Т.Ганхуяг: Хайчилбар, зураг хослоод ТӨГС МЭРГЭЖИЛ болдог


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-01-16

Зураг зурах, хайчилбар хийх, багшлах, уралдаан тэмцээнд оролцох, уран бүтээлээ сурталчлах гээд маш завгүй өдрийг өнгөрүүлдэг Т.Ганхуяг багш Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж эхэлснээсээ хойш 2000 гаруй хүүхдэд хайчилбар хэмээх нарийн урлагийн анхны мэдэгдэхүүнийг олгож, анхны бүтээлээ хийхэд нь засч зааварлаж, урам хайрлажээ. Гэхдээ тэр даруухнаар өөрөө ч өдөр бүр шинэ зүйлд суралцсаар явна гэсэн. Үе дамжсан хайчилбарч, уран бүтээлч түүнтэй цөөхөн хором ярилцлаа. 

YOLO: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа ярилцлагаа хайчилбарын урлагийг хэзээ, хэрхэн сонгосоноос тань эхэлье?
- Би 2000 оноос хойш энэхүү хайчилбарын урлагийг сонирхож, хичээллэж эхэлсэн, өнөөг хүртэл суралцсаар л явж байна.

YOLO: Та анх хайчилбарыг хаанаас сурсан бэ?
- Хайчилбарыг анх ааваасаа сурсан. Манай аав дүрслэх урлагийн багш, хайчилбарч Төртүвшин гэж хүн байдаг. Манай аав бага байхад л хажууд хайчилбар хийдэг байсан, түүнийг нь харсаар байгаад л энэ урлагт их сонирхолтой болсон, ер нь энэ урлагаар л явах ёстой юм байна гээд сэтгэл шулуудсан.

YOLO: Хайчилбарын урлагийн талаар та танилцуулаач?
- Уран хайчилбар хэмээх энэхүү урлагийг анх Монголд үүссэн гэж ярьдагтай би санал нийлдэг. Монголчууд эрт дээр үеэс эсгий гэрт амьдарч эхэлсэн, хаалга үүднээсээ эхлээд эсгийгээр юу хийж болохоор байна, тэр бүгдийг хайчлан хийж ахуйдаа өргөн ашиглаж байсан. Хүүхэд төрөхөд л бид эсгий үнэг хайчилж өгдөг биз дээ. Ингээд л өнөөг хүртэл улам сайхан хөгжиж байна даа.

YOLO: Энэ урлагаар хичээллэж эхлэхэд насны хязгаар гэж байдаг уу?
- Уран хайчилбарын урлагт насны хязгаар гэж байхгүй ээ. 1-р ангийн хүүхдээс эхлээд 60,70 настангууд хүртэл сонирхож, бүтээл хийх бүрэн боломжтой.

YOLO: Таны гар, оюунаас төрсөн болохоор бүх бүтээлдээ хайртай байх. Гэхдээ хамгийн хайртай болон хамгийн дурсамжтай бүтээлээ дурдаач гэвэл?
- Би 2010 онд ханьтайгаа гэрлэсэн. Тэгээд гэр бүлийнхээ хөргийг хайчилсан нь миний  хамгийн хайртай бүтээл. Ер нь аливаа бүтээлийг хийхэд тухайн үеийн нөхцөл байдал, уран бүтээлчийн сэтгэл санаа, бүтээлийн том жижгээс хамаарч, янз бүрийн цаг хугацаа зарцуулдаг. Хажуунаас нь харж байгаад хүний хөргийг  хоёр минутанд хайчилсан нь миний хувьд хамгийн хурдан хийсэн бүтээл юм даа. Харин “Амьдралын мод” хэмээх бүтээлээ бүтэн зургаан сар хайчилж билээ. 

YOLO: Бүтээлээ дуусгаад харж суухад ямар мэдрэмж төрдөг вэ?
- Мэдээж, гоё шүү дээ. Үүнийг би хийчихлээ гэж үү  гээд гайхах, баярлах, хөөрөх гайхалтай сайхан мэдрэмжүүд зэрэг зэрэг төрж, цаашдаа улам илүүг хийх урам ордог.

"Аливаа зүйлийг бүтээхээсээ өмнө сэтгэл дотроо бүтээсэн байх ёстой"

Төртүвшингийн ГАНХУЯГ

YOLO: Монголд хайчилбараар дагнасан уран бүтээлчид хэр олон байдаг вэ?
- Одоо бол цөөнгүй болсон байна. Анх намайг сурч эхэлж байхад бол ховор байсан. 2000 онд “Монголын Нууц Товчоо”-ны зургийг анх хайчилбараар хийж байсан Баатарцог, Төрбурам гэх хоёр алдартай, мундаг уран бүтээлчид байсан. Харин одоо хүмүүс хайчилбарын урлагийг их сонирхож, хичээллэдэг болсон.

YOLO: Та өнөөг хүртэл хичнээн шавьтай болсон бэ? Тэднийхээ амжилтаас дурдаач?
- Би 2010 оноос өнөөг хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд багшилж байна. Надаар анх хайчилбар заалгасан, одоо ч орхилгүй хичээллэж 2000 хол давсан тооны шавь нар байна аа.

YOLO: Та хайчилбараас гадна өөр ямар урлагаар бүтээл хийдэг вэ?
- Хайчилбарыг сайн хийж сурахын тулд зураг зурж чаддаг байх ёстой болохоор би 2007 онд зураач мэргэжлээр суралцан төгссөн. Түүнээс хойш бас дүрслэх урлагийн чиглэлээр бүтээл туурвидаг болсон. Хайчилбар, зураг хоёр хослоод төгс мэргэжил болдог юм билээ. 

YOLO: Нэг телевизийн ярилцлаганд орохдоо таныг кофегоор зураг зурж байхыг харж байсан нь их өвөрмөц санагдсан. 
- Анх кофегоор зурах аргыг 2011 онд фэйсбүүкээс харсан. Тэр бичлэгт халбаган дээр шингэхэн кофе хийж байгаад бага багаар цаасан дээр асгах маягаар зураг зурж байсан. Түүнийг хараад яагаад бийрээр зурж болохгүй гэж бодоод кофег яг будаг шиг найруулж байгаад бийрээр зурж үзсэн, маш гоё болдог. Ялангуяа зураад дууссаны дараа маш тааламжтай гоё үнэр үнэртдэг нь надад таалагддаг.

YOLO: Тийм шүү, их гоё үнэртдэг юм билээ. Та хайчилбар хэмээх урлагаар хичээллэхийг хүсч байгаа хүүхэд залуучуудад маань юу хэлмээр байна?
- Хайчилбарыг сонирхоод, сонгоод хичээллэхээр шийдсэн л бол эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Аливаа бэрхшээлээс шантрах хэрэггүй, бас хийсэн бүтээлээ хараад урам авч, чаддаг байх хэрэгтэй. Нэг зүйл хийж дуусчихаад, за энийг би ер нь чадах юм байна гэж өөртөө бардаж болохгүй, үргэлж өөрийнхөө хийсэн алдааг олж хардаг, засч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд энэхүү сайхан урлагаар хичээллэхээр шийдсэн хүүхэд залуучууддаа амжилт хүсье.

YOLO: Ажлынхаа үнэт цаг хормоос хугаслан, бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.


















#Snipping #Paint #Job