Хүчирхийлэлтэй видео тоглоом хүмүүст хэрхэн нөлөөлж буйг судалжээ


М.Тэнгис | YOLO.MN
2019-03-13

Хүйсийн сэтгэл судлалын өгүүллүүд хэвлэгддэг Sex Roles сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Хүчирхийлэл гардаг видео тоглоом хүмүүсийн сэтгэлзүйд ямар нөлөө үзүүлдэг талаар тус нийтлэлд бичсэн байна.

Буудалцаан, алан хядлага, хүчирхийлэл бүхий компьютер, видео тоглоомыг тогтмол, удаан хугацаанд тоглодог хүмүүс эр хүйсийн талаарх уламжлалт хандлагыг баримтлагч болох талтай аж. Уламжлалт хандлага гэдэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их эрсдэл үүрч байх ёстой, эрчүүд илүү эзэрхий түрэмгий байх ёстой гэх мэт жишээг дурдаж болно.

“1990 –ээд оны дундуур их сургуулиа төгссөнөөс хойш би хүчирхийлэл гардаг ном, зурагтын нэвтрүүлэг хүмүүст яаж нөлөөлдөг тухайг сонирхож эхэлсэн юм. Харин анхны судалгааны ажилдаа зурагтын нэвтрүүлэг, уран сайхны кинонд гарч буй цагдаа нарын дүрүүд үзэгчдийн эршүүд түрэмгий, эзэрхий зан төрхийг идэвхжүүлж байгааг илрүүлж байсан” хэмээн Массачусетсийн их сургуулийн профессор, тус судалгааны багийн ахлагч Эрика Шаррер хэлжээ.

Мөн тэрээр “Би 20 жилийн турш хүмүүс мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүйсийн ямар нэг зан төлөвийн илрэлийг сэтгэлзүйдээ далд маягаар өдөөдөг тухай судалсан. Харин энэ удаад видео тоглоомын нөлөөн дээр илүү анхаарч ажиллалаа. Ерөнхий эцсийн дүгнэлт гэвэл, хүйсийн тухай ойлголт тогтмол биш, харин бид өсч томрох явцдаа нийгмээс болон мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж өөрсдийн гэсэн хүйсийн тухай төсөөлөлтэй болдог”

Тус судалгаанд хүйс харгалзахгүй 18-25 насны нийт 246 хүнийг оролцуулжээ. Тэдэнд эхлээд энгийн видео тоглоомуудыг тоглуулсан агаад энэ үед оролцогчдын сэтгэлзүйд эршүүд зан авир илрээгүй аж. Харин хүчирхийлэл үйлддэг төрлийн тоглоомуудыг тоглуулсны дараа ажиглалт, асуулга явуулахад судалгаанд хамрагдагсдад эзэрхий, дарангуй, догшин сэтгэл хөдлөлтэй болсон байжээ.

Энэ нь судлаачдын үзэж буйгаар, хүчирхийлэл бүхий видео тоглоомууд хүний эршүүд, түрэмгий авирыг өдөөдөг агаад, цаашлан эр хүйсийн талаарх хуучны уламжлалт хандлагуудыг баримтлагч болгох магадлалтай гэнэ.

#Research #Хүчирхийлэл #Судалгаа