ЗАХИДАЛ: Багш тэрийг бүх хүүхдэд өргөөд үзүүлчихсэн


ССҮТөв | YOLO.MN
2019-02-11

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Багш тэрийг бүх хүүхдэд өргөөд үзүүлчихсэн

Би гэр бүл, сургуулийн хүрээлэлд том асуудалтай тулгарч байна. Юу вэ гэхээр би ангийнхандаа  нууцаар ялгаварлагдаад байгаа мэт санагддаг. Би их наргианч, бас их эршүүд, нэлээн тоглоом хийдэг л дээ. Үүнээсээ болоод хүүхдүүд намайг үл тоож, бас цаагуураа намайг муулдаг нь мэдэгддэг. Их наргианч болохоороо багшийгаа хүртэл уурлуулсан. Дараа нь би их харамссан. Бас дургүй хүргэсэн хүүхдэд _l_ ингэж зураад тавиад өгчихсөн юм. Яг тэгэхэд тэр хөвгүүн багшид өгчихсөн. Багш бүх хүүхдүүдэд тэрийг өргөж үзүүлсэн. Тэр үед намайг албаар ингэсэн юм шиг маш их гомдсон. Үүнийг зүгээр наргиа тоглоом болгож хийсэн болохоор маш уурлаж гомдсон. Өдөр болгон шахам би хэнд ч хэрэггүй, солиотой, юм бүхнийг алдаа гэж боддог. Тэгээд л уйлдаг. Өөрийгөө бас сэтгэлийн хаттай байх хэрэгтэй гэж тайвшруулдаг. Энэ нь тус болсон удаагүй. Миний энэ хийсэн хэргээс болоод багш намайг хүмүүжлийн доголдолтой гэж авч үзсэн. Бас өдөр болгон шилжих эсвэл бүр дор юм бодох болсон. Эцэг эх маань намайг ойлгож сонсдоггүй. Хүсдэг ч үгүй. Байнга юм бүхний буруу надаас болсон мэт надад уурладаг. Үнэхээр яах учраа олохгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгнийг гомдоохгүйгээр наргиж сурвал жинхэнэ наргианч хүн болно

Сайн уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Чи их хөгжилтэй байх дуртай, наргианч хүүхэд хэдий ч энэ нь одоо асуудал үүсгээд байгаа юм байна гэж ойлголоо. Тоглоом наргиа хийж бололгүй яахав. Гэхдээ наргианы утга нь хэн нэгнийг доромжилсон, гутаасан, нэр хүндэд нь халдсан, заналхийлсэн шинжтэй бол энэ нь наргиа биш харин далд хэлбэрийн дээрэлхэлт болно. Ихэвчлэн наргиж байгаа хүн нь “хөгжилдөж байна” гэж ойлгож байхад наргианы бай болсон хүнд “дээрэлхүүлж байгаа” мэт мэдрэгддэг. Тэгэхээр цаашдаа хэн нэгнийг гомдоохгүйгээр наргиж сурвал жинхэнэ наргианч хүн болно.

Алдартай телевизийн шоу хөтлөгчид жишээ нь: Эллэний шоуны хөтлөгч Эллэн маш наргианч, нийгэмд буй олон асуудлыг наргианаараа шүүмжилдэг, гэхдээ агуулгыг нь сонсвол хэнийг ч шууд гомдоохооргүй байдаг. Энэ бол хүний зориуд хөгжүүлж болох нэгэн чадвар юм  шүү.

Дараагаар нь, одоо чамайг хэн ч сонсохгүй, ойлгохгүй байгаа мэт санагдаж байвал эхлээд энэ нь түр зуурын үзэгдэл гэдгийг өөртөө сануулаарай. Цаг хугацаа өнгөрөхөд бүх юмс өөрчлөгддөг шүү дээ. Хоёрт, хүн хэлэхээс нааш ойлгодоггүй гэдгээр аав ээждээ ямар нэг байдлаар чамд юу мэдрэгдэж байгааг, бас тэднээс чи яг юу хүсч байгаагаа тодорхой хэлээрэй. Мөн чамд туслах, чамайг ойлгож сонсох хүн хэзээд байна, хүсвэл Сэтгэл судлалын үндэсний төвд өөрийн биеэр ирж уулзаарай. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter