А.МӨНХТӨГӨЛДӨР: Хүссэнээрээ хувцаслахад ТРЕНД СААД БОЛДОГ


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-16

Уншигч та бүхэнд ирээдүйд өөрийн нэрийн брендийг үүсгэн байгуулж, цаашид юунд ч үл баригдах уран бүтээлүүдээ туурвих мөрөөдөлтэй авьяаслаг нэгэн залуу бүсгүйтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Түүний хийх дуртай зүйл: зураг зурах,

Cонгосон мэргэжил: хувцас дизайнер,

Хэлэх дуртай үг: АНХДАГЧИД ҮРГЭЛЖ БАЙДАГ.

Хувцаслалтын тренд хэв маяг, хувцас дизайны хил хязгаар, урлагийн үр шим, түүний өнөө цагийн залуус-үе тэнгийнхэндээ хандан хэлэх үг гэхчилэн чамгүй уншууртай, уншсаны ард үлдэх юмтай сэдвүүдээр бид дотно хөөрөлдлөө.

YOLO: Урилгыг маань хүлээн авч ярилцахаар ирсэнд баярлалаа. Уншигчиддаа өөрийгөө товчхон танилцуулна уу?

- Намайг Амармөнхийн Мөнхтөгөлдөр гэдэг. Саяхан Баянзүрх дүүргийн 33-р сургуулийг төгсөөд, одоо СУИС-д харьяалалтай болсон байгаа. Мөн Шанхайн 100 хувийн тэтгэлгийн шалгалтад тэнцсэн хариу аваад байна.

YOLO: Баяр хүргэе! Ямар мэргэжлээр сурахаар шийдсэн бэ?

- Хувцас дизайны чиглэлээр суралцана.

YOLO: Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай суралцаж төгслөө. Бага ангийн балчир наснаас өнөөдрийг хүртэлх чиний амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ? Амьдралынхаа нэгэн томоохон давааг давсан мэдрэмжээсээ хуваалцаач?

-Өөрчлөгдсөн зүйлсээс эхэлж яривал, би бага байхдаа их тайван хүүхэд байсан. Хийх ёстой зүйлсээ чадчихдаг байсан болохоор ч тэрүү, аливаад нэлээн найзгай хандлагатай байлаа. Одоо бол ахлах ангид орсноос хойш илүү их хариуцлага үүрэх хэрэгтэй болж, хариуцлага гэдэг хүн бүрийн зайлшгүй дааж авч явах ёстой зүйлийн нэг юм байна гэдгийг ойлгосон учир илүү зарчимтай амьдардаг болсон байна. Ямартай ч айдсаа давж чадлаа. Жишээлэхэд намраас хойш ЭЕШ-ын тухайд маш их айж байсан. Яг үнэнийг хэлэхэд чадах эсэхдээ ч эргэлзэж байсан бол одоо эргээд харахад үр дүн гайхалтай сайхан байна.

YOLO: Нэлээд тайван назгай хүүхэд байсан гэлээ. Тэр үед чиний амьдралд урлаг хэмээх зүйл хэр том орон зай эзэлж байсан бэ? Тэр дундаа дүрслэх урлагийн тухайд.

- Анх цэцэрлэгт байхдаа уран гимнастикаар хичээллэж байсан. Бас түүнээс ч өмнө хөгжим сонсох дуртай байлаа, одоо ч бас хөгжим сонсох маш их дуртай. Бага байхад минь дүрслэх урлаг хамгийн том орон зайг эзэлдэг байсан. Яг үнэндээ бол тэр үед урлагийн тухай дорвитой ойлголт, өөрийн гэсэн бодол байгаагүй ч гэлээ тухайн үед надад гоё мэдрэмжүүд төрүүлдэг байсан учраас урлаг гэдэг гайхалтай зүйл юм байна гэдгийг мэдэж байснаас төдийлөн урлаг гэдэг хүнд үнэхээр хэрэгтэй зүйл юм байна гэдгийг ухаараагүй байсан.

Миний урлагийг үзэх үзэл гэвэл, хүн тодорхой хэмжээгээр яалт ч үгүй өөрийгөө түүнд уусган нэвчүүлэх ёстой тийм зүйл. Тэгж гэмээнэ хүн өөрийн үзэл бодол сэтгэхүйгээ 360 градус гэдэг шиг маш олон талаас нь харж, өөрчилж, цаашид бас өөрчлөгдсөөр л байдаг. Түүнээс хүн юуг ч олж авч болдог. Тийм учраас урлаг бол хүний амьдралд орхигдох ёстой зүйл биш гэж боддог.

Урлаг бол хүн тодорхой хэмжээгээр яалт ч үгүй уусан нэвчих ёстой тийм зүйл. Тэгж гэмээнэ хүн өөрийн үзэл бодол сэтгэхүйгээ маш олон талаас нь харж, өөрчилж, цаашид бас өөрчлөгдсөөр л байдаг. Түүнээс хүн юуг ч олж авч болдог.

А.Мөнхтөгөлдөр

YOLO: Тиймээс урлаг чиний бага насанд маш том нөлөө үзүүлсэн гэж хэлж болох уу?

- Болно.

YOLO: Урлагийн олон урсгалууд дундаас өнөөдрийн хувьд өөрийнхөө хамгийн дуртай, хамгийн сонирхдог төрлийг нэрлээч?

- Миний хамгийн ихээр биширдэг урсгал гэвэл Монголд одоогоор бүрэн утгаараа дэлгэрч амжаагүй Contemporary урлаг байгаа. Энэ нь орчин үед аливаа улс орны хөгжилд маш том нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Урлаг, тэр дотроо Contemporary урлаг гэдэг нь, хэдий уламжлалт сэтгэлгээг хүмүүс тодорхой хэмжээнд орхигдуулдаг ч, “анхнаасаа суулгаж авсан” хэв маягаа хаялгүйгээр өөрийн яг хүссэн зүйлээ маш сонин, этгээд байдлаар ямар ч хэлбэрээр хүмүүст хүргэж болдог. Ийм учраас уран бүтээлч хүн өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, цаашлаад нийгэмд ийм цоо шинэ зүйлс гарч ирж болдог гэдгийг батлан харуулахад тусладаг учраас үнэхээр гайхалтай.

YOLO: Одоо урсгал талаас нь биш, урлагийг дотор нь хөгжим, зураг гэх мэтээр ангилъя гэвэл аль төрөлд нь илүү хайртай байдаг вэ?

- Миний одоогийн байдлаар хамгийн сайн чаддаг төрөл нь л зураг юм. Яг жинхэнэ хүсч тэмүүлдэг зүйл бол хөгжим. Хөгжим тоглож сурахыг хүсдэг, тоглож сурвал цаашид хэзээ ч хаяхгүй гэж боддог.

YOLO: Зураг зурахад чамайг хөтлөн дууддаг хүчин зүйл нь юу байдаг вэ? Тэр мэдрэмж нь нийтлэг үү, эсвэл цор ганц чамд л төрдөг мэдрэмж байдаг уу?

- Яг үнэнийг хэлэхэд энэ тухай бодож байгаагүй юм байна. Гэхдээ тухайн цаг үеийнхээ байр байдалд хөтлөгдөж, яг одоо, аль эсвэл маргааш зурмаар санагдсан тийм л мэдрэмж зурахад нөлөөлдөг. Энэ хүн бүрт янз бүр байх.

YOLO: Зургаа зураад сууж байхад чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Дэлгэрэнгүй зураглаж яривал?

- Тэр бол үнэхээр хүний сэтгэлгээ гэдэг яг л эсийн төвшинд очсон юм шиг маш нягт нямбай болох мэдрэмж. Яг зураас татаж эхлэх мөчөөс эхлээд л анхаарал хүссэн хүсээгүй тэр зурагт төвлөрнө. Зурж байх явцад зурагаа гоё болгож сайжруулах, өнгө дүрс нэмэх гэх зэргийн хажуугаар янз бүрийн оюун ухаанаа цэгцлэх бодлууд орж ирдэг. Нэг тийм нягтаршсан мэдрэмж гэх юм уу?

YOLO: Бүтээлүүддээ ихэвчлэн юуг тусгахыг хичээдэг вэ? Мэдээж түүнд чиний өөрийн онцлог шингэдэг байх, тиймээс үүнээс улбаалаад мөн өөрийнхөө зураг зурах онцлог хэв маягийг дүрсэлбэл?

- Маш чөлөөтэй. Хамгийн чөлөөтэй байхыг эрмэлздэг. Яг нэг чиг, хэв маягийг дагнан баримталж явах дургүй, угаасаа чадах ч үгүй байх. Ер нь л их чөлөөтэй юм даа.

YOLO: Сүүлд нь ажиглаж байхад бүтээлүүдэд чинь ихэвчлэн юу илэрхийлэгдсэн мэт санагддаг вэ?

- Миний сүүлийн үед зурсан зураг, хийсэн бүтээлээс ажиглахад их өнгөлөг, цоглог юм шиг мөртлөө яагаад ч юм өөрийн нүдээр харахад нэг тийм гунигтай мэдрэмж төрдөг. Түүнийг би яг тийм болгоё гэж хийгээгүй, хийсэн хойноо хараад угаасаа л ийм бүтээл болох байж дээ гэж боддог.

YOLO: Бүтээлүүдээс чинь чамайг өөрийг чинь олж харах боломжтой гэж хэлж болох уу?

- Болно.

YOLO: Тэгвэл, хэрэв чи өөрөө өөрийгөө бүтээлээр илэрхийлье гэвэл, ялангуяа одоо хувцас дизайнерын мэргэжлээр суралцах учраас ямар өнгө будагтай, ямар стильтэй хувцас байхсан бол?

- Хослол дээр авч үзье л дээ. Тэгвэл, ерөнхий өнгө маань нэг тийм байгалийн-хөрс, шороо, ургамал маягтай хэрнээ технологи талын метал аксэсуарууд хамт тусгагдсан тиймэрхүү загвартай байх болов уу?

YOLO: Өөрийгөө “магадгүй хүчтэй энергитэй гэдэг өгүүлбэрээр тодорхойлсон байсан шүү дээ. Тэр илэрхийлэл яаж буух бол?

- Миний өөрийн мэдрэмжээр бол нэг тийм хурц, шовх үзүүртэй зүйлсээр.

YOLO: Яагаад хослолыг сонгох болсон бэ? Эмэгтэй хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн даашинзаар илэрхийлдэг санагдах юм.

- Яг миний өөрийн баримтлалтай нийцэх байхгүй юу. Маш чөлөөтэй. Хослол бол жишээлэхэд, ямар ч үед, юун дээр ч зохицуулж болдог хувцас. Тайз дэлгэц, өдөр тутамд гээд хааш нь л бол хааш нь хөрвүүлж болохоор.

YOLO: Хоёулаа ярилцлагаа чиний ирээдүйн зам мөрөө болгон сонгосон хувцас дизайны чиглэл рүү илүү гүнзгийрүүлье. Хувцас дизайн гэдэг энэ гайхалтай, бас нэгэн урлагийн төрлийн хийж бүтээж чадах цар хүрээг өөрийнхөөрөө тодорхойлно уу? Түүний илэрхийлж чадах, түүнд тусч болох зүйлсийн хязгаар гэж бий юу?

- Тэр хязгаарыг хүн өөрөө л тогтооно. Миний хувьд гэвэл хязгаар байх нь байгаа, гэхдээ нэлээн хол явна. Ямар нэгэн яг тэнд хүрээд дуусна, яг тиймэрхүү хэв маягаар хязгаарлагдана гэсэн зүйл одоохондоо алга.

YOLO: Тэгэхээр, ер нь хувцас дизайнаар энэ ертөнц дээрх бүх зүйлсийг илэрхийлэх боломжтой гэж болох уу?

- Тийм.

YOLO: Мэдээж энэ чиглэлд Монголын болон олон улсын томоохон төлөөлөгчдийг сонирхон, хүндэлж явдаг байх. Монголынхоо биширч явдаг төлөөллөөс дурьдаач?

- Монголоосоо гэвэл яах аргагүй “93//KiDULT”, “Michel&Amazonka” хоёр бренд бий. “Michel&Amazonka”-с эхлэж ярихад, энэ бол гэнэт л цоройгоод гараад ирсэн, гэнэт гарч ирэхдээ маш ул суурьтайгаар гарч ирсэн бренд. Хүмүүсийн хувцасны тухай тогтсон ойлголтыг хагалсан гэмээр юм уу? Хүмүүсийн нүдийг нээсэн дээ. Уламжлалт болон орчин үеийн хоёр талаа маш оновчтой баримталж явсан учраас их үнэлэгддэг гэж боддог.

Харин “93//KiDULT”-ын тухайд гэвэл, хувьдаа Монголын бүх брендүүдийг авч үзэхэд ихэнхи нь яг гадаадынхаар яривал “Chanel”, “Dior” гэдэг шиг цор ганц тансаг, бүр цорын цор ганц байхыг эрмэлзээд байдаг бол тэр бренд маш өөр.  “93//KiDULT” маань саяхан охин компани гэдэг шиг салбарлаад “BASIC” нэртэй коллекц гаргаж байгаа. Тэр нь бол одоогийн орчин цагийн хүмүүст яг хэрэгтэй байгаа “Zara” гэх мэт энгийн брендүүдийн хэв маягийг тусгасан. Хүмүүс худалдан авалтаа тэндээс л эхэлнэ шүү дээ. Үндсэн “93//KiDULT” нь сонирхолтой, этгээд этгээд шийдэлтэй мөртлөө өдөр тутмын амьдралд нийцэж болохоор санагддаг учраас надад таалагддаг.

Нэр хүндээ олохын тулд эхлээд ажиллаж хөдөлмөрлөсөн байх ёстой учраас хооронд нь ялгаж салгаад байх зүйл биш байх. Ер нь нэр хүндээс бүхнийг эхэлнэ гэдэг боломжгүй зүйл.

А.Мөнхтөгөлдөр

YOLO: Харин одоо олон улсаас дурьдвал?

- За олон улсаас бол Alexander Wang гэж дизайнер байдаг. Өөрийнхөө нэрээр брендээ нэрлэсэн. Тэр хүний хувьд олон өнгө холилдсон - colorful биш, ихэнхи загварууд нь хар өнгөөр дагнаад явчихдаг. Жишээгээр харьцуулбал, Yoji Yamamoto гээд Японы бас нэг бренд л гэхэд Монголоос “Ariunaa Suri”-тай төстэй замбараагүй, эв хавгүй мэдрэмж төрүүлдэг байхад Alexander Wang-ийнх харахад хэдий хар юм шиг мөртлөө гаргаж байгаа коллекц болгон нь, тавилт болгон нь өөр өөр байж чаддаг. Түүний загваруудыг харахад маш гоё мэдрэмж төрдөг, юу ч гэмээр юм дээ... Хэр бараг нухацтай хандаагүй юм шиг хэрнээ нарийн харвал эд эс, ширхэг бүр дээр нь ажиллачихсан, онцгой диталиуд ихээр ашигласан байдаг учраас үнэхээр биширмээр санагддаг.

YOLO: Өөрийгөө ирээдүйд тэдний төвшинд очно гэсэн итгэл найдвар тавьдаг уу?

- Тодорхой хэмжээнд тавина аа. Монголоосоо үйл ажиллагаагаа эхлээд цаашид мэдээж дэлхийн тавцанд гарах зорилго байгаа. Гэхдээ юу юугүй тэдний хэмжээнд хүрнэ гэхгүй, эхлээд Монголдоо өөрийн гэсэн байр сууриа олно. Би хаанаас ч гарч ирж магадгүй.

YOLO: Үүнийг хийж бүтээхэд нэр хүнд чухал уу? Эхэлж нэр хүндтэй болохын төлөө хөөцөлдөх үү?

-Нэр хүндээ олохын тулд би эхлээд ажиллаж хөдөлмөрлөсөн байх ёстой учраас хооронд нь ялгаж салгаад байх зүйл биш байх. Ер нь нэр хүндээс бүхнийг эхэлнэ гэдэг боломжгүй зүйл юм даа. Эхлээд бүтээх учраас.

YOLO: Чи бид хоёрын ярилцаж байгаа хувцас, хувцаслалтын тухай сэдвээр Монголчуудын хувьд дутагдалтай санагддаг зүйлс чамд хувь хүний хувьд байдаг байх. Түүнээсээ хуваалцаач?

- Хамгийн түрүүнд хэлэх зүйл гэвэл хүмүүс өөрийнхөө хувцаснаас түрүүлж өрөөлийн хувцсыг хардаг юм шиг санагддаг. Өөрөө ямар нэгэн хувцас өмсчихсөн хэрнээ хүний хувцсыг хязгаарлах гээд үзээд байдаг. Тухайн хүн өөрийн хүссэнээр юугаа ч өмсөөд явж магадгүй. Түүнд үнэхээр чөлөөтэй бус ханддаг. Хэн нэгэн хүн яг өөрийнхөө хүссэнээр “галзуу” хувцаслачихсан байхад нь яг л хууль зөрчсөн юм шиг ханддаг хүмүүс арилаагүй байна лээ. Сүүлийн үед багасч байгаа нь авууштай, тэр асуудлыг л хэлмээр санагддаг даа.

YOLO: Энэ нь илүүтэй нийгэм талын шүүмж байна тийм үү? Харин мэргэжлийн уран бүтээлчид, энэ чиглэлээр ажиллагсад, бизнес хийдэг хүмүүсийн хувьд гэвэл?

-Шинээр сэтгэдэг хүмүүс олон байгаасай гэж боддог. Хэдий хувь хүний эрх чөлөө ч гэсэн, яг хүссэнээрээ хувцаслахад тренд гэдэг зүйл маш их саад болдог. Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа бренд болгон худалдан авалтаа эрэлттэй болгохын тулд ч гэмээр юмуу, трендийг 100 хувь дагаж мөрдчих гээд байдаг сул талтай.

YOLO: Одоо энэ сэдвээ завсарлаад, чиний мөрөөдлийн тухай сэдэв рүү оръё. Чиний мөрөөдөл юу вэ?

- Миний мөрөөдөл бол, нэлээд том мөрөөдөл байгаа. Монголын хувьд “үндсэн” загварын ордонг байгуулахыг хүсдэг. Одоогийн байдлаар бол байхгүй, зүгээр нэгдлүүд бол байна. Түүгээр дамжуулж нийгэмдээ өөрийнхөө яг хүсээд байгаа зүйлийг хүргэж чадах учраас, загварын ордон барихыг мөрөөддөг.

Мөн өөрийн нэрийн брендийг бий болгох няцашгүй зорилго бий. Өөрийнхөө брендээр зөвхөн нэг төрлөөр биш, бусад төрлүүдээр ч бас бүтээл туурвихыг хүсдэг. Жишээ нь театрын хувцас ч юмуу?

YOLO: Хүн мөрөөдлөө биелүүлнэ л гэж зүтгэдэг хойно, түүндээ хүрэх зорилго зорилтуудаа аль хэдийн тавьчихсан байгаа юу?

- Тийм ээ. Юуны өмнө сургуулиа амжилттай сурч төгсөхийг зорьж байгаа. Сурч байх явцдаа, суралцах нийт хугацааныхаа тал юмуу, төгсгөл хэсгээс үйл ажиллагаагаа эхлэх ч юмуу, эсвэл ямар нэг газар харьяалагддаг болж хөл дээрээ босоход шаардлагатай зүйлсийн суурийг тавина гэж боддог. Төгссөнийхөө дараа өөрийнхөө брендийг үүсгэн байгуулах шатруугаа орно.

YOLO: Чиний хувьд мөрөөдөл, зорилго хоёрын аль нь чухал вэ? Хүнд аль нь байх хэрэгтэй юм бол? Хий мөрөөдөөд суух нь дээр үү эсвэл бодит зорилготой байсан нь дээр үү?

- Сайн бодоод үзвэл зорилго л юм даа. Гэхдээ хүн мөрөөдөхдөө гол нь мөрөөдлөө үнэгүйдүүлж болохгүй шүү дээ. Миний хувьд мөрөөдөл гэдэг хий хоосон зүйл биш учраас, би өөрөө мөрөөдөл гэж хэлмээр байлаа. Гэвч бусад хүмүүсийн хувьд бодож үзээд зорилго гэсэн нь илүү оновчтой санагдсан.

YOLO: Чамтай адил мөрөөдөлтэй олон хүүхэд залуус эцэг эхийнхээ хориглосноос болоод өөр чиглэлийг сонгох нь элбэг байдаг шүү дээ. Харин чиний хувьд өнөөдрийг хүртэл дуртай зүйлдээ тууштай явж, мэргэжлийнхээ их сургуульд хүртэл орохоор болсон байна. Үүнд нөлөөлж өгсөн хүмүүсийг дурьдвал?

- Мэдээж гэр бүлийнхнийгээ дурьдана. Өвөө эмээ гээд л. Мөн бага ангийн багш маань бидний хүмүүжлийн суурийг их сайн тавьсан, үргэлжлүүлээд ахлах ангийн багш маань бас мундаг хүн байлаа. “Хүн яг өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд тууштай явахад хэзээ ч юманд хүрэхгүй байна гэж байдаггүй юмаа, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг л дага” гэж маш их хэлдэг байсан. Миний эцэг эх, найз нөхдийн хүрээлэл ч бас тийм үзэл бодолтой учраас миний хүсэл мөрөөдлийг ойлгож, хүндэлж, тус нэмэр болдог байсан. Тэд нартаа баярлалаа гэж хэлье.

YOLO: Хувцас дизайнд дуртай хүний хувьд мэдээж үеийнхнийхээ хувцаслалт, стиль имиджийг ажиглаж дүгнэж явдаг байх. Тэдгээр бодлоосоо бидэнд хуваалцаач? Манай үеийнхэн ямар чигийг илүүтэй баримталж байна вэ? Мөн дээр дурьдаад өнгөрсөн тренд гэж зүйлийг хэтэрхий дагах тал дээр юу гэж боддог вэ?

- Өнөөдрийн байдлаар трендээ баримтлаад явж байгаа маш олон залуус байна. Гэхдээ аль хэдэн жилийн өмнө тренд болж байсан хэв маягийг орхигдуулж гээгдүүлэхгүй байгаа хэсэг бий. Яг ч өөрсдийнхөө хүслээр биш юм, орчноо дагаад ч гэх юмуу яг тийм хэсэг байгаад байдаг. Тухайн хүний өөрийн статусаас, өөрийн дотоод сэтгэл, хүсэл сонирхлоосоо шалтгаалаад трендийг өөртөө хэр их уусгах нь харьцангуй ойлголт. Тренд тодорхой хэмжээнд байхад зүгээр боловч хэтэрхий ихэсгэж, хэтрүүлж болохгүй л гэж хэлмээр байна.

YOLO: Ер хувцаслалт төдийд ч бус, мэдлэг боловсрол, ёс зүй гэх мэт бусад чанаруудын хувьд чи өөрийнхөө зүгээс үеийнхэндээ хандаж ямар үг хэлмээр байдаг вэ?

-Миний маш их хэлэхийг хүсдэг зүйлийг асуулаа. Аав ээж нар маань “та нарын үе их сайхан шүү, бид нарын насныхан завсрын үе таараад доголдчихсон, харин та нар бол шинэ зүйл хийж бүтээх хүмүүс” гэж хэлдэг. Үнэндээ яг тийм. Манай үеийнхэн түүнийгээ заримдаа ойлгож ухамсарлахгүй байх шиг санагддаг. Яг товчхон гэвэл ямар ч зүйл байсан сэтгэлээсээ хандаж байгаарай л гэж хэлмээр байна.

YOLO: Дунд сургуулиа төгсчихлөө, одоо арван жилийнхнээ санах байх даа? Ер нь арван жилийн дурсамж гэдэг сайхан шүү дээ. Өөрийнхөө тэр үеийн хайртай найзууд, багш нар, ангийхныхаа тухай хуваалцаач?

- Ангийнхнаасаа эхлэвэл, манайхан ч их хөгтэй янзын нөхдүүд байдаг даа. Бие биедээ ойр байж чадахгүй байгаа юм шиг хэрнээ, яг цагаа тулахаар бусад ангиудтай харьцуулахад бие биедээ сэтгэл гаргаж, санаа тавьж чаддаг гоё хүүхдүүд. Үүнд яалт ч үгүй бага ангийн болон ахлах ангийн дааж авсан хоёр багш маань маш том нөлөө үзүүлсэн. Яг шуудхан хэлэхэд ахлах ангийнхаа багшийг ямар мундаг хүн байсныг би энэ жил л ухаарсан. Өмнө нь багштайгаа ойлголцдоггүй, яг үнэндээ авч хэлцдэг ч үгүй байсан юм /инээв/. Тэгээд төгсөх энэ жил юмсыг арай нухацтай бодож эхлэсэн ч гэх юм уу, багш маань их мундаг хүн юм байна билээ гэдгийг ойлгосон. Зөвхөн даасан ангиа ч биш ордог бүх ангиа хүмүүжүүлж явдаг мундаг багш. Жаахан томроод хэлчихэд манай бага, ахлах ангийн хоёр багш их “оновчтой” эмэгтэйчүүд байдаг. Өөрсдийн онцлог нь  зан араншин, хувцаслалт, үйлдэл гээд бүх зүйл дээр нь илэрнэ, харахаар л феминизм бодогддог /инээв/.

YOLO: Ингээд сүүлчийнхээ хоёр асуулт руу оръё. Яг чиний адил чиг сонирхолтой, хүсэл мөрөөдөлтэй залуус олон бий. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

- Мэддэг зүйлсээ бусдаас битгий харамлаж байгаарай гэж хэлье. Өрсөлдөөн гэдэг утгаар нь нэгнийгээ хохиролтой тал руу нь битгий түлхээсэй гэж хүсдэг. Шударга, хүндлэлтэй хандах хэрэгтэй.

YOLO: 20 жилийн дараах Мөнхтөгөлдөр 37 настай байх нь ээ. Яг одоо 20 жилийн дараах өөртөө юу гэж хэлж, захимаар байна вэ?

- Саяхан ангид маань дурсамж дэвтэр хийгдээд, би өөртөө захиа бичсэн. Хэрвээгийн хэрвээ би хийх ёстой зүйлсээ тэр үед хийгээгүй байх юм бол зүгээр суухаа болиод яг одоо хийж эхэл гэж хэлнэ. Харин мөрөөдлөө биелүүлээд эхэлчихсэн байвал, ид юм хийж бүтээдэг нас учраас өөрийгөө цаашид тултал нь хөгжүүлсээр байгаарай гэж захина даа.

YOLO: Баярлалаа. Цаашид бүтээх уран бүтээлүүдэд нь томоос том амжилт хүсье. Мэдээж өөрийнхөө мөрөөдөлд хүрч, зорьсноо биелүүлнэ гэдэгт итгэж байна.

-Баярлалаа.

Тухайн хүний өөрийн статусаас, өөрийн дотоод сэтгэл, хүсэл сонирхлоосоо шалтгаалаад трендийг өөртөө хэр их уусгах нь харьцангуй ойлголт. Тренд тодорхой хэмжээнд байхад зүгээр боловч хэтэрхий ихэсгэж, хэтрүүлж болохгүй.

А.Мөнхтөгөлдөр

#fashion, #art