"Star Wars" франчайзын ирээдүй ямар байх вэ?


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-04

1977 оны тавдугаар сарын 25-нд “Star Wars” кино нээлтээ хийж тухайн цаг үедээ дэлхийг донсолгож байлаа. Харин одоо “Star Wars” бол дэлхийн хамгийн үнэнч фэнүүдтэй франчайз. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн "Star Wars: The Rise of Skywalker" кино нь уг франчайзын гол дүр Anakin Skywalker болон түүний үр садын тухай түүхийг өгүүлэх "Skywalker Saga" цувралын сүүлчийн анги болсноор энэ гайхалтай түүх төгссөн билээ. 

Гэвч та “Star Wars” франчайзын үргэлжлэлийг үзэж чадахгүй нь гэж харамсах хэрэггүй. Учир нь "Disney" кино компани "Lucasfilm" кино компанийг худалдан авч, уг франчайзыг цааш хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ цаашид "Star Wars" франчайзын үргэлжлэл болох кинонуудын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

  • OBI-WAN KENOBI-ГИЙН ЦУВРАЛ

2019 оны наймдугаар сарын 23-наас 25-ны хооронд болсон D23 экспогийн үеэр "Lucasfilm" кино компанийн ерөнхийлөгч Kathleen Kennedy “Star Wars” франчайзын хамгийн алдартай жедай мастеруудын нэг Obi-Wan Kenobi-гийн тухай цуврал хийх гэж буйгаа зарласан юм. 

Obi-Wan Kenobi-гийн дүрд жүжигчин Ewan McGregor дахин тоглохоор болсон билээ. Тэрээр өмнө нь "Star Wars" франчайзын гурван кинонд хүн бүрийн хайртай энэхүү дүрийг бүтээж байсан түүхтэй. Харин үйл явдлын хувьд "Star Wars: Episode IV - A New Hope" (1977) киноны үйл явдлаас өмнөх үеийг харуулах аж. 

Уг цуврал олны хүртээл болох огноо, жүжигчдийн бүрэлдэхүүн зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч кино сонирхогчид үүнийг 2022 онд нээлтээ хийнэ хэмээн таамаглаад байгаа билээ. Харин Disney Plus дээр нээлтээ хийх нь тодорхой болсон юм. 

  • CASSIAN ANDOR-ИЙН ЦУВРАЛ

Жүжигчин Diego Luna-гийн бүтээсэн Cassian Andor-ийн дүр зөвхөн "Rogue One: A Star Wars Story" (2016) бүтээлд гарсан ч аль хэдийнэ олон мянган шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ. 2018 онд уг киноноос 5 жилийн өмнөх үйл явдлыг харуулах цуврал хийгдэх талаар мэдээлэл гарч байсан. Харин зураг авалт нь энэ онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч "COVID-19" цар тахлын улмаас дараа жил хүртэл хойшлогдсон юм. 

Энэхүү цувралын зохиолыг "Rogue One: A Star Wars Story" (2016) киноны зохиолч Tony Gilroy бичих бол нээлтээ Disney Plus дээр хийх аж. 

  • THE MANDALORIAN (2019)

Din Djarin хэмээх хөлсний ангуучийн тухай өгүүлэх "The Mandalorian" цуврал өнгөрсөн онд нээлтээ хийж, үзэгчдийг ёстой л байлдан дагуулсан гэж хэлж болно. Тэгвэл жүжигчин Pedro Pascal-ийн гол дүрд нь тоглосон уг цувралын 2-р бүлэг энэ оны аравдугаар сард нээлтээ хийхээр товлогдоод байна. 

Цувралын зохиолч болон ерөнхий продюсер Jon Favreau уг цувралын 3-р бүлгийг ч мөн хийх гэж буйгаа зарласан бөгөөд зураг авалтын ажил нь тун удахгүй эхлэх аж. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд "The Mandalorian" (2019) цувралын 1-р бүлэг тавдугаар сарын 4-нд Disney Plus-д байрших билээ. 

  • RIAN JOHNSON НАЙРУУЛАГЧИЙН ГУРВАЛСАН БҮТЭЭЛ

"Skywalker Saga" цувралын найм дахь кино болох "Star Wars: The Last Jedi" (2017) киног найруулагч Rian Johnson найруулсан билээ. Тэрээр кино нээлтээ хийхийн өмнөхөн "Lucasfilm" кино компанитай хамтран цоо шинэ төсөл эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Найруулагч Rian Johnson энэхүү франчайзад цоо шинэ өнгө төрхийг харуулахыг хүсэж байгаа тул трилоги буюу гурвалсан бүтээлээ "Star Wars" ертөнцийн өмнө нь хэний ч харж байгаагүй газарт хийхээр төлөвлөж байгаа аж. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн болон нээлтээ хийх хугацаа тодорхой биш байгаа байдал нь үзэгчдэд энэхүү төсөл зогссон гэх ойлголтыг өгч байсан ч найруулагч Rian саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа уг төсөл одоог хүртэл хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа талаар дурдсан билээ. 

  • ЭЗЭНГҮЙ ГУРВАЛСАН БҮТЭЭЛ

HBO сувгийн алдарт "Game of Thrones" цувралын продюсерүүд болох David Benioff болон D.B. Weiss. нар нь "Lucasfilm" кино компанитай “Star Wars” франчайзын гурван анги бүхий кино хийх тохиролцоонд хүрсэн. Эдгээр кинонууд 2022, 2024, 2026 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан ч алдарт продюсерүүд маань Netflix компанитай 200 сая ам.долларын гэрээ хийснийхээ дараа уг төслөөс гарч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар "Lucasfilm" кино компанийн зүгээс ч мөн мэдэгдэл хийгээгүй байна.

Ийнхүү “Star Wars” франчайзын хамгийн ойрын ирээдүйд гарах байсан гурвалсан бүтээл "эзэнгүй" болсон билээ. 

Мөн түүнчлэн "Marvel Studios" кино студийн ерөнхийлөгч Kevin Feige болон "Sleight" (2016) киноны найруулагч J. D. Dillard нар хувь хувьдаа “Star Wars” франчайзад харьяалагдах кино хийхээ мэдэгдсэн. Одоогоор аль цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлын тухай кино хийхээр төлөвлөж буй нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд тодорхой мэдээлэл өгөхөө "Lucasfilm" кино компани өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Screen Rant, Slash Film, Games Radar

#Star Wars #Кино