ЭЕШ: ШАЛГАЛТЫН материалтай ажиллах ЗААВАР


Сондор | YOLO.MN
2016-06-06

ЭЕШ эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Тиймээс шалгалтын материалтай хэрхэн ажиллах талаарх мэдээллийг YOLO.mn хүргэж байна.

Шалгуулагч нь шалгалтын анги танхимд дараах бичиг баримттай ажиллах болно.

-Шалгалтын дэвтэр гэж юу вэ?
Шалгалтын дэвтэр нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, А4 хэмжээтэй 4-8 хуудас материал байна. Даалгавар нь хоёр төрлийн буюу СОНГОХ болон НӨХӨХ даалгавраас бүрдэнэ.

  • Сонгох даалгавар: Энэ даалгавраар сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх ба зөв хариулт нь өгөгдсөн байна. Тиймээс та тухайн даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэж, олон хариултаас зөв хариултыг сонгох хэрэгтэй.
     
  • Нөхөх даалгавар: Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ хариуг бодож гаргах ба зөв хариу өгөгдөөгүй байна. Энэ нь шалгуулагчдын бүтээлч чадварыг илрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл бүтээлч эрэлт хайлт хийж, өмнө эзэмшсэн мэдлэг, чадвараа өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадварыг шалгана. Нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут ба даалгавар бүр өөр өөр оноотой байх тул шалгалтын дэвтэр дээрх гүйцэтгэх зааврыг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулаарай.

Хариуг буруу бөглөсөн тохиолдолд оноо өгөхгүй бөгөөд оноо хасахгүй.


-Хариултын хуудас гэж юу вэ?
Хариултын хуудас нь тусгайлан бэлдсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай, А4 хэмжээтэй хуудас юм. Уг хариултын хуудсыг тусгай программ хангамж ашиглан, засагч машинаар дүгнэх учир засалтанд хүний оролцоо орохгүй бодно.

Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлд анхаараарай.
Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар нь будаж тэмдэглээрэй. Нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн даалгаврын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглээрэй. Ингэхдээ хариултын хуудас болон шалгалтын дэвтэр дээрх зааврыг сайтар анхаарна уу. Хариултын хуудсыг хэрхэн бөглөх талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.


-Гэрээний хуудас гэж юу вэ?
-Гэрээний хуудас нь таны зураг бодон товч мэдээллийг агуулсан, шалгалтанд орсныг гэрчлэх хуудас юм. Уг хуудсан дээр таны мэдээллээс гадна шалгалтын танхимд мөрдөх дүрэм, зөвлөгөө байх ба та энэ хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулна.


-Баганан код гэж юу вэ?
Шалгалтын хугацаа дууссаны дараа хянагч багшаас тараан өгсөн тусгайлан бэлдсэн хос баганан кодыг дундуур нь таслан нэгийг хариултын хуудасны БАГАНАН КОД наах хэсэгт нөгөөг гэрээний хуудасны БАГАНАН КОД наах хэсэгт тус тус наагаарай.

Энэ нь тусгай нууцлал бүхий баримт бөгөөд наахгүй орхих, бусадтай солих, гэмтээх зэргээс үүдэлтэй хохирлыг тухайн шалгуулагч өөрөө хариуцдаг болохыг анхаараарай.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв


ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.