Номадиа Пикчерс, МҮОНРТ хамтран бүтээсэн "ХАВАР" ОАК энэ сарын 29-с гарч эхэлнэ


Сондор | YOLO.MN
2017-12-27

Юнител группийн Номадиа Пикчерс, МҮОНРТ хамтран бүтээсэн "ХАВАР" олон ангит кино энэ сарын 29-ний өдрөөс МҮОНРТ-ээр гарах гэж байна.

Тус киноны нээлтийг энэ сарын 22-нд хийсэн бөгөөд МҮОНРТ-ээр гарч байгаа анхны 4К формат буюу хамгийн орчин үеийн, өндөр нягтаршилтай дүрсээр авсан олон ангит кино болж байгаа аж.

"ХАВАР" ОАК олон улсын стандартад нийцсэн, анги тус бүр нь 40 минутын хугацаатай, 19 ангитай ажээ.

Тус киноны зураг авалт 2017 оны 8-11 дүгээр сард үргэлжилж дууссан бөгөөд шинэ оны өмнөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.

"ХАВАР" ОАК-г МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн найруулагч Л.Ариунжаргал ("Хэцүү анги","Хоймор өнжих нар") тэргүүтэй уран бүтээлчдийн баг бүтээж, продюсерээр Юнител группийн Номадиа Пикчерсийн продюсерууд Б.Наранбат, Б.Мөнхтуяа, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар ажилласан.

"ХАВАР" ОАК өнөөгийн залуусын амьдралын баяр баясгалан, зовлон бэрхшээл, ирээдүйг зорих хүсэл эрмэлзлэлийг харуулсан, орчин үеийн дуу хөгжмөөр баялаг бүтээл болсон бөгөөд залуу жүжигчид, уран бүтээлчдийг нээн танилцуулсан. Тус киноны үйл явдлууд загвар хувцасны дизайн, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээл зэрэг олон салбарт өрнөдөг.

"ХАВАР" ОАК-д Б.Тунгалаг (МУГЖ), Х.Бат-Ундрал (МУСТА), Н.Амарсанаа, Ж.Оюундарь (МУГЖ), Б.Отгонбат (МУСТА), Д.Хишигдэлгэр нар тоглож, гол дүрүүдийг залуу дуучид, жүжигчид Х.Жүлдыз, Ц.Анхбаяр, Ц.Асардарь, Г.Ганбат нар бүтээсэн. Харин туслах дүрүүдэд Ж.Уянга, Ж.Намуун, Э.Аззаяа, Т.Бэлгүтэй, Г.Мишээл, Э.Мөнхтөр (МУСТА), Д.Сарангэрэл, Г.Алтангэрэл, А.Дагиймаа нар тоглож, Монголын өнөөгийн залуучуудын эрч хүч, хүсэл мөрөөдлийг харуулсан.

"ХАВАР" ОАК-ны зохиол орчин үеийн шинэлэг болсны зэрэгцээ зөвхөн тус кинонд зориулан бүтээсэн олон шинэ дуутай. Киноны 8 шинэ дууг залуу дуучид болох Ж.Намуун, Б.Ганга-Оргил нар дуулсан бөгөөд аниме зургийг залуу зураач Э.Энххүслэн бүтээсэн.

Киноны зохиол, дуу хөгжмийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг анхлан санаачилсан бол олон байгууллага, аж ахуйн нэгж киноны зураг авалтад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан.

"ХАВАР" ОАК-ны товч агуулга:

Тансаг орчинд өссөн ч, эгзэгтэй үед өөрийн чадлаараа гэр бүлийн бизнесээ аврах хүнд сорилтой тулгарах Маралын хорвоо. Олон улсад нэрээ дуурсгасан дизайнер болох нандин мөрөөдлөө өвөртөлсөн ч, өдөр тутмын амьдралаа авч явах, эмээ дүү хоёрынхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Билгээ.

Өөр хоорондоо эрс тэс Билгээ, Марал нарын амьдралын зам ар араасаа ээлжилсэн гэнэтийн санаандгүй үйл явдлуудаар холбогдоно. Билгээ, Марал хоёрын хооронд анхнаасаа үйл ойлголцол үүсч, хэн хэнд нь хувь заяаны томоохон сорилт тохиолдох ч хайр сэтгэл, хичээл зүтгэл, хөдөлмөр, гэр бүл нь тэднийг хүндхэн сорилтуудыг даван туулахад туслана.

"ХАВАР" олон ангит кино ийнхүү Монголын олон ангит киноны зах зээлд шинэ давалгаа, шинэ оддыг бий болгож, тун удахгүй буюу 2017 оны 12 дугаар сарын 29-өөс эхлэн МҮОНТ-ийн I сувагаар ажлын өдрүүдэд, 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн Юнивишнийн видео санд орж үзэгчдийн хүртээл болно.

#Хавар #Mongolia #Movie