“АМИГОС” багийнхан: Ухаалаг гар утсаа ашиглан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой


Эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьдог, зорьсноо ажил болгодог өсвөр үе, залуучуудын төлөөл болсон “Амигос” багийнхныг энэ удаагийн ярилцлага буландаа урилаа. Тэд Болор ирээдүй хүний хөгжлийн сангаас хоёр дахь удаагаа зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал гэдэг  томоохон сэдвээр төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

YOLOАнх яагаад аялал жуулчлалын салбарын тухай сэдвийг сонгож, хөндөх болсон бэ?

-Сайн байцгаана уу? Бид анх “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн хоёр дахь удаа зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Дижитал эриний нүүдэлчид” сэдвийн дор төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Манай багийнхан эхлээд гадаадын жуулчдад Монгол орны музейн үзмэрүүдийн тайлбарыг амар хялбар аргаар ойлгуулж, хүргэхийн тулд хөтөч байхгүй байсан ч бар код ашиглан уншиж болох шинэ санааг гаргасан. Гэвч манай багийн ментор (зөвлөх) Н.Нарантуяа эгч маань бидэнд илүү олон хүнийг хамарсан, илүү хүртээмжтэй байх талаас нь харж сэдвээ арай өргөн цар хүрээтэй болгох тухай зөвлөсний үндсэн дээр бид жуулчдад зөвхөн музейн үзмэрийг үзэхээс гадна, тэдэнд өөр ямар асуудлууд тулгарч байдгийг судлахаар шийдсэн юм.

YOLOАнх хэрхэн баг болон хамтрах сэдэл төрж байсан бэ?

-Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс санаа бодол нэгдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдахыг шаардсан. Тухайн үед ойролцоо суудал дээр сууж байсан охидтой танилцаж нэг баг болохыг уриалсан юм. Үйл ажиллагааны дараа бид богино хугацаанд санаагаа нэгтгэж, шийдэлд хүрч чадсан.

YOLOТанай баг хамт олон одоогоор ямар тодорхой зорилтот ажлуудыг хийж байна вэ?

-Хэрэгжүүлэхээр зорьж буй ажлаа бодит болгохын тулд жуулчдад тулгардаг асуудлуудыг илрүүлэх нь бидэнд чухал. Тийм учраас судалгааны ажлыг түлхүү хийж байна. Учир нь аливаа ажил, төслийг гүйцэтгэж олонд түгээхэд бодит судалгаатай, үр дүнг харуулсан байх нь зөв. Тиймээс бид гадуур явж судалгааны ярилцлага, анкетын аргаар өөрсдийн төсөлдөө суурь болох судалгаануудыг хийж байна.

“Амигос” багийн гишүүн, МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Намуун: "Хамгийн анх жуулчдад зориулан музейн үзмэрийг тайлбарлагчгүй үзэх боломжтой технологийг санаачилж эхэлсэн."

YOLOМонгол залуус, өсвөр үеийнхэнд аялал жуулчлалын салбар чухал сэдэв мөн үү?

-Мэдээж хэрэг. Энэ бол Монгол улсын иргэн хүн бүхэнд маш чухал сэдэв юм. Аялал жуулчлалын салбарын орлого нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувийг эзэлж байна. Тиймээс бид аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжилд өөрсдийн чадах хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Дэлхий дээр утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэгдэн, хурдтай өсч буй аялал жуулчлалын салбарыг Монгол орондоо хөгжүүлэх нь бидний эдийн засгийн амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хөгжлийг хангах, монгол өв уламжлал, соёлоо хадгалан үлдэх бас нэг түлхэц юм.

YOLOМонголын аялал жуулчлалын салбарын хөгжилд хэн, ямар энгийн хувь нэмрийг оруулж чадах вэ?

-Хэрвээ та ухаалаг гар утастай бол интернетээр дамжуулаад аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Жишээ нь гадаад жуулчид Монгол оронд аялахаар ирэхэд интернэт дэх мэдээллийн хангалтгүй байдлаас болж тэд маш олон асуудалтай тулгардаг. Тиймээс бид википедиа, гүүгл мап, сири зэргийг өдөр тутамдаа ашиглан, хөгжүүлж болно.

YOLOТанай багийн ойрын зорилтын тухайд?

-Хөтөлбөрөө амжилттай дуусгаж, хийж буй төслөө илүү олон хүнд түгээж, залуусыг энэ салбарын тухай нэмэлт мэдээлэлтэй болгож, цаашид бидний зүгээс хийж болох зүйл юу байна гэдэг өнцгөөс харахад нь туслах явдал юм.

Амигос багийн гишүүн, МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан М.Энххүслэн: "Хэрвээ та ухаалаг гар утастай бол интернетээр дамжуулаад аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой."

“Амигос” багийн цахим мэдээллийн хэрэгсэл ашиглагч хүмүүст зориулан хийж буй цуврал бичлэгийг дараах холбоосоор орж үзэх боломжтой.

Цуврал бичлэг #1: Монгол орны аялал жуулчлалын түүх, статистик тоо баримт

Цуврал бичлэг #2: Асуудлыг эрж олсон нь...

“Амигос” багийн гишүүн, Нийслэлийн 6-р сургуулийн төгсөгч Ж.Мөнхжаргал: "Аялал жуулчлал гэдэг нэг үгээр хэлбэл гадны жуулчдад сэтгэл ханамж худалдаж буй хэрэг юм."

YOLOҮе тэнгийн залуус, өсвөр үеийнхэн эх орныхоо аялал жуулчлалын салбарын тухай хэр мэдлэг мэдээлэлтэй байдаг юм бол?

-Бид аялал жуулчлал, жуулчид зэрэг үгсийг яриандаа ихээхэн хэрэглэдэг хэдий ч үүний цаад мөн чанар, цаашлаад бидний амьдралд ямар нөлөө үзүүлж болох тухай сайн мэдлэг мэдээллээр дутмаг байдаг. Өсвөр үе ч гэлтгүй нийтээрээ энэ салбарын тухай мэддэг, мөн үүнд тулгарч буй асуудлуудыг сонсож, харж байдаг хэдий ч төдийлэн өөрсдийн амьдралд тусгаж эргэцүүлдэггүй.

YOLOҮе тэнгийн залуусаа энэ сэдэвт юу гэж уриалахыг хүсдэг вэ?

-Аливаа зүйлийг харах өнцгөө өөрчилж, “Би юу хийж чадав гэж дээ. Миний хөгжүүлнэ, цэцэглүүлнэ ч гэж юу байхав” гэсэн сөрөг, гутранги хандлагаа зогсоож, энэ асуудлыг шийдвэрлэхэд, арга замыг олоход, цааш түгээхэд “Миний хийж чадах зүйл юу вэ? Би яаж хувь нэмэр оруулж чадах вэ?” гэдэг өнцгөөс хардаг байгаасай.

Хаашаа явах гэж буйгаа төлөвлөж, манай орныг зорьж буй, манай оронд аль хэдийнэ ирчихсэн байгаа жуулчдад дахин ирэх хүслийг нь төрүүлэх, үүний тулд улсынхаа түүх дурсгалт газар, нийгэм, ахуй амьдралын талаарх мэдээллийг интернэтэд зохих хэмжээнд гадаад хэл дээр хөрвүүлж нийтлэх хэрэгтэй байна даа. 

YOLOБусад орны аялал жуулчлалын салбар өндөр хөгжилд хүрсэн байдгийн учир юунд оршдог гэж боддог вэ?

-Аялал жуулчлалын салбар нь хөгжлөөрөө тэргүүлж буй орнуудын гол зүйл бол энэ салбарт тухайн улс орнуудын төр засгийн чухал оролцоог ойлгож, бодит үр дүнтэй ажлуудыг хийсэн явдал юм.  Гадаад орноос ирж буй жуулчдын эн түрүүн хангагдах ёстой зүйл нь тэдний аюулгүй байдал. Энэ тал дээр маш сайн анхаарч чадсан байдагтай мөн шууд холбоотой. Аялал жуулчлал гэдэг нэг үгээр хэлбэл гадны жуулчдад сэтгэл ханамж худалдаж буй хэрэг юм.

“Амигос” багийн гишүүн, АШУҮИС-ийн лицей сургуулийн төгсөгч Б.Мөнхнаран: "Техник технологийн дэвшил хөгжил гүйцэгдэхгүй байгаа энэ цаг үед монголчууд эд хөрөнгийн хувьд л бусадтайгаа зэрэгцэж чадаж байх шиг санагддаг."

YOLOТа нарын хувьд монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд ямар зүйлс саад болдог гэж бодож байна вэ?

-Ирж буй жуулчдад манай орны зүгээс үзүүлдэг тогтсон хэдэн маршрут байдаг. Гэтэл эдгээр газруудад хүрэх автозам нь ихэвчлэн байгалийн хөрсөөрөө байгаа нь шороо тоос босох гэх мэт асуудлыг дагуулж жуулчдын тав тухыг хангадаггүй. Улаанбаатараас бусад сум сууринд халуун ус, боловсон бие засах газар, цахилгаан дулаан, эмнэлэг, даатгалын үйлчилгээ зэрэг нь бас л асуудалтай. Үүнтэй зэрэгцээд жуулчдад мэргэжлийн түвшинд үйлчлэх ажиллах хүчин, тухайлбал жолооч, хөтөч тайлбарлагч, зочид буудал, зоогийн газар, баазуудын үйлчилгээ, эрүүл ахуйн шаардлага хангахуйц хоол хүнсний чанарын асуудлууд тулгарч байна.

YOLOХүүхэд залуус, өсвөр үеийнхний хувьд Монгол Улсынхаа аялал жуулчлалын салбарын хөгжилд ямар бодит хувь нэмрийг оруулах боломжтой вэ?

-Бид эхлээд амьдарч буй байр, сурч буй сургуулийнхаа орчинд хог тарихгүй байх, нус цэрээ ил хаяхгүй байх, дараалал дайрдаггүй байх, ямар ч хүнтэй хүндэтгэлтэй ханддаг байх гэх мэт энгийн боловч цаана нь том үр дүн гарах эдгээр зүйлсийг өдөр тутамдаа хийж сурах нь өөрт тань хийгээд улс орны хөгжилд маш томоор нөлөөлөх юм.

YOLOТанай баг хамт олны хүсэл мөрөөдөл, холын зорилго тэмүүлэл юу вэ?

-Техник технологийн дэвшил хөгжил гүйцэгдэхгүй байгаа энэ цаг үед монголчууд эд хөрөнгийн хувьд л бусадтайгаа зэрэгцэж чадаж байх шиг санагддаг. Бусад чухал нарийн зүйлс дээр, жишээ нь google translate монгол хэлийг уншиж өгдөггүй зэрэг асуудлын хувьд монголчууд хоцрогдмол байгаа. Манай багийн холын зорилго тэмүүлэл бол Siri, Google дээр монгол хэлийг суулгаж, монгол дахь бүх үйлчилгээний газруудын захиалгын системийг Siri, Google-тэй холбож, бүрэн системчлэгдсэн нийгмийг үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамтран бүтээхийг хүсдэг.

#Tourism