BTS-ийн үнэгүй тоглолтыг дэлхийн 190 улсад Netflix-ээр шууд дамжуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ирэх гуравдугаар сард Сөүл хотын Gwanghwamun Square талбайд болох BTS-ийн үнэгүй тоглолтод 15 мянган шүтэн бишрэгч уригдан оролцоно гэж зохион байгуулагчид лхагва гарагт мэдэгдлээ.

Тоглолтын өдөр тус бүс нутагт ойролцоогоор 260 мянган хүн цугларна гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь талбайн албан ёсны багтаамж болох 18 мянган хүнээс 11 дахин их тоо юм.

Тасалбартай 15 мянган хүний тоонд багтаагүй фэнүүдийн хувьд тоглолтыг Гванхвамүн талбай орчмын барилгууд дээр байрлуулсан том дижитал дэлгэцээр шууд дамжуулан үзэх боломжтой. 

Тус тоглолт нь BTS хамтлаг тав дахь бүрэн хэмжээний цомог болох “Arirang”-оо гаргасны маргааш өдөр зохион байгуулагдах бөгөөд шинэ цомгийн дуунуудаас гадна хамтлагийн алдартай хит дуунууд эгшиглэнэ.

Тайзны хамгийн ойролцоо бүсэд нэвтрэх 2,000 шүтэн бишрэгчийг сугалаагаар сонгоно. Үүнд зөвхөн Weverse-ээр дамжуулан албан ёсны Army гишүүнчлэлтэй, мөн баасан гараг хүртэл BTS-ийн шинэ цомгийг урьдчилан захиалсан фэнүүд хамрагдах эрхтэй.

Бусад тасалбарыг Солонгосын онлайн тасалбарын платформ болох Nol Ticket-ээр дамжуулан хоёрдугаар сарын 23-ны орой 20:00 цагаас авч болохоор төлөвлөжээ. Гэхдээ бүх тасалбар үнэгүй байх бөгөөд үүнийг авахад хамгийн чухал нь хурдан байх юм байна.

Цагдаагийн байгууллагын тооцоогоор энэ өдөр нийт 260,000 орчим хүн цугларч болзошгүй. Үүнтэй холбогдуулан Сөүл хотын Цагдаагийн Ерөнхий газар бүх боломжит нөөцийг дайчлан аюулгүй байдлыг хангана гэдгээ зарласан. Мөн үзэгчдийн нягтралаас хамааран core, hot, warm, cold гэсэн дөрвөн бүсэд хуваан эрсдэлийг удирдах юм.

Түүнчлэн энэхүү тоглолт нь Netflix-ээр дамжуулан дэлхий даяар шууд дамжуулагдах бөгөөд энэ нь Солонгос уран бүтээлчийн амьд тоглолт 190 улс, бүс нутагт зэрэг цагт цацагдах анхны тохиолдол болж байна.

#BTS