Дуучин Ц.Энгүүн Саппорогийн цасны баярт гурван өдөр ая дуугаа өргөнө


Б.Нямдарь | YOLO.MN
2019-02-08

"The Voice of Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Саппорогийн цасны баяр дээр ая дуугаа өргөнө. Уг цасны баяр нь дэлхийн томоохон өвлийн наадмын тоонд зүй ёсоор ордог бөгөөд жил бүр нийт 2.5 сая хүн үзэхээр хүрэлцэн ирдэг аж. 

Дуучин Ц.Энгүүн болон түүний баг хамт олон энэ сарын 4-нд Япон улсын Хоккайдо мужид хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг Японы "Призм" ХК болон "Монгол Контент" ХХК, "Хүрээ энтертайнмэнт" ХХК хамтран зохион байгуулж байна.

Зүүн гар талаас "Хүрээ энтертайнмэнт" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Халиун, дуучин Ц.Энгүүн, Японы "Призм" ХК-ийн гүйцэтгэх захирал Шинтани Нобүюүки

Тэрээр  маргааш буюу хоёрдугаар сарын 9-нд мөн 10, 11-ний өдрүүдэд Саппорогийн Одори цэцэрлэгт хүрээлэнд болж буй цасны баярт дуулна. Дуучин маань Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, “Асахи”, “Хоккайдо” зэрэг өдөр тутмын сонины редакци болон фм-д уригдан ярилцлага өгч, НТВ телевизийн бичлэгт оржээ. Энэ үеэр Ц.Энгүүн өөрийн гурван өдрийн тоглолтын талаарх мэдээллээ хүргэхээс гадна Монгол улсаа сурталчилж байлаа.  

Тэрээр тоглолтын бэлтгэлээ Саппород байрлах "Joe Down" хөгжмийн студид хийжээ

Түүний тоглолт маргааш Саппоро хотын Одори цэцэрлэгт хүрээлэнд цасаар баригдсан нүсэр тайзан дээр болно. Эдгээр өдрүүдэд Саппород амьдардаг Монголчууд дуучин Ц.Энгүүний тоглолтыг үзэж сонирхох боломжтой. 

Монголын дуу хоолойг дэлхийд сонордуулж буй дуучин бүсгүйдээ амжилт хүсье.

#Enguun