Парисын загварын долоо хоног дээрх ОДДЫН шилдэг төрхүүд


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-09-30

Загварын долоо хоногуудаас хамгийн гол гэж хэлж болох Парисын загварын долоо хоног энэ долоо хоногт зохион байгуулагдаж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс алдартнууд Dior, Saint Laurent, Chanel, Givenchy зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн 2022 оны Хавар/Зуны коллекцтэй танилцахаар Франц улсын нийслэл Парис хотноо цуглаад байна.

Тэгвэл Парисын загварын долоо хоногт ирсэн тэрхүү алдартнуудын дундаас олны анхаарлыг хамгийн их татсан, хамгийн шилдэг төрх бүрдүүлсэн алдартнуудыг танилцуулъя.

Cardi B

Загвар зохион бүтээгч Thierry Mugler-ын Musee des Arts Decoratifs-д болсон загварын шоунд хүрэлцэн ирэхдээ алдарт дуучин Cardi B “Mugler” брэндийн 1995 оны Намар/Өвлийн цуглуулгаас санаа аван хийсэн улаан даашинз өмсөн, хөмсгөө даашинзтайгаа хослуулж гялалзсан улаан өнгөөр будсан байсан нь олон нийт төдийгүй загварын салбарынхны анхаарлыг ч нэлээдгүй татсан байна.

BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo

Jardin des Tuileriesе-д болсон диско хэв маягийг агуулсан Dior брэндийн загварын шоунд Natalia Vodianova, Rosamund Pike зэрэг олон алдартнууд ирснээс к-поп од, BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo болон түүний өмссөн гараар зурсан хээтэй Dior брэндийн цагаан даашинзыг загварын салбарынхан онцолж байна.

“Gossip Girl” киноны од Emily Alyn, жүжигчин Agathe Rouselle, BLACKPINK хамтлагийн гишүүн Rosе.

Rock ‘n’ roll хэв маягийг агуулсан Saint Laurent брэндийн загварын шоу Jardins du Trocadero-д зохион байгуулагдсан бөгөөд жүжигчин Agathe Rouselle-гийн хар арьсан хослол, “Gossip Girl” киноны од Emily Alyn-ий сонгосон богино шорт болон BLACKPINK хамтлагийн гишүүн Rose-гийн өвдөг хүрсэн өндөр түрийтэй арьсан гутал, сувдаар чимэглэсэн алтан гинж, хар мини даашинз мөн л шилдгүүд байлаа.

Жүжигчин Alisha Boe

Бид бүхний сайн мэдэх “13 reasons why” цувралын Jessica-гийн дүрээр олонд танигдсан Америкийн залуу жүжигчин Alisha Boe Saint Laurent брендийн Хавар/Зуны коллекцийг үзэхээр ирэхдээ тус брендийн хар хүрэм болон пластик чимэглэлтэй богино даашинз өмссөн нь дэгжин бөгөөд даруухан сонголт байлаа. 

Супер модель Irina Shayk 

Дэлхийн супер модель Irina Shayk мөн л загвар зохион бүтээгч Thierry Mugler-ын Musee des Arts Decoratifs-д болсон загварын шоунд уригдсан бөгөөд хүрэлцэн ирэхдээ “Mugler” брендийн 1997 оны загвар болох олон өнгө хосолсон загасны сүүл мэт хэлбэртэй өвөрмөц даашинзаар гангарсан нь загварын салбарын сэтгүүлчдийн анхаарлыг нэлээдгүй татсан байна. 

“Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour 

“Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор, дэлхийн загварын салбарын хамгийн нөлөө бүхий хүн болох хатагтай Anna Wintour мөн Парисын загварын долоо хоногт ирсэн бөгөөд загварын шоугаа хийж буй брендүүдийн хувьд Anna Wintour хатагтай хамгийн нэр хүндтэй, чухал зочдынх нь нэгт зүй ёсоор орох биз ээ. 

Эх сурвалж: Vogue, Wmagazine

#Хувцас загвар #Трэнд #Парис