ДУГУЙЛАН: Туялзуур сэлэмний анхдагч клуб УБ Фенсинг


Үжин | YOLO.MN
2017-02-13

Монгол Улсын хамгийн анхны туялзуур сэлэмний клуб “УБ фенсинг”-т өчигдөр зочлов.

Туялзуур сэлэмний спорт зуны олимпийн анхны наадмын хөтөлбөрт орж байлаа. 1896-2012 он хүртэл олимпийн их наадмаас Итали 48 алт, 40 мөнгө, 33 хүрэл, нийт 121 медаль хүртсэн амжилтаар олимпийн түүхийн хуудсыг тэргүүлдэг аж.

Франц, Унгар, ОХУ, Герман, Куба, Польш улсууд медалийн тоогоор тэргүүлдэг энэхүү спортыг язгууртны гэж тодорхойлох нь ч бий. Учир нь, дэлхий дахинд тоглож буй тамирчдыг ихэвчлэн өндөр дээд албан тушаал бүхий, өөрийн гэсэн нийгэмд эзлэх байр суурьтай, улс төр, бизнест манлайлагчид байх нь олонтаа.

Манай улсын хувьд 2009 онд холбоо анх байгуулагдаж 2010 онд хамгийн анхны клуб байгуулагдсан нь "УБ Фенсинг".

МҮОХ-ны гуравдугаар давхарт байрлах тус клубт ороход туялзуур сэлэмчид биднийг үл анзааран 10-17 насны охид тулааны зам дээр өрсөлдөж байлаа.

Заалны багтаамжаас шалтгаалан нэг ээлжиндээ 15-20 хүүхэд хичээллэдэг.  “УБ Фенсинг” клубийн Монголын Улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганбаатар, Монголын шилдэг сэлэмчдийн тоонд багтах Б.Цолмон, О.Анударь нар багшаар ажилладаг. 

Туялзуур сэлэмний спортын давуу тал:

     Нүдний хараа
    Орон зайн мэдрэмж
    Хурд
    Тэнцвэр
   Уян хатан байдал
    Авхаалж самбааг сайжруулах
   Анхаарал төвлөрөл, тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ
    Асуудлын шийдвэрлэх чадварыг дээшлүүлж өөртэй итгэлтэй зориг тэвчээртэй болгоно
    Хөгшрөлтийн эсрэг сайн эм гэж үздэг.

Туялзуур сэлэм нь хөнгөн сэлэм, хүнд сэлэм, илд сэлэм гэсэн гурван төрөлтэй. Зам буюу тулааны дэвжээнд гарсан тамирчнаас хурд хүч, овсгоо самбаа гээд маш олон талын ур чадвар шаарддаг. Тулааны үед биеийн бүх булчин зэрэг ажилладаг. Хамгийн их ачаалж ажилладаг нь уураг тархи.

Тамирчнаас богино хугацаанд шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх, тулааны үйл явцыг мэдрэх гээд асар өндөр мэдрэмж шаарддаг. Өөрөөр хэлбэл туялзуур сэлэм нь бүх биеийн хөдөлгөөнийг бүх тархиараа удирддаг. Ийм ч учраас туялзуур сэлэмчид хөдөлгөөнт шатар гэж тодорхойлдог аж.