Facebook-ээ устгах ЦАГ НЬ БОЛСОН УУ?


А.Ихсанаа | YOLO.MN
2018-03-21

Яг одоо хүмүүс энэ асуултыг өөрсдөөсөө асууж байна. Учир нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Доналд Трампын кампанит ажилд оролцсон Кембриж Аналитика хэмээх дата компани Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээллийг авч ашигласан тухай асуудал саяхан сөхөгдсөн.

Тус компани 2015 онд Facebook-ийн 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр авч, сонгуулийн үеэр ашигласан бөгөөд хүмүүс Facebook-ийн бодлогыг эсэргүүцэж, компанийн хувьцааны үнэ сүүлийн хоёр өдөр эрчимтэй унаж байна.

2015 онд болсон явдлын тухайд эргэн дурсахад Кембрижийн Их сургуулийн профессор Александер Коган гэгч “Таны дижитал амьдрал” хэмээх Facebook аппликейшн хөгжүүлжээ.

Энэхүү аппликейшн нь бидний сайн мэдэх “Та хэд наслах вэ?”, “Таны заяаны хань хэн бэ?”, “10 жилийн дараах ирээдүй” гэх мэт сонжоо маягийн аппликейшнтэй ижил зарчмаар ажилладаг бөгөөд ийм аппликейшнийг ашиглахдаа хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллийг хуваалцаж байдаг.

Ингээд 2015 онд “Таны дижитал амьдрал” хэмээх аппликейшнийг 270 мянга гаруй хэрэглэгч ашиглаж, найзууд болон өөрсдийнхөө хувийн мэдээллийг хуваалцжээ.

Facebook энэ явдлаас хойш гуравдагч этгээдүүд хэрэглэгчдийн ямар мэдээллийг авч болох тухай заалтдаа өөрчлөлт оруулсан хэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд хөрөнгө оруулагчид санаа зовж, 2012 оноос хойш хувьцааны үнэ хамгийн муу дүнтэй гарч байгаа төдийгүй зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбум ам. доллароор унасан байна.

Зарим хүмүүс #DeleteFacebook хэмээх хаштаг ашиглан, Твиттерт энэ төрлийн жиргээ эрчтэй тархаж байна. Тэр ч бүү хэл 19 тэрбум ам. доллароор WhatsApp-ыг Facebook-т борлуулсан Брайн Актон “Цаг нь боллоо #DeleteFacebook” хэмээн жиргэжээ.

Харин асуудал ийм ноцтой байдалд хүрч байхад компанийн тэргүүн Марк Цукерберг болон Үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг нар аль аль нь сураггүй байгаа аж.

Мягмар гарагт болсон компанийн дотоод асуулт хариултын уулзалтын үеэр ч тэд ирээгүй бөгөөд компанийн удирдлагууд асуудлаа дотроо ч ярихгүй байгаа нь үүнээс харагдана.

Харин компанийн төлөөлөгч “Марк, Шерил хоёр өөрсдийн багтай хамтран энэхүү асуудал дээр цаг наргүй ажиллаж байна. Энэ асуудал ямар ноцтой болохыг мэдэж байгаа учраас тэд ямар нэгэн тодорхой арга хэмжээ авахыг зорьж байгаа. Учир нь бид хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хадгалахын тулд шаардлагатай бүхнийг хийх болно” гэжээ.

Facebook-ийн дотоод эх сурвалжаас авсан мэдээллээр Bloomberg өчигдөр “АНУ-ын Холбооны худалдааны хорооноос Кембриж Аналитикатай холбоотойгоор шалгалт хийж эхэлсэн” хэмээн мэдээлсэн юм.

Америкийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үүрэгтэй тус байгууллага хэрвээ ямар нэгэн зөрчил илрүүлбэл тодорхой хэмжээний торгууль ногдуулах бөгөөд Facebook-ийн хувьд торгууль гэдэг тийм ч том асуудал биш.

Асар их хэмжээний мөнгөтэй учраас түрхэн зуурын асуудал болох юм. Харин хэтдээ энэ асуудал Facebook-ийн бодлогод нөлөөлж, хэрэглэгчдийн тухай асар их мэдээлэл цуглуулдаг бизнест нь сөргөөр нөлөөлж магадгүй.

Эх сурвалж: ReCode, BusinessInsider, BBC

#DeleteFacebook