ЗАХИДАЛ: Яаж ч хичээсэн хүмүүс надтай дотно гоё харьцахгүй юм


ССҮТөв | YOLO.MN
2018-10-30

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яаж ч хичээсэн хүмүүс надтай дотно гоё харьцахгүй юм

Сайн байн уу? Намайг Ж гэдэг. Би айлын ганц хүүхэд. Би тийм их нээлттэй биш. Өөрийгөө бусдаас тусгаарчихдаг. Айлын ганц болохоор ч тэр үү, их бүрэг даруухан. Үүнийгээ засахын тулд маш их хичээсэн.

Би энэ жил оюутан болсон. Одоо л нэг нээлттэй, олон гоё найз нөхөдтэй болно доо гэж бодож хичээсэн боловч амжилт олсонгүй. Одоо хүртэл ангидаа, сургуульдаа найз нөхөдтэй болоогүй танилцаж дотно болсон хүн байхгүй. Анх орчихоод хүмүүстэй танилцаж өөрийгөө нээхийн тулд хүмүүстэй сайхан харилцаж, яриа өдөн зөндөө их юм ярьж өөрийн хэмжээндээ их хичээсэн боловч хүмүүс надтай дотно гоё харьцахгүй юм. Гэтэл бусад дуугүй, нэг их хүн татах юмгүй гэмээр хүмүүс хүртэл нийлдэг найзуудтай болсон. Тэд хэзээ танилцсан юм болоо гэж гайхмаар хүн болгонд нэр хүндтэй, найзтай болсон байх юм. Би өөрийгөө дайчилж оюутны зөвлөл зэрэг олон нийтийн арга хэмжээнд хичээж оролцож байгаа ч бүтэх юм алга. Ахиц гарах нь бүү хэл улам бүр дордоод байх шиг. Би бүр шантарч гүйцэж байна. Үхмээр ч санагдах шиг. Одоо хичээхээ ч больж байна. Яах вэ? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Тухайн хүний яриаг сонсож байхдаа идэвхтэй, анхааралтай байна гэдгээ илэрхийл

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Ямар их хичээснийг чинь төсөөлж байна. Хүн өөрийнхөө дутагдалтай талыг анзаарч хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш том амжилт. Тэгээд бүр алхам хийсэн байна шүү дээ. Энэ чинь маш сайн хэрэг. Гэхдээ чи өөртөө биш бусдад илүү анхаарал хандуулаад байх шиг байна. Бусдын найз нөхөдтэй болж байгаа эсэхэд хэт анхаарлаа хандуулж, “Би хичээгээд байхад надтай яагаад найзлахгүй байгаа юм?” гэдэг асуултынхаа хариултыг бусдаас хайгаад байгаа юм биш биз?

Дотно, гоё харилцах гэсэн байна. Яаж харилцахыг дотно гоё харилцаа гэж нэрлэх вэ? Харилцаанд анхаарах хэд хэдэн зүйлс бий. Үүнд: 

  • Чиний гаргаж буй хариу үйлдэл буюу дууны өнгө,
  • Нүүрний хувирал, биеийн хэлэмж,
  • Нүдний харц чухал нөлөөтэй. 

Биеийн хэлэмж гэдэгт толгой дохих, бага зэрэг инээмсэглэх, эгцлэн харж зогсох, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлж гараа бага зэрэг хөдөлгөх зэрэг багтана. Нүдний харцны тухайд яг нүд рүү нь ширтэлгүй тухайн хүний хоёр хөмсөгний хооронд харцаа төвлөрүүлдэг. Өөрөө ярьж байхдаа 50%, бусдыг сонсож байхдаа 70%-тай харах хэрэгтэй. Гэхдээ мэдээж байнга ширтээд бай гэсэн үг биш шүү дээ.

Тухайн хүний яриаг сонсож байхдаа идэвхтэй, анхааралтай байна гэдгээ илэрхийлж “аанхан, тийм, за” гэх зэрэг үг авиа хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бусдаас асуултынхаа хариултыг хайх биш, өөрийнхөө ямар хариу үйлдэл үзүүлдгийг анзаараарай. Мөн тохирсон тайван орчин болон тохирсон цагтаа яриа өрнүүлэх нь чухал. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байх нь харилцан яриа үүсгэхэд тустай. Хамгийн чухал буюу асуулт асуух. Мэдээж зөв асуулт асуух хэрэгтэй. Ямарч хүнд өөрт нь санаа тавьсан, өөрийг нь сонирхсон асуултуудад дуртай байдаг. Мөн ямар нэгэн зүйл дээр тухайн хүний үзэл бодлыг асуух нь зөв. Нэг үгээр хариулаад дуусчих асуулт асуухаас болгоомжлоорой. 

Эцэст нь хэт их хичээгээд бусдын орон зай руу халдаад байгаа юм биш биз? Эсвэл хэт их хичээгээд бүх хүнтэй найз болох гээд байгаа юм биш биз? Ямартай ч чи ингэж хичээж байгаа учраас удахгүй сайн найзуудтай болно гэдэгт итгэлтэй байна. Хэтэрхий эрт яарч, бууж өгч болохгүй шүү.

Амжилт хүсье!  

     

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter