ЭЕШ: Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ БҮРДҮҮЛЭХ ЗҮЙЛС


Сондор | YOLO.MN
2018-04-12

-ЭЕШ-ЫН ХУВААРЬ: Шалгалт 6-р сарын 16-нд Монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ-

Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул үлдсэн тав хоногт амжиж бүртгүүлэхийг тус төвөөс анхааруулж байна. 

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх юм.

2018 онд ЕБС төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны тавдугаар сарын 15-наас хойш Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ

  • бүртгэлийн хуудас,
  • суудлыг хуваарь,
  • цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,
  • бүрэн дунд боловсролын үнэмлэх,
  • түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан цахим хуудаснаас үзэж болно гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

2018 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

#ЭЕШ #Preparative method #Teenagers