад найзтайгаа хамт явж байсан чинь нэг эрэгтэй хүүхэд сохор гээд шоолж байсан. Тэр үед хажуугаар нь инээгээд л зөрж байлаа. Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү, юу ч бодож санадаггүй байсан. Жил ирэх тусам хараа муудаад, таньдаг байсан хүмүүстэйгээ хүртэл харьцахгүй болохоор хөндийрдөг юм байна лээ. Тэгээд жижигхэн зүйлээс хүртэл эмзэглэдэг болчихсон байсан. Одоо бол харьцангуй хүүхэд зантай болчихсон /инээв/.

YOLOИрээдүйн зорилгоосоо хуваалцаач?

-Хараа бүр муудахаас өмнө прокурор болно доо гэж боддог байсан. Харин одоо бол надтай ижилхэн хараагүй хүмүүст л хүрч ажиллана даа.

YOLOМанай уншигчдад өөрийнхөө зүгээс урмын үг өгнө үү.  

-Хайртай хүнээ алдсан ч, хүнд хаягдсан ч битгий бууж өгөөрэй. Тэнгэр нурж байсан ч гарах нүх үлддэг шүү. Өдийг хүртэл хамт байсан хүмүүсээ бодоод хэзээ ч битгий шантраарай.

YOLOИрээдүй чинь гэрэл гэгээгээр дүүрэн байна охин минь. Чамд маш том амжилтыг хүсье.

#Хичээл_Зүтгэл