

Өглөө сэрсэн цагаас эхлээд л бид сонголт буюу шийдвэр гаргаж эхэлдэг. Юу өмсөх вэ, ямар дуу сонсох вэ, ямар контент үзэх вэ, бүр цаашлаад ямар мэргэжил эзэмших, хаана ажиллах, хэнтэй хамт амьдрах хүртэл бараг бүх зүйл сонголттой. Нэг зууны өмнөхтэй харьцуулбал бидэнд илүү их боломж, түүнийг дагаад олон сонголт бий болсон. Сонголт хийх эрх чөлөөтэй байна гэдэг нь энэ үеийн сайхан зүйлсийн нэг. Гэвч сонголт нэмэгдэх тусам шийдвэр гаргах амар бус болдог. Заримдаа биднийг эргэлзүүлж, ядрааж, өөрсдийнхөө сонголтод хүртэл сэтгэл дундуур үлдэх үе нь ч бий. Тэгвэл хэт олон сонголтын дунд бид яг юу алдаж байна вэ?
Шийдвэр гаргалтын ядаргаа
Хэт олон хувилбарын өмнө зогсох үед аль нь хамгийн зөв болохыг тархиндаа байнга харьцуулж эхэлдэг. Нэгийг нь сонговол нөгөөг нь алдаж байгаа мэт мэдрэмж төрж, эцэст нь шийдвэр гаргахад улам их хугацаа зарцуулна. Зарим тохиолдолд бүр сонгохоос ч татгалзах үе бий.
Үүн дээр нэмээд бидний тархи өдөржин гаргасан жижиг шийдвэр бүртээ тодорхой хэмжээний энерги зарцуулдаг. Сэтгэл судлалд үүнийг decision fatigue буюу шийдвэр гаргах ядаргаа гэж нэрлэдэг.
Өдрийн эхэнд ямар хувцас өмсөх, ямар кофе авах, аль имэйлд түрүүлж хариулах зэрэг жижиг мэт санагдах сонголтууд хүртэл тархины нөөцийг бага багаар шавхдаг. Үүний үр дүнд өдрийн төгсгөлд орой болоход бид илүү яаруу шийдвэр гаргах, ажлаа хойшлуулах, эсвэл бодох шаардлагагүй зүйл рүү татагдах нь элбэг. Заримдаа биднийг ядраадаг зүйл нь их ажил биш, харин тасралтгүй сонголт хийх шаардлага өөрөө байдаг.

Хэт олон сонголтын дунд бид юу алддаг вэ?
Америкийн сэтгэл судлаач Barry Schwartz өөрийн The Paradox of Choice бүтээлдээ сонголт тодорхой хэмжээнд эрх чөлөө өгдөг ч хэт олширсон үедээ эсрэгээрээ дарамт болдог гэж тайлбарласан байдаг. Учир нь бид илүү сайн хувилбар байгаа болов уу гэж эргэлзсээр шийдвэр гаргахаасаа илүү харьцуулалт хийхэд цагаа зарцуулдаг. Нэг сонголт хийчихээд ч "Өөр байсан бол яах байсан бол" гэсэн бодлоосоо салж чаддаггүй.
Үүний үр дүнд зөвхөн цаг хугацаагаа биш, эрч хүч, сэтгэл ханамжаа ч алдаж эхэлдэг. Жижиг зүйлд хүртэл удаан эргэлзсээр байвал үнэхээр чухал шийдвэр гаргах үед тархинд үлдэх нөөц багасдаг.

Үүнээс гадна байнга бусад боломжийг төсөөлж, өөрийн сонголтыг харьцуулах нь хийсэн шийдвэртээ итгэх итгэлийг сулруулж, анхаарал төвлөрөл болон дотоод тайван байдлыг ч үгүй хийдэг. Зарим тохиолдолд бид хамгийн төгс хувилбарыг хүлээсээр байгаад яг өмнө байсан бодит боломжоо хүртэл алдах нь бий. Тэгвэл ерөнхийдөө доорх зүйлсүүдийг бага багаар алдаж байдаг байх нь.
Цаг хугацаа: Бид шийдвэр гаргахаасаа илүүтэйгээр харьцуулалт хийхэд хэт их цаг зарцуулдаг. Илүү сайн хувилбар байгаа болов уу гэж хайсаар, судалгаа хийсээр эцэст нь хамаг цагаа дэмий үрэх нь түгээмэл.
Эрч хүч: Жижиг, чухал бус шийдвэрүүдэд тархины бүх энергиэ барчихдаг тул яг чухал зүйлд зарцуулах сэтгэлийн болон тархины эрч хүчгүй болдог.
Сэтгэл ханамж: Сонголт хийсний дараа ч бидний тархи "Нөгөө хувилбарыг сонгосон бол дээр байсан юм биш биз?" гэж эргэлзэж эхэлдэг. Сонголт их байх тусам бид хийсэн сонголтдоо сэтгэл хангалуун байж чадахаа больдог.
Анхаарал төвлөрөл: Олон сонголт, боломжууд нь бидний анхаарлыг сарниулж, нэг зүйлдээ гүн төвлөрч, тууштай байхад саад болдог.
Боломж: Хэт удаан эргэлзэж, "төгс сонголт"-ийг хүлээж суусаар байгаад яг одоогийн бодит боломжуудыг атгалгүй алдах тохиолдол олон.
Дотоод тайван байдал: Байнга бусадтай болон бусад хувилбаруудтай өөрийн сонголтыг харьцуулснаар сэтгэл санааны байнгын дарамт, айдастай (FOMO - Fear of Missing Out) амьдрахад хүрдэг.

Бага сонголт заримдаа илүү тайван байхад тусална
Мэдээж олон сонголттой байх нь муу гэсэн үг биш. Харин бүх боломжийг заавал хамгийн зөв ашиглах ёстой гэсэн дарамт л асуудал болдог. Тийм ч учраас Steve Jobs, Mark Zuckerberg зэрэг хүмүүс өдөр бүр бараг ижил хувцас өмсдөг байсан нь зүгээр ч нь өмсдөг хэрэг биш. Тэд өдөр тутмын жижиг сонголтуудаа цөөлснөөр илүү чухал шийдвэрүүддээ эрч хүчээ үлдээхийг зорьдог байжээ.
Эцэст нь бидний алдаж байгаа хамгийн том зүйл нь боломж биш. Харин тайван байдал юм. Хэт олон сонголтын дунд бид эргэлзэхэд илүү их цаг зарцуулж, хийсэн сонголтдоо сэтгэл хангалуун байх чадвараа аажмаар алддаг. Магадгүй жинхэнэ эрх чөлөө гэдэг нь хамгийн олон сонголттой байх бус өөрт үнэхээр хэрэгтэйг нь сонгож, үлдсэнийг нь орхиж чаддаг байхыг хэлдэг ч байж мэднэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!