"Эхлээд МОНГОЛ сэтгэлгээтэй болсны дараа ГАДААДАД МАГИСТРАА дүүргэвэл алдах юмгүй"


Энэхүү ярилцлагыг уншсан хүн нь ойлгосон зүйлээ тархиндаа, үзэл бодолдоо, амьдралдаа хэрэгжүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна...

                                                               YOLO.mn сэтгүүлч О.Оюун-Эрдэнэ

Yolo.mn сайтад ажиллаж эхэлсэн цагаас хойш аль хэдийн хоёр жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ярилцсан олон шилдэг залуучуудын заримаас нь урам зориг, заримаас нь би мөрөөдлөө олж авч байсан. Хичээлийнхээ хажуугаар утга учиртай, олон хүмүүст ялангуяа монголын ирээдүй болсон хүүхэд, залуусд зориулж хэрэгтэй мэдээлэл хүргэдэг учраас би энэ ажилдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ хэмжиж болдогсон бол хэдэн арван литр, хэдэн зуун километр, хэдэн мянган килограмм зүйл суралцсан гэж би ам бардам хэлэх байна. Энэ удаагийн ярилцлагын зочин маань  MUN болон MUM  зэрэг гадаад, дотоодод зохион байгуулагддаг НҮБ-ын загвар хурлуудад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон, МУИС-д олон улсын харилцаа мэргэжлээр суралцахын хажуугаар англи хэл дээр хэвлэгддэг UB post сонинд сэтгүүлчээр ажилладаг Б.Чинтүшиг байлаа.

Энэ ярилцлагыг хийсэндээ миний бие маш их баяртай байна. Та бүхэн энэ ярилцлагыг магадгүй дуустал нь уншилгүй дундаас нь орхих эсвэл үргэлжлэл байгаасай хэмээн хүсч ч магадгүй юм. Харин энэ ярилцлагаас хүлээж буй үр дүн минь бол олон хүн унших тоондоо бус, уншсан хүн нь ойлгосон зүйлээ тархиндаа, үзэл бодолдоо, амьдралдаа хэрэгжүүлээсэй хэмээн  чин сэтгэлээсээ хүсч байна.

YOLOУншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Намайг Б.Чинтүшиг гэдэг. Одоо 22 настай. МУИС-ыг олон улсын харилцаа мэргэжлээр энэ жил төгсөж байна. 2016 оноос хойш Монгол Ньюс группийн харьяанд байдаг Монголын анхны англи хэл дээр гардаг UBpost сонинд сэтгүүлчээр ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулиа “Шинэ эрин” дунд сургуулийг төгссөн.

YOLOОлон улсын харилцаа мэргэжлээр суралцдаг хүн яагаад сэтгүүл зүйн салбарт ажиллахаар болсон юм бэ?

Олон улсын харилцаа миний хувьд сонирхолтой сэдэв. Ээж, аавын нөлөөгүйгээр яг өөрийн сонирхлоороо л сонгосон мэргэжил. Би ахлах сургуульд байхдаа олон улсад  юу болж байгаа талаар гадаад мэдээ их сонирхож, уншдаг байсан. Олон улсын харилцаа яах аргагүй миний нэг сонирхол гэхдээ яагаад сэтгүүл зүйд орсон бэ? гэхээр манай найз UBpost-д ажилладаг байсан. Өөрөө ажлаасаа гарч байгаа “Сонинд ажиллавал тал талын мэдлэгтэй болдог, хүссэн хүнтэйгээ уулздаг маш гоё боломж” гэж хэлээд өнгөрсөн. Манай найз ажлынхаа хажуугаар хийгээд байсан юм чинь би яагаад болохгүй гэж бодоод дадлага хийж үзье гээд очсон. Түүнээс хойш дадлагажаад хоёр сарын дотор үндсэн ажилтан болоод тэр эрчээрээ одоог хүртэл явж байна.

YOLOUBpost-д ажиллах хэмжээний англи хэлний мэдлэгтэй гэдэг бол тэр хэмжээний гадаадад сурах боломжтой байсан гэсэн үг. Яагаад Монголдоо сурах шийдвэр гаргасан юм бэ?

Би 9 настайдаа гэр бүлээрээ АНУ руу нүүгээд тэндээ таван жил гаруй амьдарсан. 8-р ангидаа Монголд буцаж ирээд ахлах сургуулиа төгссөн. Англи хэл маань Монгол хэлнээс маань илүү болчихсон байсан. Нэг үгээр хэлбэл монгол хэл маань ярианы түвшинд хадгалагдаад, англи хэл маань унаган болчихсон. Тэгээд 2010 онд ирэхэд монгол бичиг үсгээ мартчихсан байлаа. Монголд үлдэх шалтгаан маань нэгдүгээрт, монгол хэлээ сайжруулах, хоёрдугаарт, монголынхоо орчинд суурьших, гурдугаарт ээж, аавтайгаа ойрхон байх давуу талтай байсан. 

Бас ээж аавтайгаа ярилцаад бакалаврыг хаана ч хийж болно. Хүн хамгийн дээд талын боловсролын зэргийг л асуудаг. “Хаана төгссөн бэ” гэхээр бакалавраа хэлдэггүй магистраа хэлдэг. Бакалавраа монголдоо хийгээд монгол танил хүрээтэй, монголдоо суурьшсан, монгол гэсэн сэтгэлгээтэй болчхоод магистртаа гадаадын их дээд сургуульд сурах нь алдах юмгүй. Харин ч мөнгө хэмнэсэн, ажлын туршлагатай болсон давуу талтай болохоор Монголдоо үлдэхээр шийдсэн.


YOLOЦаашдаа сэтгүүлзүйн салбарт ажиллах уу? Эсвэл арай өөр зүйл хийж үзье гэж бодож байна уу?

Би сэтгүүл зүйд ажилласнаар тал талын мэдлэгтэй, ялангуяа эдийн засгийн мэдлэгтэй болсон. Цаашдаа өөрийгөө хувийн бизнесийн тал руу явна гэж төсөөлдөг. Би анх 2-р курсэд байхдаа олон улсын байгууллагад ажиллана гэж боддог байсан. Саяхан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд элсээд арав гаруй залуучуудтай хамт Монголын залуучуудын төлөөлөл болоод хөтөлбөрүүд хэрэгжүүлж үзсэн. Олон улсын байгууллага  гэхээр хүмүүсийн төсөөлснөөс өөр байдаг юм билээ. Бүх юм шат дараалалтай. Юмыг хийе гээд өөрөө зүтгээд хийчхэж болдоггүй. Олон юмны цаана гарч байж нэг юм бүтээдэг. Олон улсын байгууллага тэр талаараа хязгаарлагдмал санагдсан. Гарааны бизнес эсвэл тогтсон бизнест ороод ажиллавал цаашдаа өргөжих боломжтой гэж бодож байна. Сэтгүүл зүй таалагддаг ч гэсэн хэцүү салбар. Яагаад гэвэл үнэн, худлаа мэдээлэл, гүтгэлэг гээд зөндөө юм байдаг. Худлаа мэдээллийн үр дагавар нь их. Их хариуцлагатай ажил болохоор надад их таалагддаг. Гэхдээ би ирээдүйдээ хувийн  салбар эсвэл уул уурхайн салбарт ажиллана.  

YOLOХоёр жилийн турш сонинд ажилласан гэхээр маш их нийтлэл, мэдээ бичсэн байх. Энэ хугацаанд бичсэн хамгийн онцломооор, олонд хүрсэн мэдээнээсээ хуваалцаач.

Би бизнес, эдийн засгийн булан дээр голчлон ажилладаг. Нийтлэл бичихдээ өөрийнхөө хувийн үзэл бодлыг баримттай, эх сурвалжтайгаар илэрхийлэхийг эрмэлздэг. Монголын нийгэм, эдийн засагт гарч байгаа асуудал, ялангуяа уул уурхайн салбарын талаар маш их нийтлэл бичиж байсан. Миний сэтгүүл зүйн карьер дахь хамгийн том ололт гэвэл өнгөрсөн 4 сард ОУВС (Олон Улсын Вальютын Сан) болон Дэлхийн банкны хаврын уулзалтыг Вашингтон ДС-д очиж сурвалжилсан. Тэнд  ОУВС-ын ажлын албаны дарга Geoff Gottlieb-тай ярилцлага хийгээд мөн хаврын уулзалтан дээр ямар уур амьсгал өрнөж байна, дэлхийн эдийн засаг ямар төлөвтэй байна, Монгол шиг хөгжиж буй орнууд яаж байна гэх мэт зүйлсийн талаар нийтлэл бичсэн. Christine Lagarde буюу ОУВС тэргүүнтэй таван минут орчим Монголын хөтөлбөрийн талаар ярилцсан. Их завгүй хүн болохоор ийм боломж олдсон. Ингэж явсан нь миний хувьд хамгийн онцолмоор үйл явдал гэж бодож байна.




YOLOТа сая яриандаа “Сонинд ажласнаар олон талын мэдлэгтэй болсон” гэлээ. Сонинд ажиллахаас өмнөх Чинтүшиг, одоогийн Чинтүшиг хоёр хэр ялгаатай вэ?

Асар их ялгаатай. Өмнө нь Монголын эдийн засаг, улс төрийн талаар ээж аавын хэлж байгаа ч юм уу эсвэл телевизээр хальт сонссон өнгөцхөн ойлголттой байдаг байсан. Сонинд ажиллахад нэг нийтлэл бичихийн тулд гучин минутаас цагийн турш судалгаа хийдэг. Буруу зүйл бичиж болохгүй, хүмүүст зөв мэдээлэл хүргэх ёстой. Ялангуяа Монголд байгаа гадаад хүмүүст зөв ойлголт өгөхгүй бол тэр буруу ойлголт нь үлдчихдэг учраас маш хариуцлагатай ажиллахыг хүсдэг. 

Тэр талаараа ажлын хариуцлага сурсан, бичиж байгаа үгийн сонголтон дээрээ анхаардаг болсон, монголын талаарх мэдлэг маань маш их өргөссөн. Улс төр, эдийн засгийн тал дээр монголд ямар систем явж байна, эдийн засаг нь яаж байна, ямар институц юу хийж байна, ОУВС ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна гэх мэт тал талын мэдлэгтэй болсон. Би зөвхөн эдийн засгийн мэдээ бичээд байхгүй. Нэгдүгээр нүүрэндээ байгаль орчны мэдээ бичнэ, заримдаа спортын мэдээ бичнэ. 

Социализмын үед тал талын мэдлэгтэй хүн бэлтгэхийг хүсдэг байсан шиг болчихдог юм билээ. Хувийн амьдралд бол илүү хариуцлагатай болсон, ажлыг хийж сурсан, юмыг эргэцүүлж боддог болсон. Аливаа зүйлийг харангуутаа анхны сэтгэгдлээрээ, сэтгэл хөөрлөөрөө хандах биш олон талаас нь хараад, зөвхөн үзэмжээрээ ийм байгаа ч гэсэн цаана нь юу байгаа гэдгийг харахыг хүсдэг, сониуч болчихдог юм билээ. Гооглэ бол хамгийн сайн найз маань болсон доо. 

Investopedia гээд микро, макро эдийн засгийн талаар бүх ойлголтуудыг тайлбарласан сайт байдаг. Тэрийг олон цаг уншиж, олон цаг судалж байж л хүмүүст мэдээлэл түгээнэ. Бас цаганд баригдаж сурсан шүү.

YOLOЦагаа хэрхэн төлөвлөдөг вэ? Сурна, ажиллана, олон нийтийн ажилд оролцоно, ар гэртээ анхаарал тавина гээд энэ олон зүйлийг амжуулахын тулд ашиглаж байсан цаг төлөвлөлтийн арга тань юу вэ?

Би Мягмар, Пүрэв, Ням  гарагуудад сонин дээрээ ажилладаг байсан, учир нь манайх Даваа Лхагва, Баасан гарагуудад сониноо гаргадаг. Тэгэхээр өмнөх өдрүүдэд нь очиж ажилладаг байсан. Нэг сандал дээр очоод hotspot-оо асаагаад, компьютертоо залгаад хаана ч юмаа биччин ажлаа хийж сурсан. Би бол бичиж төлөвлөөд байдаггүй хүн. Мундаг хүмүүсийг харахаар өдөр болгон төлөвлөгөө гаргадаг. Би анхнаасаа тийм биш байсан ч өөрийнхөө мэдрэмжээр сурчихсан. Энэ ингэдэг дээ, ингэвэл, энэ цагт эхэлбэл амждаг даа, ингэвэл амждаггүй дээ гэх мэт. Тийм болохоор орой их суудаг. Өмнө нь гэртээ хариад даалгавраа хальт хийчхээд унтаад өгчихдөг, компьютер оролдоод байж байдаг байсан бол орой хариад дараагийн бичих нийтлэлийнхээ тухай мэдээлэл, ном уншиж сурсан. Сууж сурсан гэхэд буруудахгүй дээ.

YOLO Одоо үргэлжлүүлж сурах уу? Эсвэл ажлын туршлага илүү хэрэгтэй гэж бодож байна уу?

Ингээд хоёр жилийн ажлын туршлагатай болчихлоо. Гэхдээ UBpost-доо хоёр жил хүргэчхээд цаашдаа өөр ажилд орно эсвэл үргэлжлүүлээд магистртаа сурна. Харамсалтай нь зөвхөн монголдоо боловсролын зэрэг эзэмшээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй. Гадаадад очиж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд магистрийн зэрэг хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан болохоор ойрын хоёр жилдээ сурах бодолтой байна. Тэр дундаа Канадыг илүү их онцолж байна. Яагаад гэвэл би сүүлийн хоёр жил хоёр удаа Канадад очиж үзсэн. Монголын уур амьсгалтай ойролцоо, хүмүүс нь эелдэг, хүнд ээлтэй газар байна лээ. Ялангуяа “University of Toronto”-г судалж байна. Олон улсын харилцаа мэргэжлээрээ илүү гүнзгийрүүлээд “Global affairs” чиглэлээр сурах бодолтой байна. Одоо ажиллаж байгаа эдийн засаг, санхүүгийн чиглэлээрээ ч явж магадгүй. Ямар ч байсан Монголд ямар ажлын боломж байна гэдгийг судалж байгаад магистртаа заавал явна гэж шийдчихсэн.

YOLOДөрвөн жилийн турш оюутан байсан хүний хувьд сурсан, хамгийн их ойлгосон зүйлээсээ хуваалцаач?

Өөрийгөө байнга шинэчилж, өөрчилж, сайжирч байх хэрэгтэй. Би сурч байгаа юм чинь өөр юм хийгээд хэрэггүй, амжихгүй гэдэг үүднээс хандах хэрэггүй. Их сургуульд суралгүйгээр тал талын чадварыг авах боломж нээгдчихсэн энэ үед  гадаад хэл, маркетингийн зэрэг, төсөл удирдах сургалт гээд төрөл бүрийн сургалт байдаг болсон. Өөрийгөө байнга сайжруулж, тодорхой хэмжээнд голж, сэтгэл ханаж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон.

YOLOШинэ хэл сурч байгаа юу?

Манай мэргэжилд гурав дахь хэл сурах хэрэгтэй байдаг. Би франц хэл үзсэн. Франц хэл бол их сонирхолтой, англи хэлтэй ойролцоо, гоё сонсогддог, дэлхийн хэл бол яах аргагүй мөн. Англи, франц хэлтэй болчихвол Африк, Европ гээд бараг бүх тивтэй харилцах боломжтой болж байна гэсэн үг. Франц хэлээ сайжруулахыг их хүсдэг. Duolingo аппликейшнаар франц хэл дээр сонсох даалгавар сонсдог. Бас испани хэл илүү их сонирхож байгаа. Испани хэл бол франц хэлтэй адилхан бүхэл бүтэн хоёр тив хоорондоо харилцах боломжтой. Энэ хоёрын аль нэгийг барьж аваад сурна гэсэн зорилго тавьчихсан байгаа. Сургуулиа төгсчихсөн юм чинь биелүүлэхгүй бол харамсалтай шд.

YOLOХэл сурдаг арга барил чинь юу вэ? Хэлийг хурдан, сайн сурах ямар арга байна вэ?

Би бол англи хэлийг суръя гээд сураагүй, аргагүйн эрхэнд сурсан. Америкт анх цагаан толгой ч үгүй, нэг ч англи үг мэдэхгүй очиход хэнтэй ч ойлголцохгүй зүгээр инээгээд л сууж байдаг байсан. Яах аргагүй орчинд нь би англи хэл сурсан. Буцаад ирэхэд монгол хэл эсрэгээрээ болчихсон байсан. Орчинд нь байх хэл сурахад том дэмжлэг болдог. Хүмүүсийн хүсээд байгаа гадаад хэл нь миний хувьд монгол хэл байсан. Монгол хэлээ яаж сурсан бэ? гэхээр ичиж зовохгүй ярьдаг байсан. UBpost-д ороод монгол мэдээ уншдаг болсноороо монгол хэлний бичих чадвараа илүү их сайжруулсан. 

Монголчууд бид хоорондоо өрсөлдөх биш олон улсад өрсөлдөх хэрэгтэй.       

                                 Б.Чинтүшиг 




Анхандаа хэцүүхэн л ярьдаг байсан гэж хүмүүс хэлдэг. Би өөрөө анзаарах ч үгүй яриад байдаг байсан. Ичиж зовохгүй яриад, шоолуулбал шоолуулаад, энийг яаж хэлдэг юм гэж хүнээс асуугаад бас сайн ном уншдаг байсан.  Дандаа хичээл хийлгүй, кино үзэх, дуу сонсох нь чихийг нээж өгдөг гэдэг нь яах аргагүй үнэн. Байнга сонсоод байхаар наалддаг. Ямарваа нэгэн байдлаар сонсоод л байх хэрэгтэй. Нэг ч гэсэн үг ойлгоод тэрийгээ тогтоочихлоо гэхэд дараа нь өөр үгэн дээр анхаараад цаашаа явсаар байгаад сайжирна. Нэг сарын хугацаанд унаган хэлтэй болгочихно гэдэг амлалтад хүмүүс их автдаг. Хэл сурах бол удаан сурах үйл явц, сэтгэл ханаж болохгүй. Байнга өөрийгөө голж байх хэрэгтэй. Аппликейшн, интернет дээрх үнэгүй вебсайт, youtube гээд хэл сурах зөндөө хэрэгсэл бий. Миний ажлын чиглэлээр уулзсан хүмүүс дунд яг л англи хүн шиг ярьдаг нь зөндөө бий. Тэд англи хэлийг монголдоо л сурсан гэдэг. Тиймээс хэнд ч гэсэн боломж бий. 

YOLOХобби, сонирхол бий юу?

Сагс тоглодог, сэлдэг. Сэлэх бол стресс тайлдаг. Хөдөлгөөнтэй байвал тархи сэргэг байдаг гэдгийг ойлгосон, угаасаа ч шинжлэх ухаанаар батлагдсан шүү дээ.  Бие хөдлөнгүүт тархинд серотонин ялгардаг. Ингэснээр танд илүү аз жаргал, сэтгэл ханамж мэдрэгддэг. Биеэнд ч тэр, зүрхний үйл ажиллагаанд хөдөлгөөнтэй байх их чухал. Анхнаасаа зөв зуршилтай болчихвол цаашдаа хөдөлгөөтэй байх хэрэгтэй гэсэн ойлголттой болчихдог. Усан поло тоглодог байсан. Чөлөөт цагаараа НҮБ загвар хурал,  өөрийгөө хөгжүүлэх, илтгэх чадвараа сайжруулах гэх мэт олон талын чадвараа сайжруулахыг хүсдэг. Эдгээрийг бас нэг төрлийн хобби гэж боддог.

YOLOНҮБ-ын загвар хуралд оролцох сонирхолтой гэлээ шүү дээ. Будапешт-д зохиогдсон MUNapest буюу НҮБ-ын загвар хуралд оролцож байсан гэж сонссон. Энэ талаар?

МУИС – ОУХНУС-д НҮБ-ын загвар хурлын клуб байдаг. Энэ клубд 2-р курсдээ элссэн. Бид клубээрээ ярилцаж байгаад Унгарын Будапешт явахаар шийдсэн. MUNapest бол  тив бүрээс хүмүүс ирж оролцсон, өндөр төвшинд зохион байгуулагддаг НҮБ-ын загвар хурал. Гадаадад очихоор зөвхөн англи хэлээр ярьдаг болохоор тэр талаараа өвөрмөц бөгөөд нэг улсын дипломат төлөөлөгч болж учраас бас их хариуцлагатай ажил. Би БНХАУ-ын төлөөлөгч болсон. Латин Америкт ямар бодлого баримталдаг, Европ, Африк, Хойд Америк гээд Хятадын гадаад бодлогыг бүрэн судлах нь олон улсын харилцааны оюутны хувьд чухал ач холбогдолтой. Зөвхөн хичээлийн хүрээнд биш өөрийнхөө сонирхлоор оролцох их гоё байдаг.

YOLOҮеийнхэн, уншигч дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна вэ. Энэхүү асуултаар ярилцлагаа өндөрлөе.

Монгол хүмүүсийн IQ өндөр, монгол хүн юмыг амархан сурдаг гэдэг надад үнэн санагддаг. Юм хурдан сурдаг, хэл сурахдаа хурдан, дасан зохицох чадвар сайн гэж боддог. Манай багш бидэнд “Монгол хүүхдүүдтэйгээ өрсөлдөөд ан мана үзээд байх биш. Олон улсад Энэтхэг, Хятадын сая сая хүүхэдтэй өрсөлдөх хэрэгтэй. Тийм болохоор бие биенийгээ доош нь таталгүй, харин ч дээш өргөөд дэмжих ёстой” гэж хэлж байсан. Бидэнтэй өрсөлдөх хэдэн тэрбум хүн байна. Монголын хамгийн том нөөц бол хүн нь өөрөө юм. Хүний боловсрол, сэтгэхүй хэр байна гэдгээс шалтгаалаад монгол улсын хөгжил шийдэгдэх болохоор энэ тал дээр анхаарах нь зөв. Боловсролын салбараа хурдхан шинэчлээд илүү бодит байдалтай нийцсэн, орчин үеийнх болгох ёстой гэж би боддог. Залуучууд зөвхөн боловсролын системд найдалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх нь чухал шүү гэж хэлмээр байна.

Зөвхөн МУИС-д сураад олон улсын харилцааны мэдлэг олж авсан ч хэзээ ч UBpost-д ажилласан туршлагыг орлож чадахгүй. Сургуульдаа битгий найдаарай, өөрийгөө хөгжүүлж, голж байгаарай. Өөрийгөө дутуу үнэл гэж байгаа биш ч сайжрах хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд, өөртөө сэтгэл ханаж болохгүй.  Хүн бол хэзээ ч сурч дуусдаггүй. Боловсролоос гадна сэтгэлгээндээ анхаарах хэрэгтэй шүү. Боловсрол чухал ч хамгийн эхлээд зөв хүн болоорой гэж хэлэх нь ач холбогдолтой байх.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

 

Хүн өөрийгаа байнга ӨӨРЧИЛЖ, САЙЖРУУЛЖ, ШИНЭЧИЛЖ байх хэрэгтэй

                       Б.Чинтүшиг 

 

#Education #Interview