Мартамхай Монгол /эсээ/


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-08-15

Би бол Монгол Улсын иргэн. “Мартамхай” Монголын ирээдүй. Монгол ард түмэн бол уужуу тайван, ухаарах сэтгэлтэй. Гуравхан сая гаруй иргэдээс нэгнийгээ зэрэмдэглэлээ, хүчирхийллээ, хөнөөлөө, тэгээд хууль нь өршөөлөө...

Эрх чөлөөт гэсэн тодотголтой улсын нэгэн бяцхан зүрх тоглож, наадах эрхээ эдлэж байгаад ноцтойгоор гэмтлээ. Бид ЯРЬСАН, ШУУГИСАН, тэгээд л МАРТСАН. Ирээдүйн хөлбөмбөгийн дэлхийн аварга ч байж болох байсан нэгэн хүү хөлбөмбөгийн талбай дээр хүсэл мөрөөдөл, итгэл сэтгэлээ үлдээн халин одлоо. Бид ЯРЬСАН, ШУУГИСАН, ГАШУУДСАН, тэгээд л МАРТСАН.

Амттан л идэх гэж явсан, хайр бялхсан ах дүү хоёрыг нэгэн согтуу жолооч хайртай хүмүүсээс нь булаалаа. Бид ЯРЬСАН, ШУУГИСАН, ГАШУУДСАН, БУХИМДСАН, тэгээд л МАРТСАН.

Хүүхэлдэйгээ тэврээд бүүвэйн аянд унтаж байх ёстой 13-хан настай охин үр нь амаараа дүүрэн архи цутгуулан эрэмдэглүүлж, төсөөлшгүй зовлон үзэн, энэ нийгэмд дэндүү их гомдон үүрд яваад өглөө. Бас ЯРИАД Л, ШУУГИАД Л, ГАШУУДААД Л, БУХИМДААД Л, УУРЛААД Л “МАРТАХ” уу?

Өсвөр үеийнхэн бид найзуудаа, дүү нараа зүй бусаар алдсаар байх уу? Эрх чөлөөт Монгол улс хаана байна? Харин бид бүрхэг саарал, хагацал нулимсаар дүүрсэн улсыг л харж байна. Үүнийг залруулж чадах хүмүүс нь зүгээр яриад, шуугиад л байх юм гэж үү?

Тэгвэл би эрх бүхий хүмүүст хандан хэлмээр байна. Тун удахгүй үхэл хагацал гэдэг зүйл цагаас нь өмнө таны ч гэсэн бяцхан үрийг авах гээд хаалга тогших вий. Тэр цагт та ярьж, шуугиад өнгөрөөсөн цаг хугацааг буцааж болохгүйг ойлгоно. Уужуу тайван байдлаасаа түр ч болов салаад таслан зогсоох арга хэмжээ авч болгоо.

Би айж байна. Би дүү нараа “Тоглочихоод ирье” гээд инээмсэглэн гараад дахиж орж ирэхгүй байх вий гэж айж байна. Дахиад нэгэн бяцхан ертөнц аймшигт хэргийн золиос болох вий гэж айж байна. Дахиад аз жаргалаар дүүрэн гэр бүл хайрт үрээсээ хагацах вий гэж айж байна. Би МАРТАМХАЙ МОНГОЛД амьдрахаас айж байна...

#Essay