Хиймэл оюун ухааны доктор Ц.Түвшинтөртэй хийсэн ярилцлагаас хүүхэд залууст онцлон хүргэх 12 ишлэл


Yolo.mn сайт уншигч олон өсвөр насныхан болон залуустаа зориулж Герман улсын Карлсрүэгийн их сургуульд хиймэл оюун ухаан, логикийн салбарт докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн Ц.Түвшинтөрийг урьж ярилцсан билээ.

Бидний ярилцлага өнөө үед дэлхий нийтэд халуун сэдэв болоод буй хиймэл оюун ухааны хөгжил дэвшлийн тухай бөгөөд өдгөө ид хүчээ авч буй роботжилт, автоматжилт хүүхэд залуусын мэргэжил сонголтод хэрхэн нөлөөлж буйг ч хөндсөн юм. Мөн доктор Ц.Түвшинтөрийн бүтээгээд буй хүний суралцах үйл явцыг дэмжихэд чиглэсэн, хиймэл оюун ухааны алгоритм дээр суурилсан монголдоо анхдагч онлайн платформыг танилцуулсан билээ.

Ийнхүү доктор Ц.Түвшинтөртэй хийсэн ярилцлагаас өсвөр үе залууст онцлон хүргэх 12 ишлэлийг түүвэрлэн хүргэж байна.

1. Үйлчилгээний ихэнх ажлуудыг робот гүйцэтгэдэг болно. Монгол хүүхдүүд гадаадад оюутан болж, сурахынхаа хажуугаар пицца зөөгч хийгээд мөнгө олно гэвэл уучлаарай болж байгаа юм.

2. Одоо бол урлагийн салбарт хиймэл оюун ухаан хүнтэй өрсөлдөж чадахгүй гээд маргалдаад л байна. Энэ бол маргалдах асуудал огт биш, судлаад хийх л асуудал юм. Өнөөдөр зөвхөн судлагдаагүй байж болно.

3. “Тэр ч чухал л даа, гэхдээ бий болж байтал хол байх аа” гэсэн хандлага байдаг. Роботууд учиргүй гүйж ирээд тариад эхлэх нь хол ч, эмнэлэгт хэвтэж байгаа нөхцөлд тариаг  роботууд хийдэг болох нь ойлгомжтой болчихсон асуудал. Юу хол, юу ойрхон гэдгийг сайн ялган ойлгож, өөрөө ямар цаг хугацаанд оршиж байна вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

4. Хиймэл оюун ухаан бидний ирээдүйн амьдралд хүчтэй түрж орж ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй.

5. Дэлхийн эрдэмтэд хэнээр ч заалгалгүй хийх юмаа хийсээр байх болно. “Монголчууд өв соёлоо хамгаалж үлдэх гэж хичээж байгаа юм” гээд ажлаа удаашруулалгүй, хийсэн бүтээснээ шууд зах зээл дээр чөлөөтэй тавиад л яваад өгнө. Улмаар усанд автагдсан юм шиг маш их өөрчлөлтүүд гарна.

6. Хиймэл оюуны салбарт мэдлэгийн “map” буюу, мэдлэгийн огторгуй гэх ойлголт бий. Ямарваа нэгэн салбарын нэр томьёо, теорем, ухагдахуунууд бүгд огторгуй үүсгэн байж байдаг тухай. Түүнийг номон дээр буулгачихсаныг бид уншаад өөрийн гэсэн жижиг огторгуйг бий болгож байдаг.

7. Хүн ер нь телевиз үзсэн ч мэдлэг авч, суралцах үйлдэл явагдаж байдаг шүү дээ.

8. Сурагчид учир утгагүй олон цаг номын санд суух, олон бодлого бодохдоо гол биш, ямарваа нэгэн байдлаар энэ суралцах цаг бага байх нь зүйтэй.

9. Ямар ч өөр янзын хөтөлбөр, өөр багш нар байсан мэдлэг гэдэг маань ганц л ойлголт байгаа шүү дээ. Энэ дунд хувь хүн өөрийнхөө мэдлэг олж авах арга барилыг олж авах нь чухал.

10. Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо эцэг эхийн дуурайл, эсвэл гаднаас авч байгаа мэдээллүүд дээр л тулгуурлах хандлага ажиглагддаг. Хэрэв аав ээж, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь тухайн салбарын талаар мэдээлэл өгөхгүй бол тэр чиглэлээс хөндийрч хоцрох, эсвэл монголын их сургуулиудын санал болгож байгаа мэргэжлүүдэд баригдаад үлдэнэ.

11. Герман хүүхэд дунд сургуульдаа математикт муу байсан ч их дээд сургуульдаа математикаар сурч чадна гэсэн итгэлтэй байж, цаашид ч сураад явдаг. Харин манайд бол 10 жилд юунд сайн байсан түүгээрээ л цааш суралцдаг өөр зарчим үйлчилдэг.

12. Өөрөө их зүйл сурч, эрж хайж, гадаад хэлээ сайжруулж гадаад ертөнцөд юу болж байгааг сайн олж хар.

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу? 

#Technology,