СУРВАЛЖЛАГА: Монголын томоохон ИХ СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ


О.Дорж | YOLO.MN
2018-04-23

-Их сургуулиудын талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл өглөө-

Монгол улсын их сургуулиудын нэгдсэн хамгийн том Боловсрол шинэчлэл 2018 үзэсгэлэн 4-р сарын 20-23-ны хооронд Мишээл экспод зохион байгуулагдаж дууслаа.  Уг үзэсгэлэнд ахлах ангийн сурагчдад зориулсан Нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн талаар, Мэргэжлээ зөв сонгоход хэрэгтэй мэдээ, мэдээлэл, Их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх болон бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцууллаа. Мөн энэ жилийн төгсөгчдийн хувьд өмнөх жилээ бодвол төгсөгчид мэргэжил сонголтоо хийхдээ нарийн мэргэжлүүд болон шинжлэх ухаан, байгалийн ухаан талын мэргэжлүүдийг илүүтэй сонгож байна гэж их сургуулиуд хэлж байлаа. Энэ жил орсон нэгэн томоохон өөрчлөлт бол их сургуулиудын босго оноо 480 болсон юм. 

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ (МУИС)

МУИС нь 1942 онд байгуулагдсан ба дотроо 

1. Шинжлэх ухааны сургууль  (Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэг )
2. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
3. Бизнесийн сургууль
4. Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
5. Хууль зүйн сургууль
6. Завхан сургууль
7. Эрдэнэт сургууль  гэсэн салбаруудад хуваагдана. 

Элсэлтийн мэдээлэл: МУИС-ийн босго оноо Улаанбаатар дахь салбар сургуулиудын хувьд 500 оноо, Завхан, Эрдэнэт сургуулийн хувьд 400 онооноос дээш байхаар болжээ. Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6-р сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж 7-р сарын 2-ны өдрийн 12:00 цагт хаах бөгөөд http://burtgel.num.edu.mn/ хаягаар элсэлт явгдана. Шинээр элсэгчид буюу бакалаврын түвшинд элсэгчид элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтрэхээр болсон байна. Бүртгүүлэгч хэдэн ч салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, Завхан, Эрдэнэт сургууль 1000 төгрөг байх аж. МУИС-ын басго оноо хангаж хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан бүртгүүлэгчдийг оноогоор нь жагсаана. Элсэх эрх олгох үйл ажиллагаа 

Орон даяар http://burtgel.num.edu.mn/ хаяагаар явагдаж хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргач нь 24 цагийн дотор сонгосон бүрэлдэхүүн сургуулийнхаа 1 багц цагийн төлбөрийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлснөөр элсэх эрх баталгаажна. 

Дэлгэрэнгүйг: http://www.num.edu.mn/ 


2. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ (МУБИС)

Монгол улсын боловсролын их сургууль нь :

1. Багшийн сургууль
2. Математик ,Байгалийн ухааны сургууль
3. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль
4. Урлаг, биеийн тамирын сургууль
5. Боловсрол судлалын сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулиудтай. 

Элсэлтийн мэдээлэл: МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2018 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг МУБИС-ийн элсэлтийн төв комисс зохион байгуулна.

Элсэлтийн журам болон нэмэлт мэдээллийг http://www.mnue.mn, http://burtgel.surgalt.mn/ цахим хуудасны “Элсэлт 2018” булангаас үзнэ үү. Бүх шатны сургууль, боловсролын байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, захиалга, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчин нөхцөлд нийцүүлэн, Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчдийг 2018 оны 07 дугаар сарын 01-ээс 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрүүдэд МУБИС-ийн элсэлтийн http://burtgel.ulms.mn/ вебээр онлайн бүртгэл хийнэ. Элсэлтийн бүртгэлийн хураамж 10000 төгрөг байх ба онлайнаар төлнө.  Орон нутгаас элсэх элсэгчид Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр бүртгүүлнэ. МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд элсэх элсэгчдийг 2018 оны 07 дугаар сарын 01-ээс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр бүртгэхээр болжээ. 

 Дэлгэрэнгүйг: http://mnue.mn/ 


3. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ (ШУТИС)

ШУТИС-ийн хувьд :

1. Барилга, архитектурын сургууль
2. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
3. Үйлдвэрлэлийн технологийн сургууль
4. Геологи, уул уурхайн сургууль
5. Мэдээлэл, холбооны технологийн сургууль
6. Эрчим хүчний сургууль
7. Механик, тээврийн сургууль
8. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
9. Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль
10. Орхон аймаг дахь технологийн сургууль гэсэн бүрэлдэхүүн салбар сургуулиудтай. 

Элсэлтийн мэдээлэл: Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд элсэлт бүртгэлийн www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар бүртгүүлнэ. Аймаг, орон нутгаас ШУТИС-д элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байна. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд бүртгүүлэх эрхтэй. Бүртгүүлэгч бүлэгт заасан хичээл бүрээр авсан ЭЕШ-ын оноогоо оруулж бүртгүүлэх бөгөөд өндөр оноотой хичээлийн оноогоор тухайн бүлэгт бүртгүүлэгчдийн жагсаалтад эрэмбэлэгдэнэ. Бүлэг тус бүрээр бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг энэ журманд заасан хугацаанд нийтэд мэдээлнэ. Онооны жагсаалтанд бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд хоёрдугаар хичээлээр авсан оноог харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэнэ. 

Мөн өмнөх жилийн төгсөгчид нийгмийн эрэлт хэрэгцээт мэрэгжилд тулгуурлан мэргэжил сонголтоо хийж байсан бол энэ жилийн хувьд илүү олон төрлийн нарийн (нано инжерчлэл, нисэхийн инженер, био инженерчлэл гэх мэт) мэргэжлүүдийг өөрийн хүсэл сонирхолд тулгуурлан сонгож байгаа талаар ШУТИС-ийн олон нийттэй харилцах албаны дарга Отгон-Эрдэнэ хэлж байлаа. 


4. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ (СЭЗДС)

СЭЗИС нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших ууган сургуулиудын нэг юм. СЭЗИС нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг. Шинээр цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж гадаадын 9 орны 16 Их дээд сургуультай хамтран Ухаалаг Зайны Сургалттай Их Дээд Сургуулиудын Олон Улсын Ассоциацийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Кипр улсын Никозиа Их сургуультай хамтран “Зочлохуйн хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлж олон улсын компаниудад ажиллах чадвартай боловсон хүчнүүдийг бэлдэж байна. 

Дэлгэрэнгүйг: http://www.ufe.edu.mn/  


5. СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ (СУИС)

СУИС нь Монгол улсад урлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамийн том их сургууль юм. Салбар сургуулийн хувьд :

1. Дүрслэх, дизайн урлагийн сургууль
2. Радио телевиз, медиа урлагийн сургууль
3. Соёлын сургууль
4. Театрын урлагийн сургууль

Хөгжмийн урлагийн сургууль гэсэн салбар их сургуулиудтай. Монгол улсын Соёл урлагийн их сургууль бакалаврын сургалтын 25 хөтөлбөрт элсэлт авах бөгөөд тэдгээрийн 19 хөтөлбөрт элсэхэд ур чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр хөтөлбөрт элсэхийн хүсэгчид ЭЕШ-ын аль нэг хичээлээр 480, түүнээс дээш оноо авсан бол ур чадварын шалгалтанд онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой юм.

Дэлгэрэнгүйг: http://www.msuac.edu.mn/


6. ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ (ХСИС)

Уг сургууль нь их сургуулийн статустай хууль сахиулах салбарын мэргэжилтэнг бэлтгэдэг цорын ганц сургууль юм . Бүрэлдэхүүн сургуулиудын хувьд :

1. Хууль сахиулахын удирдлагын академи
2. Ахисан шатны боловсролын сургууль
3. Цагдаагийн сургууль
4. Хилийн сургууль
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль
6. Онцгой байдлын сургууль
7. Эрх зүй нийгмийн ухааны сургууль
8. Ахлагчын сургууль
9. Шинжлэн магадлахуйн институт

Тус сургууль нийтлэг шаардлагаас гадна тусгай шаардлагуудыг тавьдаг ба үүнд : 

1.Эрүүл мэндийн шаардлагыг хангасан байх
2. Бие бялдрын сорил
3. Сэтгэл зүйн сорил
4. Шивээсгүй, 20x05 мм –ээс том сорвигүй байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж.  

Дэлгэрэнгүйг: http://www.leu.gov.mn/home.shtml 


7. AНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ (АШУҮИС)

Монгол улсад анагаах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль юм. Бүрэлдэхүүн сургуулиудын хувьд : 

1. Анагаах Ухааны Сургууль
2. БиоАнагаахын сургууль
3. Нүүр Ам Судлалын сургууль
4. Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
5. Сувилахуйн Сургууль
6. Дорноговь дахь салбар сургууль
7. Говь-Алтай дахь салбар сургууль
8. Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
9. Олон Улсын Сайбер Их Сургууль
10. Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль

Эм зүйн сургууль гэсэн сургуулиудтай ба бүртгэлийг http://burtgel.mnums.edu.mn/ хаягаар авна. Элсэхийг хүсэгчид нь АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЭЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэх бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэлтийн бүртгэлийн хуудсанд хувийн мэдээллийг баталгаажуулан элсэхийг хүссэн хөтөлбөрүүдийг дугаарлан ялгаатайгаар сонгосон байна. Хамгийн бага дугаартай хөтөлбөр нь сонгохыг хүссэн хөтөлбөр байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mnums.edu.mn/


 

8. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ (ХААИС)

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, харъяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Бүрэлдэхүүн сургуулиудын хувьд:

1.Мал эмнэлгийн сургууль
2. Мал аж ахуй, Биотехнологийн сургууль
3. Инженер, Технологийн сургууль
4. Агроэкологийн сургууль
5. Эдийн засаг бизнесийн сургууль
6. Агроэкологи бизнесийн сургууль
7. Магистр, докторын сургууль

Суурь боловсролын төв гэсэн салбар сургуулиудтай аж. Элсэлтийг цахимаар http://elselt.muls.edu.mn/ сайтаар дамжуулан авна. 

Дэлгэрэнгүйг: http://muls.edu.mn/






















ТА БҮХНИЙ МААНЬ МЭРГЭЖИЛ СОНГОЛТ МЭРГЭН БАЙГsmiley

Бэлтгэсэн өсвөрийн сэтгүүлчид: О.Дорж, Т.Мөнхжин

#Education #Event