Блогтой байхын ДАВУУ ТАЛ болон өөрийн гэсэн БЛОГ хэрхэн нээх вэ?


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-05-19

Блог гэж юу вэ?
Загварын блог. Шинжлэх ухааны блог. Хэл сурах блог гээд маш олон төрлийн блог байдаг.

Веб сайтаас ялгарах нэг онцлог нь илүү “хувийн” бас “чөлөөт” гэж хэлж болно. Мөн блог хандалт их авсан ч үүгээрээ ашиг олохыг зорьдоггүй харин ч эсрэгээрээ нийтлэл бичиж байгаа хүн өөрийн мэддэг, чаддаг, сонирхдог сэдвийнхээ дагуу сайн дурын үүднээс чанартай, баялаг мэдлэгийг түгээхийг зорьдог. Ийм учраас блогийн нийтлэлүүд маш тодорхой, өгөөжтэй, илүү “амьд” байдаг.   

Гэхдээ блогийг заавал мэдлэг түгээх бус мэдлэгийг өөртөө хуримтлуулах зорилгоор нээж болно. Би хамгийн анх 2015 онд өөрийн гэсэн блогоо нээж байсан юм. Тухайн үед надад хуваалцах хэмжээний мэдлэг байгаагүй болохоор нийтлэлүүдээ Англиас орчуулдаг байлаа. Бусдад хэрэгтэй гэж үзсэн сэдвээ хайж олоод уг сэдвээ орчуулж байх явцдаа өөрөө маш их зүйлийг сурсан бөгөөд хамгийн гол нь хэл сурах маш том хүчин зүйл болж өгсөн юм. Энэ мэт маш олон шалтгаануудыг дурдаж болох юм.

Хэрхэн өөрийн гэсэн блог нээх вэ?
Блог нээнэ гэхээр  чамд эмх замбараагүй их код, мөнгө шаардагдах юм шиг санагдаж байна уу? Аз болоход ямар ч код бичихгүйгээр бас үнэгүйгээр нээх боломжтой маш олон онлайн платформууд (бэлэн талбарууд) байдаг. Энэ нийтлэлээрээ уг салбартаа шидгүүдийн нэг нь яах аргагүй мөн болох Wordpress-ыг онцлон хүргэж байна.

Дашрамд дурдахад Дэлхий даяарх вебүүдийн 20 гаруй хувь нь харин Монголын сайтуудын 60-70 хувь нь Wordpress сайт гэсэн судалгаа байдаг. Уг платформыг ашиглаад ердөө тавхан минутын дотор блог нээх боломжтой гээд төсөөл. Гайхалтай байгаа биз.

Эхний алхам. Хамгийн эхэнд wordpress.com хаягаар ороод Get Started хэсэгт дарна .


Үүний дараа блог нээх гэж байгаа учраас Start with a blog хэсгийн сонгоорой.


Дараа нь өөрт таалагдсан theme буюу тодорхой зураг бүхий дизайныг санал болгож буй олон сонголт дундаас өөрт таалагдсанаа сонгоно. Theme гэдэг нь энгийнээр  чиний блог ямар харагдах дизайныг хэлж байгаа юм.


3-р алхам болох домайн буюу блогийн нэрээ сонгох хэсэг  Жишээлбэл yolo.mn, facebook.com гэдэг нь домайн нэр юм.  Домайн хаяг төгсгөлийнхөө 2-3 үсгээсээ ( .mn .com .org)  шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг харин Wordpress-ын сонгосноор блогийн нэр.wordpress.com гэх домайныг үнэгүй авах боломжтой.
Харин блогийн нэр.com  гэдэг ч юмуу арай илүү албан ёсны нэр хүсвэл нэмээд бага зэрэг мөнгө төлөх хэрэгтэй болно.  Гэхдээ нэгэнт л хувийн блог учраас заавал .com .mn гэх зэрэг домайнууд  шаардагдахгүй.


Энэ хэсгээс plan буюу өөрийн хэрэглэх төрлийг сонгоно. Нийт дөрвөн төрөл байх бөгөөд сарын төлбөр нь ихсэх тусам түүнийг дагалдаж ирэх нэмэлт боломжууд нь ихэсдэг. Хэрвээ мөнгө зарцуулахгүйгээр үүсгэх гэж байгаа бол Free plan буюу үнэгүй гэсэн блогийн сонголтыг сонгоорой.


Хамгийн сүүлд нь хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим шуудангийн хаяг гэх зэрэг хувийн мэдээлэл агуулсан хэсгийн бөглөнө.

Үүний дараа хэсэгхэн хугацаанд хүлээх хэрэгтэй бөгөөд аюулгүй байдлын үүднээс бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаа баталгаажуулаарай.


Ингээд хэсэг хугацаанд хүлээсний эцэст блог чинь бэлэн болно. Блогоо ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд бүтэн нэрийг нь бичээд хайгаад үзэхэд  л хангалттай.


“My site” буюу “Миний сайт” гэсэн хэсэгт дарснаар блогийнхоо удирдах хэсэгт очих болно. Хамгийн эхэнд байрлах stats (statistic буюу статистик гэсэн үгний товчлол) хэсгээс блогийн хандалтын тоог харж болно.


Blog Post хэсэгт таны бичиж байсан нийтлэлүүд бүгд гарч ирэх бөгөөд нийтлэл тус бүрийг хэдэн хүн уншисан, хэд хоногийн өмнө нийтлэгдсэн гэх зэргийг харж болно.


Media хэсгээс нийтлэлдээ хавсаргаж буй зураг, дуу, бичлэгийг харах боломжтой. Гэхдээ Free plan-ыг сонгосон учраас 3GB  багтаамжийг л үнэгүй ашиглах эрхтэй гэдгийг санаарай. Хэрвээ нэмэхийг хүсвэл Plan цэснээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.


Themes буюу блогийн дизайн хэсгээс дизайнтай холбоотой бүхнийг удирдаж болно. Үнэгүй theme-үүд байхад 100 ам.долларын үнэтэй нь ч байдаг. Theme сонгохдоо блогийнхоо чиглэл болон өөрийн хэрэгцээ, сонирхлоо сайтар тооцоорой. Мөн Customize хэсгээс тухайн theme-ээ илүү нарийн тохируулж, зарим хэрэгцээгүй нэмэлтүүдийг хасаж болно. Мөн блогийн лого, нэр гэх зэргээ оруулж болно.   


Хэрвээ чиний блогт өөр нийтлэлч орохоор болбол User хэсгээс шинэ хаяг нээх боломжтой. Admin, writer гээд олон төрлүүд байх бөгөөд эдгээрээс хамгийн “эрх мэдэлтэй” нь мэдээж admin юм.


Блогийн контент буюу чи юуны талаар өгүүлж хөтлөн явуулах нь чухал
Дээрх зурган мэдээллээс гадна Youtube-ээс энэ хайвал энэ талаарх маш их видео хичээлийг олох боломжтой. Өөрийн гэсэн блогтой болсны дараа мэдээж блогийн контент болох нийтлэл болон зургууд маш чухал байдаг. Хувиасаа дараах хоёр зөвлөгөөг хүргэе.

БИЧИХ СЭДЭВ. Мэдээний сонголтоо аль болох “төрөлжих” хэрэгтэй. Жишээлбэл чи улс төрийн холбогдолтой сайн мэдээ бичсэн ч олон уншигчдад хүрч, тэдний сонирхлыг татах боломж нь харьцангуй бага. Яагаад гэвэл Монголын бусад сайт, блогууд энэ чиглэлээр хангалттай чанартай мэдээг түргэн шуурхай бичдэг шүү дээ. Ийм ч ураас “үнэ цэнэтэй” блогтой болохын тулд бусад блог, сайтуудаас ялгарч онцгой гэхдээ өөрийн сонирхон судалдаг зүйлсийн талаар нийтэлж эхлээрэй.

Магадгүй сонссон дуу, үзсэн анимныхаа талаар эсвэл хэрхэн сайн гэрэл зураг авах талаар бичиж болох юм. Улиг болсон улс төрийн мэдээ, оддын амьдралаас илүүтэйгээр эдгээр сэдвүүд олон хүнд хүрж уншигч татах нь гарцаагүй.

Уншигчидаа “мэдэрч” бичих. Жишээ дурдахад орчуулгын мэдээ нийтлэх нь Монгол уншигчидын сэтгэхүй, орчинд таарахгүй байж болно. Тийм ч учраас аль болох Монголын “хөрсөнд” суулгаж бичихийг хичээгээрэй. Эцэст нь зөвлөхөд өдөр бүр ордог муухан мэдээнээс 7 хоногт нэг л удаа ордог чанартай мэдээ хавьгүй илүү байдаг болохоор чанарыг эрхэмлээрэй.

ОРУУЛАХ ЗУРАГ. Сайн нийтлэлийг сайн зургаар чимэх хэрэгтэй. Гэхдээ Google-ээс зураг “хусахгүй” байхыг хичээгээрэй. Жишээлбэл Монгол багш нарын талаарх нийтлэлийн нүүр зурганд Google-ээс хуссан Европ царайтай багшийн хичээл зааж байгаа зургийг сонгох нь маш буруу явдал. Нэгт, мэргэжлийн бус. Хоёрт, зохицолгүй харагдана.

Тэгвэл нийтлэлийн зургийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Жишээ болгож нэг аргыг дурдъя. Сүүлийн жилүүдэд Монгол залуус ялангуяа инстаграм хөтлөгчид  гэрэл зургийг маш сайн авдаг болоод байгааг бид мэднэ, өөрийнхөө сэдэвт таарсан зургийг олоод зурагчнаас нь зөвшөөрөл аваад л нийтлэлдээ оруулчих. smiley

Магадгүй ямар ч ашиг олохгүйгээр блог хөтөлж нийтлэл бичих нь дэмий зүйл мэт сонсогдож болох юм.  Гэхдээ ажилттай хөтлөөд, олон үнэнч уншигчидтай болж гэмээнэ чи түүгээрээ бяцхан мөнгө олж болно. Юу гэхээр, алдартай блог, пэйж хөтлөгчдөөр дамжуулж ямар нэгэн байгууллага, газрууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилдаг. Тиймээс болохгүй гэх зүйлгүй учир, амжилттай хөтөлж чадвал мөнгө олох хэрэгсэл болгож болох юм.

Гэхдээ ашиг гэхээс илүүтэйгээр бичсэн нийтлэлийг чинь уншаад бусад хүмүүс урам зориг, эрч хүч, ухаарал авч байна гэдэг өөрөө маш сайхан зүйл юм шүү. Чамд ч бас тийм боломж байгаа болохоор өөрийн мэдлэгээ аль болох олон хүнд түгээж бусаддаа туслахыг уриалж байна.

Мэдээтэй холбоотой санал сэтгэгдэл, шүүмж болон дараагийн нийтлэлээр уншихыг хүссэн сэдвээ tushigterdene@gmail.com хаяг уруу бичиж илгээгээрэй! Амжилт хүсье.

#blog #teenegars #Social #Advice