

Интернэт хөгжсөн өнөө үед бид дэлхий даяар юу болж байгаа талаар хачин сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авдаг болсон. Сүүлийн жилүүдэд 11 сар гарч, шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй тархах үест хүмүүс “12 ширхэг усан үзэм”-ийн талаар ярьж хөөрөлддөг болсонтой олонтоо тааралдах боллоо. Зарим нь уг зан үйлийг үйлдсэнээр ирж буй шинэ ондоо хостой болдог хэмээн тайлбарлаж байхад өөр бусад хүмүүс нь уг үйлдлийг шулмын шившлэгийн нэг хэлбэр гэж үзэн цааргалдаг байх жишээтэй. Тэгвэл яг жинхэнэ үнэн нь юу юм бол оо, яагаад заавал усан үзмийг идэх ёстой вэ гэх мэт асуултуудын хариултыг хамтдаа олж мэдэцгээе.
Хаанаас эхлэлтэй уламжлал гэнэ ээ?

Шинэ жилийн шөнө усан үзэм иддэг уламжлал Испаниас гаралтай бөгөөд тэд ийнхүү усан үзэм идэх нь ирэх жилдээ аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхад тусалдаг гэж итгэдэг байсантай холбоотой. Испаниар үүнийг “Las doce uvas de la suerte” буюу “Азын 12 усан үзэм” гэж нэрлэдэг аж. Усан үзэм бүр нь ирж буй жилийн 12 сарыг бэлгэддэг юм байна.
Цаг хугацааны хувьд бүр 1800-аад оны үеэс эхэлсэн ч 1900 онд асар их усан үзэм тариалсан тариачид ургацаа олноор нь арилжих зорилгоор уг уламжлалыг сурталчлах болсноос нийт иргэдийн дунд дэлгэрэх болжээ.
Нэг минутад идэж дуусгах ёстой

Уламжлалаар бол та цагийн зүүг дугарах үед нэг усан үзмийг идэж, дараагийн усан үзмээ мөн л цагийн зүүний дуугаар идэх ёстой буюу маш хурдан идэж дуусгах ёстой гэсэн үг. Хэрвээ та бүх 12 усан үзмийг 1 минутад багтаан идэж чадах юм бол дараа жилдээ аз, амжилт болон эерэг энергээр дүүрэн байна гэж ойлгож болно. Жил бүр уг уламжлалыг үйлддэг архаг хүмүүс цагтаа амжиж идэхийн тулд усан үзмүүдийг шорд хатган иддэг гэнэ. Харин гэртээ юу эсвэл олон нийтийн газар идэх үү гэдэг таны дурын асуудал.
Онцгой усан үзэм

Уг уламжлал танд маш их таалагдан, бүх зүйлийг нь зөвөөр хийж, ирэх жилийнхээ азыг дуудахыг хүсэж байвал таныг Aledo усан үзмийг авахыг зөвлөе. Aledo нь Испани улсын гарал үүслийн нэршлээр хамгаалагдсан тусгай усан үзэм буюу Aledo нэрийг авахын тулд Испаний газар нутагт ургасан байх ёстойгоос эхлээд олон шаардлагыг хангаж байж Aledo хэмээн нэрлэгддэг юм байна.
Aledo-г боловсорч гүйцэх үед нь цаасан уутаар бүрж хадгалдаг бөгөөд энэ нь жимсийг амттай, цайвар өнгөтэй, нимгэн хальстай болоход тусалдаг. Бүр зарим Испаний супермаркетуудад зөвхөн уг уламжлалд зориулж бэлтгэсэн 12 ширхэг хальсалсан, үргүй, идэхэд бэлэн усан үзмүүдийг уутлан зарах нь элбэг.
Олны дунд тархсан буруу ойлголт

Хүмүүсийн дунд нийтлэг тархсан байдаг санаа нь хайраа олохыг хүсэгчид л азын усан үзмийг иддэг гэх үзэл. Гэхдээ энэ нь бүхэлдээ үнэн биш. Ямар төрлийн аз тухайн хүнд ирэх нь хувь хүний өөрийнх нь хүслээс шалтгаална. Жишээ нь та мөнгө, машин, эрүүл мэндийг ч гуйж болох юм. Зарим интернэт хэрэглэгчид усан үзмийг заавал ширээн дор идэх ёстой гэж ярьдаг ч энэ нь бас л худлаа. Усан үзмийг хэрхэн идэх нь соёл бүрт өөр өөр. Харин ширээн доор идэх гэсэн итгэлийг уламжлал, түүх гэхээсээ илүүтэй ТикТок тренд гэж хэлбэл оновчтой байх.
Та мухар сүсэгт итгэдэг ч бай, үгүй ч бай энэхүү уламжлалыг шинэ жилийн баяраар гэр бүл, найз нөхөдтэйгөө хийхэд хөгжилтэй сонсогдож байгаа биз?
Эх сурвалж: allrecipes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!