Timothee Chalamet, Zendaya нар “Dune” кинонд тогложээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-04-21

Зохиолч Frank Herbert-ийн 1965 онд бичсэн "Dune" зохиол шинжлэх ухаан уран зөгнөлт зохиол сонирхогчдын дунд хэзээ хэзээнээс л алдартай байсан. Тийм ч учраас 1970 оноос эхлэн тус зохиолыг дэлгэцийн бүтээл болгон гаргах оролдлогууд хэд хэдэн удаа хийгдсэн боловч зарим тохиолдолд амжилтад хүрч, зарим тохиолдолд тийм ч сайн үнэлгээ авч чаддаггүй. 

Хамгийн сүүлд буюу 2016 онд уг киног дахин дэлгэцийн бүтээл болгон гаргахаар төлөвлөж буй талаар яригдаж байсан бол энэ оны арванхоёрдугаар сард олны хүртээл болгохоор болжээ. Энэ удаагийн хувилбарыг нь салбартаа ихээхэн нэр хүндтэй найруулагчдын нэгт тооцогддог Denis Villeneuve найруулж байгаа аж. Тэрээр "Arrival" (2015), "Blade Runner 2049" (2017) зэрэг шинжлэх ухаан уран зөгнөлт кинонуудыг найруулж байсан билээ. 

Түүнтэй хамтран Eris Roth болон John Spaihts зэрэг найруулагчид уг киног найруулж байгаа гэнэ. Найруулагч Eric Roth “Forest Gump” (1994), “The Curious Case Of Benjamin Button” (2008), “A Star Is Born” (2018) зэрэг олон алдартай кинон дээр ажиллаж байсан туршлагатай. Харин найруулагч John Spaihts “Prisoners” (2013) кинонд Denis Villeneuve-тэй хамтран ажиллаж байсан туршлагатай. 

"Dune" кино нь чадварлаг зохиолч найруулагчдаас гадна 2020 оны хамгийн хүчирхэг жүжигчдийг нэгтгэж чадсанаараа олны анхаарлыг татаад байна. Өөрөөр хэлбэл “Call Me By Your Name” (2017), “Lady Bird” (2017), “Beautiful Boy” (2018) зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин Timothee Chalamet уг кинонд тоглох гэж байгааг киноны анхны албан ёсны постероос харах боломжтой. Эгэл даруу зан төрхтэй, өгөгдсөн дүрийг гайхалтай бүтээж чаддагаараа алдаршсан тэрээр энэ удаад Paul Atreides-ийн дүрийг бүтээх юм.

Харин Lady Jessica-гийн дүрийг Шведийн үзэсгэлэнт жүжигчин Rebecca Ferguson бүтээхээр болжээ. Тэрээр “The White Queen” (2013) цувралын Elizabeth Woodville-ийн дүрээр алдартай бөгөөд бидний сайн мэдэх "Mission Impossible" кинонд ч мөн дүрээ мөнхлөөд амжсан нэгэн. Тэрээр нэгэн ярилцлагадаа найруулагч Villeneuve Lady Jessica-гийн сүр хүчийг өмнөх хувилбаруудад харуулснаас илүү сүртэйгээр харуулах гэж буй талаар дурдсан. 1965 онд бичигдсэнээс ч тэр үү, нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан хангалттай хэмжээнд тодорч харагдаагүй байсан эмэгтэйн хүчийг тэд энэ удаад сайтар харуулж чадах болов уу? 

Киноны бас нэгэн гол дүр болох Gurney Halleck-ийг мөн л бидний сайн мэдэх жүжигчин Josh Brolin бүтээж байгаа юм. Тэрээр залуусын дунд Marvel Cinematic Universe (MCU)-ийн томоохон хэсэг болох Thanos-ийн дүрийг бүтээснээрээ танил. 

Мөн Duke Leto-гийн дүрийг жүжигчин Oscar Isaac бүтээж буй нь олны сонирхлыг ихэд татаад байгаа юм. Oscar “Inside Llewyn Davis” (2013), “Ex Machina” (2014), “X Men: Apocalypse” (2016) зэрэг кинонуудад тоглож байсан туршлагатай нэгэн билээ. 

Харин Chani-гийн дүрийг “Spiderman: Homecoming” (2017), “Spiderman: Far from Home” (2019) киноны MJ-ийн дүрд тоглосон жүжигчин, модель Zendaya, Duncan Idaho-гийн дүрийг Aquaman-ийн дүрийг бүтээсэн, 2018 оны хамгийн царайлаг эрэгтэйгээр тодорсон жүжигчин Jason Momoa нар тус тус бүтээх аж.

Одоогоор уг киноны постер зургууд л цацагдсан бөгөөд албан ёсны трейлэр бичлэгүүд цацагдаагүй байгаа аж. Арванхоёрдугаар сарын 18-нд кино театруудаар гарахаар төлөвлөгдөж буй “Dune” киног гарах үед нь та ч бас сонирхоод үзээрэй!

Эх сурвалж: Variety, CNN, Wikipedia

#Dune #Timothee Chalamet #Zendaya