Др. Ц.Түвшинтөр: ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ


Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Герман улсын Карлсрүэгийн технологийн их сургуульд хиймэл оюун ухаан, логикийн салбарт докторын зэрэг хамгаалсан Ц.Түвшинтөрийг урилаа. Тэрбээр шинэ мэдлэгийг хялбар аргаар түргэн хугацаанд сурч, түүнийгээ урт хугацаанд мартахгүй байхад чиглэсэн дэвшилтэт онлайн платформыг бүтээгээд буй. Хиймэл оюун ухааны алгоритм ашигласан тэрхүү монголдоо анхдагч платформын тухай болон өнөөдөр дэлхийд халуун сэдэв болоод буй хиймэл оюун ухааны тухай сэдвээр бид ярилцсан юм.

YOLOТанд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө таны шинээр зохион бүтээгээд буй онлайн платформын тухай сэдвээр ярилцлагаа эхэлье гэж бодож байна.

-“Knowledge Monster” гэдэг нэртэй хүний суралцах процессыг дэмжихэд чиглэсэн шинэ платформыг бид зах зээл дээр тавьж байгаа юм. Нэгдүгээрт хүний суралцах процессыг яаж дэмжих вэ, хүнд арга зүйн хувьд хэрхэн богино хугацаанд аливаа мэдлэгийг сургаж болох вэ, хоёрдугаарт урьд сурсан мэдлэгийг тархинд хэрхэн удаан тогтоон барих вэ гэдэг хоёр асуудал бий. Үүн дээр “Knowledge Monster” бол өөрийн онцлогтойгоор орж ирж, шийдэл болж танилцуулагдаж байна. Хүн уламжлалт маягаар бол эхлээд багшаар мэдлэгийг заалгаж, түүнийгээ шалгалт өгч үнэлүүлдэг. Харин тэр явцад шинээр сурснаа өөрөө дахин давтах үйл ажиллагаа хүн хүнд өөр. Тиймээс хүн үр дүнтэй, үр дүнгүй дурын байдлаар бэлдэх биш, хамгийн үр дүнтэй аргаар бэлдэх ийм үйл явцыг технологиор дамжуулж програм хангамжаар бий болгосон нь давуу тал юм.

Шалгалт өгөхдөө гол биш. Аливаа мэдлэгийг богино хугацаанд сурч, тогтоон барихад энэ платформ дэмжиж ажиллана гэсэн үг юм.

Платформ дээр бидний нэрлэж байгаа дасгал болон трэйнингийг янз бүрийн сонголтот хувилбараар хийж болох юм. Жишээлбэл асуултуудад хамгийн хүндээс нь эхэлж хариулах ч юм уу, эсвэл хамгийн хариулахад удаад байгаагаасаа эхэлж өөрийгөө чадваржуулна. Жишээ нь програм хангамж маань хамгийн хүнд, хамгийн удаад байгаа асуултуудыг тухайн хүнд олж өгч, түүгээр нь  илүү түлхүү дасгалжуулах маягаар хурдан хугацаанд сургахыг дэмжиж чадна гэсэн үг юм. Цаашлаад зарим асуултууд ижил төстэй, зарим асуултууд логикийн хувьд ижилхэн мэдлэгийг агуулдаг. Үүнийг бол хувь хүн анзаарч чаддаггүй, нэг бодлого байлаа гэхэд, утга, коэффициентыг нь өөрчилчихсөн мөртлөө бодох нэг аргыг л шалгаад байх нь бий. Тэгэхээр 1000 бодлого дунд хэдэн хувь нь ижил төстэй байгааг, эсвэл зөвхөн 150-ыг нь хариулаад сурчихсан байхад түүнээсээ гол мэдлэгээ аваад, үлдсэн 850-д нь хариулж чаддаг болох, тэдгээрийг суралцагч өөрөө мэдэх боломжгүй шүү дээ. Тийм учир програм хангамж дасгалжуулах явцдаа, хүний сурах процессыг ажиглаад, энэ бол энэ хүнд илүү хүнд юм байна, үүнийг сураагүй байгаа юм байна гэдэг зарчмаар тэр хүнд тохирсон сургалтын хөтөлбөрийг бий болгож авч байгаа юм. Тухайн хүн хэрвээ маргааш 9 цагт шалгалтад орох байлаа гэхэд тэр хүртэлх хугацаанд нь тохируулж дасгалжуулна. Хүн мэдээж хязгааргүй цаг хугацаанд юуг ч сурч болно. Гэхдээ амьдрал дээр тодорхой цаг хугацаанд баригдаж мэдлэгээ шалгуулах шаардлага гардаг. Ингээд програм хангамжийн удирдлага үүрэг гүйцэтгэн, хиймэл оюуны алгоритм ашиглаж, тэр хүний суралцах зан төлөвийг илрүүлээд, түүн дээр нь ухаалаг удирдлага хийнэ. Энэ бол богино хугацаанд сургана гэж байгаа гол санаа нь.

YOLOУг платформын ажиллах зарчмыг туршиж үзээгүй хүмүүст зориулж илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хэрэглээ талаасаа бол, хүмүүс үүнийг зүгээр л энгийн, уламжлалт байдлаар ашиглана. Жишээ нь англи хэлний шалгалт ч юм уу, жолооны курсийн шалгалтад бэлдэхдээ хэрэглэж болно. Тухайн хүнд олон сонголтот хариулттай асуулт өгөгдлөө гэхэд түүнээс зөв хариултыг нь өөрөө сонгодог тэр зарчмаар л  ашиглах юм. Харин програм хангамж цаана нь хүний удаад, чадахгүй байгаа асуултуудыг илрүүлээд, дараагийн дасгалууд дээр нь ухаалаг удирдлага хийж өгнө гэсэн үг.

YOLOИйм ижил төстэй платформууд дэлхийн бусад орнуудад хийгдсэн байдаг уу?

-Ер нь бол асуулт тавиад, боломжит хариултаас сонгож байгаа “multiple choice” гэсэн асуултын платформ бол угаас байдаг зүйл. Тэрийг дэмжсэн програм хангамж бол миний мэдэхийн 2000 оноос гарч эхэлсэн. Харин асуултыг дээр дурдсан шиг тухайн хүнд тохируулан ангилж хуваарилах, хүний чадаж эсвэл чадахгүй байгаа асуултыг нь хиймэл оюуны алгоритм ашиглаж удирдаж байгаа тэр хэсэг нь хараахан орж ирээгүй байсан юм. Алгоритм хэрэглээ өнөөдөр өдөр тутамд янз бүрийн салбарт орж ирж байгаатай нийцүүлээд, сургалтын платформууд шинэчлэгдэж, дараачийн хувилбарууд орж ирж байгаа. Тийм учраас энэ бол шинэлэг зүйл болно. Олон улсад ч гэсэн шинэ, гол халуун сэдэв болж байна. Олон платформууд гарч ирж өөрсдийн өнгө аясаар хоорондоо өрсөлдөж байна шүү дээ. Гол нь хүний суралцах, мэдлэг авч буй зан төлөвийг шинжилж байгаа алгоритм бол яг ийм байх ёстой гээд гаргачихсан зүйл хараахан байхгүй байгаа учраас энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, хиймэл оюун судлаач, програм хангамжийн хүмүүс өөрсдийнхөө замаар хөгжүүлээд явж байгаа. Бид ч бас энэ чиглэлийн мэргэжилтнүүд учраас өөрсдийн загвараар орж ирж байна.

YOLOХарин монгол орны хувьд анхдагч болж байгаа юм байна.

-Монголдоо бол цоо шинэ. Маш олон талаараа. Нэгдүгээрт, програм хангамжийн хувьд нэлээн цогц систем болно. Ямар ч багш манай систем дээр өөрийн салбарын асуултыг оруулж болно. Хэн ч хэдэн ч асуултуудыг оруулж тавьж болно. Жишээлбэл “дэлхийн хамгийн алдартай зургууд” гээд “quiz” маягийн асуултууд оруулаад түүнийгээ түгээлээ гэж бодъё. “Энэ зургийг хэн зурсан бэ?” ч юм уу асуулт асуугаад, доор нь 4 хүний нэр байх жишээтэй. Хүн тэр зургийг урьд харчихсан байдаг, зураачийнх нь нэрийг цээжлээгүй байж болно. Энэ тохиолдолд хичээл ном үзсэнийхээ дараа мэддэг болох биш, 20 зургийг харж хариулж алдаанаасаа суралцах маягаар мэдлэгийг тогтоож авна гэсэн үг.

Ингээд раунд нь ихсэх тусам эргэлзээ нь гараад зөв хариулт ихэснэ. 6 зөв хариултыг баталгаатай өгдөг болчихсон бол чадахгүй байгаа 14-ыг нь ойрхон давтамжтай өгөөд эхэлнэ. Тухайн хүн хүсээд мэдлэгээ дахин баталгаажуулъя гэвэл трэйнингээ дахин давтаж болно шүү дээ. Иймэрхүү байдлаар хүн юмыг давтан хийгээд байхаар тархи хүлээж авангуутаа хадгалаад авчхаж байгаа юм. Энэ бол энгийн ажиллах зарчмыг нь тайлбарлаж байгаа хэрэг.

Хүнд ба хөнгөн асуулт хариулт гэдэг маань хоёр талтай. Тэр хүн мэдлэгээ аваагүй байсан тохиолдолд хүнд байж болно. Эсвэл тэр бодлого угаасаа ихэнх хүний хувьд хүнд зохиогдсон, нарийн мэдлэг шаардсан байж болно. Харьцангуй ойлголт учраас үүнийг хиймэл оюуны алгоритмаар хувь хүн дээр өөр өөр хуваарилна гэсэн үг.

Анх санаа нь бол 2003 оны үед хиймэл оюуны хэрэглээг бий болгох янз бүрийн судалгааны ажил, хүрээлэнгүүд дээр дөнгөж эхэлж байлаа.

YOLOТанаас үүнийг яагаад анх хийх болсныг асууя гэж бодож байлаа.

-Бидэнд хиймэл оюун, алгоритмаар суралцаж байх явцад мэдээж янз бүрийн санаа бол орж ирдэг. Германы Зарбругэн хотын эрдэм шинжилгээний хурал хийж байхад нэг залуу өөрийнхөө дипломын ажлаар иймэрхүү зүйл хийж байгаа гээд явж байсан. Тэгээд ер нь энэ чиглэлээр явж болох юм байна гэсэн санаа 2003 оны үед төрсөн. Нөгөө талаар бидэнд амьдралын нөхцөл байдлаас урган гарсан янз бүрийн шаардлагууд учирдаг. Би их дээд сургуулиудад багшилж байхдаа шалгалт авна гэдэг хүч хөдөлмөр шаардсан ажил байдгийг ойлгосон. Бид шалгалтаа аваад л явчихна уу гэхээс хүүхдүүдээ бэлдүүлж дасгалжуулж чаддаггүй, асуултын хүнд хөнгөн тусч байгааг ялгаж чадахгүй тохиолдол байдаг. Эдгээрийн огтлолцол дээр бид уулзаж, асуудлуудыг шийдэхийн тулд үүнийг хийе хэмээн нэгдсэн юм.

СУРАЛЦАХ ЦАГ БАГА БАЙХ ЁСТОЙ

YOLOМэдлэгийг хурдан хугацаанд цээжлээд, удаан хугацаанд тархинд тогтоон барина гэхийг уншаад надад их сонирхолтой санагдаж байсан. Тархинд мэдлэгийг суулгаж байгаа зарчим нь яг юундаа байна вэ? Тархины ажиллах процесстой холбон тайлбарлавал?

-Би тархи судлалын хүн биш учраас нарийн мэдлэг бага байна.

Харин манай хиймэл оюуны салбар дээр мэдлэгийн “map” буюу, мэдлэгийн огторгуй гэх ойлголт бий. Ямарваа нэгэн математик юм уу, физикийн салбарын нэр томьёо, теорем, танин мэдэхүй, ухагдахуунууд бүгд огторгуй үүсгэн байж байдаг тухай юм. Бид тэр огторгуйн мэдлэгийг ном унших зарчмаар, номын шулуун өгүүлбэрүүдийг тархиндаа эргэцүүлж бодоод буцаагаад тэр огторгуйг өөртөө гаргаж авч байгаа гэсэн үг. Тухайн салбарын мэдлэг гэдэг нь өөрөө том огторгуй, түүнийг номон дээр буулгачихсаныг бид уншаад өөрийн гэсэн жижиг огторгуйг бий болгож байдаг, тэр нь бидний олж авсан мэдлэг юм. Өөрөөр хэлбэл, онолын хувьд бол миний олж авсан мэдлэг хэрвээ зөв бол тухайн салбарын мэдлэгийн тэр огторгуйн дэд хэсэг нь болж, дотор нь агуулагдаж, таарч чадаж байх ёстой гэсэн үг. 

Үүнийг алгоритмын түвшинд аваад үзвэл нөгөө асуултууд маань тэр огторгуйн нийцтэй эсэхийг шалгаад байгаа гэсэн үг. Нөгөө талаас мэдээж олон дахин давтаад хийхээр тархинд дасал болж тогтдог гэдэг тархи судлалын тогтсон ойлголт явж байгаа. Энэ мэдээж гол хөшүүрэг нь болж өгнө. Олон хүн үүнийг хэрэглэвэл дата үүснэ. Түүнээс бид үр дүнгийн харьцуулалт гаргаж ирэх боломжтой болно л доо. Мөн энэ платформоор тавьсан асуултуудыг суралцагчдад дараа нь уламжлалт хэлбэрээр, цаасаар өгөөд үзэж болно. Тэгээд суралцагчид өөрсдийн улаан ногоон фломастер ашигладаг аргаар нь суралцуулаад, аль нь үр дүнтэй байна гэдгийг харьцуулан судлах арга бас байж болох юм.

YOLOТа энэ платформоо туршиж, үр дүнгийн хэмжилт хийж үзсэн үү?

-Бид сургалт явуулдаг байгууллагуудад хандаад явж байна. Би өөрийнхөө логикийн хичээлд бол үүнийгээ ашиглаж байгаа. Сургалт дууссаны дараа бүх эцэг эхчүүдийг урьж авчирч байгаа юм. 5 өдрийн дараа эцэг эхчүүдэд хүүхдүүд нь яг юу сурсныг яг бодитоор үзүүлмээр байдаг юм. Платформоо ашиглаад, асуултад хариулж ахиж дэвшсэн график дүрслэлүүдээс эцэг эхчүүд хүүхдийнхээ юу сурсан, яаж ахисныг ганц дэлгэц үзүүлээд нэг секундэд хараад ойлгоод авч болно. Энэ талаараа давуу талтай гэдэг нь харагдана. Харин уламжлалт аргаар бол багш тайлбарлана, ярина, тэгээд л 5 авсан 4 авсан гээд л болоо.

YOLOСүүлийн үед ЕБС-ийн хөтөлбөрүүдэд ойр ойрхон өөрчлөлт орж, туршигдаж байгаа шүү дээ. Сурагчид өөрсдөө ямар арга барилаар суралцах хэрэгтэй юм бэ?

-Хүн гадаад оронд докторын зэрэг хүртлээ суралцаж, олон орны эрдэмтэдтэй хамтарч, олон төслүүд дээр ажиллаад ирэхэд, мэдлэг гэдэг чинь өөрөө юу юм бэ гэсэн ойлголтыг авдаг. Ямар ч өөр янзын хөтөлбөр, өөр багш нар байсан мэдлэг гэдэг маань ганц л ойлголт байгаа шүү дээ. Энэ дунд хувь хүн өөрийнхөө мэдлэг олж авах арга барилыг олж авах хэрэгтэй. ЕБС-ийн хөтөлбөрүүд бол нийт хүүхдүүдийг сургах гэсэн макростратеги шүү дээ.

Сурагчид учир утгагүй олон цаг номын санд суух биш, олон бодлого бодох биш, ямар нэгэн байдлаар энэ суралцах цаг бага байх ёстой. Хүүхдүүдийн сурах цагийг яаж богиносгох вэ гэсэн санаа бас энэхүү платформыг хийхэд түлхэц болж өгсөн.

YOLOТа Германд 15 жил суралцаж, ажиллаж амьдарсан гэлээ. Тус орны сургалтын арга барилын онцлогийг Монгол оронтой харьцуулан ярьж сонирхуулаач?

-Хэд хэдэн түвшин дээр ялгаанууд байна. Наад зах нь философийн хувьд Герман хүүхэд 10 жилдээ, жишээ нь математикт муу байсан ч их дээд сургуульдаа математикаар сурч чадна гэсэн итгэлтэй, сураад явж байдаг. Харин манайд бол 10 жилд юунд сайн байсан түүгээрээ л цааш суралцдаг ийм өөр зарчим яваад байдаг. Цаашлаад мэдээж сурах арга барилуудын ялгаа байна л даа. Ном их сайтай байдаг. Номыг бичихдээ номын хуудсыг их болгоё гэж, яг хэрэгтэй зүйлийг нь сорчилж, шинэ шинэлэг зүйлсийг шахаж бичдэг. Ном бичдэг хүмүүс нь багш гэдэг хүрээнээсээ халиад эрдэмтэн гэдэг статуст орчихсон байдаг. Сайн ном гарна гэдэг бол сайн сурагч төрөхийн эхлэл. Манайд бол багш нар ихэвчлэн ном бичээд байна. Тэгээд танхимын сургалтын ялгаа байна. Тэнд бол маш чөлөөтэй, биеэ даасан байдалтай, ямар ч ойлгохгүй зүйл байсан яг энэ цаг мөчид л асууж ойлгож авахгүй бол дараа нь номын санд олон цаг сууж өөрөө ойлгох шаардлагатай болно гээд чөлөөтэй асуугаад ойлгоод явдаг. Манайхан бол асуух байсан ч асууж чадахгүй хичээлийн цагийн дуусгах нь олонтаа.

12 НАСТАЙ ЭНЭТХЭГ ХҮҮГИЙН АМЖИЛТЫГ БИД ХЭДЭН ЖИЛЭЭР АХИУЛЖ ЧАДСАН

YOLOЭнэ платформ нь ЕБС-ийн сурагчдад ямар давуу талыг авчрах вэ?

-Одоо 10 жилийн хүүхдүүд маш их завгүй болчхоод байна шүү дээ. Чөлөөт цагаа янз бүрийн зүйлд өнгөрүүлмээр байдаг. Тийм болохоор энэ балансыг тэнцвэржүүлж, сурах процессыг нь хурдасгах зорилгыг бид агуулсан. Хүн ер нь телевиз үзсэн ч мэдлэг авч, суралцах үйлдэл явагдаж л байдаг шүү дээ. Цааш цаашид дараа дараачийн хувилбаруудад нарийн чухал шинэчлэл хийгдэх боломж бий.

 Нэгдүгээр ангиас нь эхлээд цагаан толгойн үсэг, хүрд цээжлэх, цаашлаад зөв бичих дүрмүүдийг асуулт болгож платформ руу нэвтрүүлэх гэх мэт байх боломжтой. Бид маш их сорилуудыг хийж үзсэн. 10 жилд бүх шалгалтуудыг оруулж чадахгүй ч, багш нартай хамтарч ажиллаад нийт дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд хүүхдүүдийн суралцах процессын үзүүлэлтүүдийг гаргаж ирэх боломжтой. Үнэ цэн нь энд оршиж байгаа юм.

YOLOБагш нарын мэргэжлийг хиймэл оюун ухаан орлох боллоо гэдэг. Ийм платформ хийгдэж байгаа нь тэр ирээдүй рүү ойртож яваагийн илрэл гэж хэлж болох уу?

-Ер нь бол асуултад хариулах зарчмаар мэдлэг олгоё гэж байгаа нь яг үүний л нэг урсгал юм. 300 хуудастай номыг 300 асуултаар орлуулах. 300 хуудас ном бичихээс илүү 300 сайн асуулт зохиох дээр илүү тулгуурлах. Хэрвээ суралцагч тэр 300 асуултыг хаанаас нь ч асуусан зөв хариулдаг болчихвол тэр номыг уншсантай адил тэр мэдлэгийг авчихсан байна аа гэсэн үг. Сурах үйлийг энэ асуулт хариултын платформоор бүрэн орлуулчихна гэсэн ойлголт бол бас биш.

YOLOМэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбар манай монгол оронд хэр танил болсон байна вэ? Энэ салбар цаашид монгол орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах бол?

-Өнгөрсөн онд хувийн болон төрийн өмчийн ЕБС-уудаас нийт 52 хүүхдэд хиймэл оюуны анхан шатны мэдлэг олгох сургалт явууллаа л даа. 12 настай нэг энэтхэг хүүхэд дэлхийд тэргүүлэх оюуны чадвартай байна гэсэн нэг мэдээ байсан. Монгол хүүхдүүд тэр хэмжээнд очиж, давж мэдээж чадна, гагцхүү яаж ойлгуулах, сургах асуудал. Тийм учраас зориглоод нэг тийм сургалт явуулж үзсэн юм. Ингээд дунд, ахлах гэсэн хоёр бүлэгт хуваагаад орсон. Логарифм сургуулийн 5-р ангид сурдаг Ананд гэдэг хүүхэд маш сэргэлэн толгойтой байж чадсан. Тэр 12 настай энэтхэг хүүгийн амжилтыг бид хэдэн жилээр ахиулж чадсан гэж болно. Ер нь багш нар их мэдрэмжтэй, зөв арга барилаар явж чадвал хүүхдүүд бол юуг ч хүлээж авч, сурахад бэлэн, бололцоотой байна. Хиймэл оюун сонирхож суралцах хүсэлтэй хэдэн мянган монгол хүүхдээс 52 нь л тэнд орж ирсэн байгаа шүү дээ.

Сувилагч, эмч, багш, цагдаа гэх мэт мэргэжлүүд хиймэл оюун ухааны технологиор орлогдож устахад хүрнэ гэсэн тооцоо явж байгаа. Ингээд гол гол суурь мэргэжлүүд алга болж эхэлж байна. Олон улсад өрсөлдөх чадваргүй мэргэжил эзэмшчихвэл ажлын байр олдохгүй хэцүүдэх хандлага ирж болно. Олонх үйлчилгээний ажлуудыг робот гүйцэтгэх боломжтой. Монгол хүүхдүүд гадаадад оюутан болж сурахынхаа хажуугаар пицца зөөгч хийгээд мөнгө олно гэвэл уучлаарай болж байгаа юм. 

YOLOМэргэжил сонголттой яах аргагүй холбогдож байна

 Хүн мэргэжлээ сонгохдоо эцэг эхийн дуурайл ч юм уу, гаднаас авч байгаа мэдээллүүд дээр л тулгуурлаж байгаа хандлага ажиглагдаж байгаа юм. Хэрэв аав ээж, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хиймэл оюуны мэдээлэл өгөхгүй бол тэр чиглэлээс хөндийрч хоцрох, эсвэл монголын их сургуулиудын санал болгож байгаа мэргэжлүүдэд баригдаад үлдэх нь ирээдүйд төөрөгдөл авчирч байгаа юм. Гэтэл дэлхийд 10 жилийн дараа тэр сувилагч, нягтлан бодогч мэргэжлүүд аль хэзээ алга болчих төлөвт бат орчихсон байгаа. Тэгэхээр энэ судалгаануудын ялгаа заагийг хүүхдүүд сайн харж ойлгож хүсэл мөрөөдлөө тодорхой болгохгүй бол ирээдүйд алдана.

YOLOРоботууд, хиймэл оюун ухааны технологиуд ирээдүйд ийнхүү хүчээ авахын цаад философийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг вэ?

-Угаасаа дэлхийн хөгжил, дэлхийн эрдэмтэд хэнээр ч заалгахгүй хийх юмаа хийгээд цааш үргэлжилсээр байна. Монголчууд хөгжлөөр арай хойно явж байгаа болохоор жаахан аажуухан явцгаая гэж болохгүй. Эрдэм шинжилгээний ажлаа цаг минуттай уралдаад л хийж яваа шүү дээ. Тэр хурдаас хамаараад дэлхийн хөгжил урагш чөлөөтэй явна. Миний үед бол европын холбооны улсуудын төсөл дотор дуу авиаг хэрхэн текст болгох вэ гэдэг дээр их мөнгө тавиад явж байсныг жишээ татаж болж байна. Магадгүй текстийг буцаагаад дуу авиа болгох гэх мэтээр, ингээд л цикл маягаар дэлхийн хөгжил урагшилна. Тийм учраас дэлхийн том улсуудын хооронд өрсөлдөөн бий болно. Өмнө нь бол улс орнууд физикийг илүү хөгжүүлж өрсөлдөж байсан бол одоо өгөгдлийг анализ хийх, хүчирхэг алгоритмыг хэн ямар улсууд зохиож чадаж байна гэдэг дээр хүчээ хаяна. Ингээд автоматажсан үйлчилгээний роботууд, технологиуд гарч эхэлнэ. Google компани одоо хүссэн номоосоо дуртай юмаа асуу гэж байна шүү дээ. Монголоор асуунгуут англиар хөрвүүлээд холбогдох англи номууд дундаас хайж хариултыг нь олоод буцаагаад монголоор хариулт өгөх нь байна шүү дээ. Монгол хэл рүү ном орчуулах шаардлагагүй болох онолын хувьд боломж бий болох нь. Дэлхийн эрдэмтэд монголчууд өв соёлоо хамгаалж үлдэх гэж хичээж байгаа юм гээд ажлаа удаашруулалгүй, хийсэн бүтээснээ шууд зах зээл дээр чөлөөтэй тавиад тавиад л яваад өгнө. Тэр дунд л өөрсдийн дархлаагаа хадгалан үлдэх нь л чухал болно. Улмаар усанд автагдсан юм шиг маш их өөрчлөлтүүд гарах болно. Мэдээж онолын хувьд боломжгүй зүйлс зөндөө байгаа.

YOLOЖишээ нь?

-Робот үнэхээр харж чадах уу, үгүй юу гэдэг асуудал байна. Фэйсбүүк дээр зургийг харж таниад “таг” хийдэг бол маш энгийн тохиолдол дээр ажиллаж байгаа хэрэг. Хязгааргүй тохиолдол дээр роботод бүрэн дүүрэн хардаг системтэй болох боломжгүй гэж үзэж байгаа. Ингээд робот өөрөө хязгаарлагдаад ирнэ гэсэн үг. Түүнтэй адил энэ олон мянган дуу авиа, олон янзын хэл, тэр дундаа олон янзын аялга дуудлагууд дотроос робот ялгаж сонсч ойлгох боломж бас онолын хувьд байхгүй. Тэглээ гээд дэлхий одоо автоматжуулалтаас ухрахаасаа өнгөрсөн. Үнэхээр мэдээж эрсдэл бол хаана ч бий. Буруу программчлал гэх мэтээс болоод роботууд хүн төрөлхтөнд хор нөлөөтэй үйлдэл хийхийг үгүйсгэхгүй. Санаатайгаар тэр удирдлагыг тэгж хийгээгүй л бол айж санаа зовоод байхаар зүйл одоогоор байхгүй гэж би хэлнэ.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, КОМПЬЮТЕРИЙН УХААН, ТЭР ДОТРОО ХИЙМЭЛ ОЮУН УХААН ЗЭРГИЙН ЯЛГААГ САЙН МЭДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

YOLOМэргэжил сонголт болон хиймэл оюуны чиглэлийг холбож, мэргэжлийн тогтсон сонголтууд дотор шинэлэг уур амьсгал оруулбал?

-Тооцоолон бодох алгоритм хүнээс илүү найдвартай, бас хурдтай бодох учир эдийн засагч мэргэжил жишээ нь ойрын ирээдүйд устана гэдэг дээр дэлхийн эрдэмтэд тогтчихсон байгаа шүү дээ.  Дээд албан тушаалууд хүртэл өртөөд эхэлж байгаа юм. Одоо бол дээд албан тушаалууд их чухал байна ш дээ.

За цаашлаад хүний авьяас, мэдрэмжийн асуудлууд байна. Дуу, шүлэг зохиох гээх нэлээн гүн орно доо. Одоо бол урлагийн салбарт хиймэл оюун ухаан хүнтэй өрсөлдөж чадахгүй гээд маргалдаад л байна. Энэ бол маргалдах асуудал огт биш, судлаад хийх л асуудал юм. Өнөөдөр зөвхөн судлагдаагүй байж болно. Би бол энэ дээр бол итгэл төгс хардаг. Хүнийг ч үгүйсгэхгүй, роботыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл нөгөө талд нөгөө роботыг маань хүн бүтээгээд байна шүү дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө тархийг тэр роботын тусламжтай хурдан ажиллуулдаг ч юм уу, роботынхоо тусламжтай хувь хүн Моцартаас илүү хөгжим зохиодог л болчих байхгүй юу. Ер нь бол хязгаар маш өргөн байна. Хязгаарыг нь бид төсөөлж ч чадахгүй.

YOLOМэдээллийн технологи ба хиймэл оюун ухааны ялгааг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

Мэдээллийн технологи (Information Technology) нь инженерингийн салбар юм. Компьютерийн ухаан (Computer Science) гэж бид ярьдаг нь, алгоритм зохиодог алгоритмын шинжлэх ухаан. Харин энэ компьютерийн ухааны нэг судлагдахуунд хиймэл оюун ухаан (Artificial Intelligence) багтдаг. Хүний оюун ухаанд болж байгаа оюуны процессийг яаж тооцоолон бодох алхамд шилжүүлэн алгоримт гаргаж авах вэ гэсэн шийдэл байхгүй юу. Энэ онол дээр тулгуурлан инженеринг хийн бүтээгдэхүүн гаргах нь мэдээллийн технологи болно.

Одоо ч гэсэн роботууд хүнээс илүү ажиллаж байгаа тохиолдол олон бий шүү дээ. Чипний үйлдвэрт нарийн тоосгүй орчинд хүн чичрээд хийж чадахгүй зүйлийг робот асуудалгүй түргэн хийх жишээтэй. Одоогоор процессорууд дүрмийн дагуу хэт тогтмол ажиллагаатай байна гэж ярьж байгаа. Үүнийг хиймэл оюун ухааны тусламжтай хувьсдаг ажиллагаатай хийх ч боломжтой. Яваандаа програм хангамжаа хүртэл автоматаар үйлдвэрлэнэ шүү дээ. Тэгэхээр хүүхэд залуус яг мэдээллийн технологи уу, компьютерийн ухаан уу, тэр дотроо хиймэл оюун ухаан уу гэдэг ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй.

YOLOИрээдүйд энэ чиглэлээр мэргэшин суралцах хүсэлтэй залууст хандан юу гэж хэлэх вэ?

-Орчин үеийн дэлхийн хөгжлийн статистик мэдээнд итгэж, бас үнэмшиж байх хэрэгтэй. Түүнээс энэ ахуйн мэдээллээрээ хангагдаад хол явахгүй болсон цаг. Цаг хугацаандаа шахагдаад хязгаартай мэдээллийг бид авдаг. Үүндээ тулгуурлаж дүгнэлт гаргавал бид хожигдоно. Тийм учраас эсвэл өөрөө их зүйл сурч, эрж хайж, гадаад хэлээ дээшлүүлж гадаад ертөнцөд юу болж байгааг сайн олж хар. Нэг бол мэдлэг туршлагатай хүмүүстэй холбогдож, тэдний үгийг богино хугацаанд хүлээж аваад хөгжих хэрэгтэй. Ер нь бол би математикт дургүй, надад хэрэггүй, би хуульч болно, хуультай байхад би яаж ч амьдарна гэвэл асуудал нэлээн өөр болчхож байгаа юм. Хиймэл оюун ухаан бидний ирээдүйн амьдралд хүчтэй түрж орж ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Бас нэг талд, “тэр ч чухал л даа, гэхдээ бий болж байтал хол байх аа” гэсэн хандлага бас яваад байгаа байхгүй юу. Тэр бас харьцангуй, худлаа зүйл юм. Роботууд учиргүй гүйж ирээд тариад эхлэх нь хол ч, эмнэлэгт хэвтэж байгаа нөхцөлд тариаг бол роботууд хийдэг болох нь ойлгомжтой болчихсон асуудал. Юу хол, юу ойрхон гэдгийг сайн ялгаж ойлгож, өөрөө ямар цаг хугацаанд оршиж байна вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан гэсэн хамгийн хэцүү, хамгийн чухал салбарыг сонгож, тэр нь ирээдүйнх нь баталгаа болох байхгүй юу. Тэгвэл алдахгүй.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#МэргэжилСонголт, #Technology