“MTV Video Music Awards” наадмын “Оны шилдэг уран бүтээлч” шагналын төрөлд дан эмэгтэйчүүд өрсөлдөнө


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-09-13

“MTV Video Music Awards” наадамд дуучин Тэйлор Свифт найман шагналд нэр дэвшиж нийт оноогоороо тэргүүлж байна

“MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолын “Оны шилдэг уран бүтээлч” төрөлд дан эмэгтэй уран бүтээлчид нэр дэвшсэн нь анхны тохиолдол боллоо. Хөгжмийн наадмын хамгийн их анхаарал татдаг энэхүү төрөлд Тэйлор Свифт, Бэйонсе, Doja Cat, Ники Минаж, Karol G, Шакира нарын уран бүтээлчид өрсөлдөх гэж байна.

Нью-Йоркоос холгүй орших Нью-Арк хотын “Prudential Center”-т зохиогдох “MTV Video Music Awards” наадмыг дуучин Ники Минаж хөтөлнө. Тэрбээр өнгөрсөн онд Lil Wayne, Жак Харлоу нарын хамт наадмыг хөтөлж байсан бол энэ онд ганцаараа хөтлөх аж.

Түүнчлэн энэ жилийн наадмаар хип хоп хөгжим үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэх бөгөөд төгсгөлд нь энэхүү урсгалын үе үеийн олон алдартнууд болох DMC, Doug E. Fresh, Grandmaster Flash, the Furious Five, LL Cool J, Ники Минаж нар хамтарсан тоглолтоо толилуулна.

“MTV Video Music Awards” наадамд дуучин Тэйлор Свифт найман шагналд нэр дэвшсэнээрээ жагсаалтыг тэргүүлж байна. Үүний долоод нь “Anti-Hero” дууны клипээрээ нэр дэвшжээ. Мөн “Оны шилдэг уран бүтээлч” төрөлд өрсөлдөж байгаа аж. Түүний араас дуучин SZA зургаан төрөлд нэр дэвшиж жагсаалтыг удаалж байна.

Дуучин Тэйлор Свифт одоогоор “MTV Video Music Awards”-ийн 14 шагналын эзэн болоод байгаа юм.  Түүний өмнө 28 шагнал хүртсэн Бэйонсе (хоёрыг нь “Destiny” Child хамтлагтайгаа авсан), 20 шагналтай Мадонна, 19 шагнал авсан Лэйди Гага нар бичигддэг аж.

Харин дуучин Шакирагийн хувьд “Video Vanguard Award” шагнал хүртэхийн зэрэгцээ тайзан дээр дуулна гэсэн хүлээлттэй байгаа юм. Шакира “Video Vanguard Award” шагналыг хүртсэнээр Латин Америкаас энэхүү шагналыг хүртэж буй анхны уран бүтээлч болох юм. Энэ шагнал нь хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг олгодог попын хаан Майкл Жексоны нэрэмжит тусгай шагнал аж. Энэхүү шагналыг өмнө нь Бэйонсе, Ники Минаж, Мадонна, Жанет Жексон, Женнифер Лопез, Рианна, Мисс Эллиот нар хүртэж байжээ.

#мэдээ