Зорилготой залуусын нэгдэл “Боловсролын өдөрлөг 2023” боллоо


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-08-14

Дэлхийд тэргүүлэгч 15 улсын өнгө төрхийг бүрдүүлсэн, өөр өөрийн онцлогоор ялгарах залуус танхим тойрон сууна. Эдгээр залуус бол “Боловсролын өдөрлөг 2023”-ын оролцогчид юм. 

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Мойса Олон Улс дахь Монгол Оюутан Залуучуудын Холбооноос хоёр дахь удаа “Боловсролын өдөрлөг 2023” үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус өдөрлөгт 5 илтгэгч, 15 орны оюутны холбооны гишүүд амьдралын түүх, туршлагаасаа хуваалцаж, тэтгэлэгт хамрагдах боломж, амьдрах орчны талаарх мэдээлэл өгснөөс гадна хөгжөөнт тоглоом тоглож өдрийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүллээ. 

Өдөрлөгт оролцогчдын арга туршлагыг сонсов. 

Ewha эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан Б. Эрдэнэбулган 

“Би улсын сургуулийн жирийн л нэг  сурагч байсан.  Гададад суралцана гэх зорилгодоо хөтлөгдөн хичээсний эцэст хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр Солонгос улсыг зорисон. Тэнд  арын хаалга байдаггүй учир хүн бүрд боломж тэгш хүртээмжтэй байдаг. Чи хэр хичээл зүтгэл гаргана тэр хэрээр боломжийг илүү хүртэнэ. БНСУ-д суралцахын давуу тал нь  дэлхийн боловсролыг хамгийн ойроос авах боломжтой. Монголдоо Солонгос хэлээ дунд түвшинд сураад, очоод хэлний бэлтгэлд суувал эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Өөрөө хичээн топик оноогоо тултал нь авбал тэтгэлэгт хамрагдах боломжтой. Оюутан залуучууд Солонгос улсад ирээд мөнгөний амтанд орох хандлагатай байдаг. Солонгос оюутнуудын хичээнгүй, цаг барьдаг, хариуцлагатай, харилцааны соёлыг нь сурах хэрэгтэй. Солонгос улсад суралцах гэж буй залуустаа хандаж хэлэхэд том мөрөөдөлтэй байгаарай, ирээд мөрөөдлөө биелүүлээрэй” гэж хэлье. 

Өдөрлөгийн хэлэлцүүлэг хэсэгт Америк, Япон, Украйн болон Унгар улсад суралцсан салбар салбарын манлайлагчид оролцсон. 

- Япон орноос авсан туршлага болон боломж 

- Нисэхийн чиглэлээр сурах боломж, тус мэргэжлийн онцлог болон давуу тал 

- Америкт урлагийн чиглэлээр суралцсан туршлага 

- Унгар улсад ахлах сургуулиас их сургууль хүртэл суралцсан туршлага, эзэмшсэн мэргэжлээрээ Монголд хэрхэн ажиллаж буй тухай тус тусын мэдээлэл, туршлагаа залуучуудад хуваалцсан юм. 

Онцлох эшлэлээс дурдвал: 

“Мэргэжлээ сонгохдоо хэний ч үгийг бүү дага” С. Бат-Эрдэнэ 

“Зөв мэдлэгийг зөв зүйлд ээлтэй ашиглахад суралцаарай” Г. Төгөлдөр 

Мойса Олон улс дахь Монгол оюутны холбооны тэргүүн Э. Баттамир  

-Мойса холбооны талаар бидэнд товчхон мэдээлэл өгөөч 

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуучууд  хамтран ирээдүйд эх орондоо үнэ цэнийг бүтээх талаас нь Мойса-г үүсгэн байгуулсан. 

-Өнөөдрийн өдөрлөгийг зохиох болсон гол шалтгаан юу байсан бэ? 

Наймдугаар сарын 12 бол НҮБ-ээс зарласан Олон улсын залуучуудын өдөр. Манай холбоо олон улс дахь оюутан, залуусын холбоо учир жил бүр гадаадад суралцахаар зэхэж буй залууст мэдээлэл өгөхөөр шийдэн өдөрлөг зохиох болсон.  

-Гадаад руу явахаар бэлдэж буй залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ? 

Дэлхий хавтгай болж байгаа учир чамд маш том боломж бий. Хүн өөрөө хичээвэл заавал мөнгөтэй, баян айлын хүүхэд байх албагүй. Чамд мэдээлэл л хэрэгтэй. Бүх сургуулиудад өргөдлөө өгөөрэй. Нэгэнд нь тэнцэх л болно. Үнэхээр их хүсэж байгаа бол зүгээр л эхэл гэв.  

Боловсролыг эрхэмлэсэн зорилготой  залуусын нэгдэл  “ Боловсролын өдөрлөг” цаашид илүү өргөжнө гэдгийг зохион байгуулагч  хэлж байлаа.  

#нийтлэл