Японы сансрын нисэгч 9 см өссөн гэж ТАШАА МЭДЭЭЛСЭНДЭЭ уучлалт гуйлаа


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-11

Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй Японы сансрын нисэгч Норишиге Канай сансарт ниссэний дараа 9 см өсөж, дэлхийдээ буцаж чадах эсэхдээ эргэлзэж байна хэмээн ташаа мэдээлсэндээ хүлцэл өчжээ.

Ихэнх сансрын нисэгчид урт хугацааны сансрын нислэгийн үеэр хэдэн сантиметр өсөж, буцаад дэлхийдээ ирэхэд хэвийн болдог бөгөөд шалтгаан нь татах хүчгүй орчинд хүний нугас тэлдэгтэй холбоотой.

41 настай сансрын нисэгч Канай өнгөрсөн сард зургаан сарын хугацаатайгаар Олон улсын сансрын станц дээр ажиллахаар дэлхийгээс хөөрчээ. Харин Даваа гарагт өөрийн Твиттертээ "Том мэдэгдэл" хэмээх гарчигтай жиргэсэн юм.

Тэрээр "Сансарт ирээд миний бие 9 см өссөн байна. Гуравхан долоо хоногийн дотор би ахлах сургуульд сурч байсан үеэсээ ч хурдацтай өслөө. Гэвч би дэлхий рүү буцах Союз хөлөгтөө багтаж сууж чадахгүй болж магадгүй гэдэгт санаа зовж байна" гэжээ.

Хөлгийн ахмад нь түүнийг эрчимтэй өссөн тухай мэдээлэл гарсны дараа дахин хэмжиж үзэхийг сануулахад ердөө 2 см өссөн байсан нь тогтоогдсон аж. Тиймээс тэрээр өмнө хэлсэн зүйлдээ уучлалт гуйж, ямар учраас буруу тооцоо хийсэн болохыг тайлбарлалгүйгээр "Би Союз хөлөгтөө буцаад сууж чадах юм шиг байна" хэмээн жиргэжээ.

#Japan #Cosmonaut #Apologize