Инстаграм хуучин постын хөгжмийг солих шинэ функц нэмжээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Instagram хэрэглэгчдэдээ өмнө нь нийтэлсэн постын хөгжмийг солих шинэ боломжийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлээр хэрэглэгчид постоо устгаж, дахин оруулах шаардлагагүйгээр тухайн нийтлэлийн дууг өөрчлөх боломжтой болж байна.

Өмнө нь Instagram дээр нийтэлсэн зурагт постуудын хөгжмийг өөрчлөх боломжгүй байсан бөгөөд дуугаа солихыг хүсвэл постоо устгаад шинээр оруулах шаардлагатай байв. Харин одоо “Replace Audio” нэртэй шинэ хэрэгслээр дамжуулан хэрэглэгчид хүссэн үедээ нийтлэлийнхээ хөгжмийг шинэчлэх боломжтой боллоо.

Instagram-ийн мэдээлснээр шинэ функц нь постын өмнөх лайк, сэтгэгдэл, хуваалцалт зэрэг үзүүлэлтүүдийг хэвээр хадгална. Mөн энэхүү шинэчлэл нь контент бүтээгчдэд контентоо илүү уян хатан байдлаар удирдах боломж олгох зорилготой гэж тайлбарлажээ.

Энэхүү өөрчлөлт нь өмнө нь байсан нэг том хязгаарлалтыг арилгаж байна. Тодруулбал, контент бүтээгчид болон брэндүүд постынхоо үзүүлэлтийг хадгалах уу, эсвэл хөгжмийг нь шинэчлэх үү гэсэн сонголтын өмнө тулгардаг байсан. Харин одоо тухайн контентын хандалтыг алдалгүйгээр дууг нь өөрчлөх боломжтой болжээ.

Зарим тохиолдолд шинэ тренд болж буй дууг ашиглах нь постыг илүү сонирхолтой болгоход тусалдаг бол зарим хэрэглэгчид өөрсдийн хөгжмийн сонирхол өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хуучин постуудынхаа дууг шинэчлэхийг хүсдэг байна.

Шинэ функцийг ашиглахын тулд хэрэглэгчид хөгжмийг нь өөрчлөхийг хүссэн постоо нээгээд, баруун дээд буланд байрлах хоёр зураастай цэсийг дарна. Үүний дараа “Edit” хэсгийг сонгоход хөгжмийг солих шинэ сонголт гарч ирнэ.

Instagram сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн төдийлөн таашаадаггүй зарим шинэ функц нэвтрүүлсэн шүүмжлэлтэй тулгарч байсан. Тиймээс олон хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээнд бодитоор хэрэг болох жижиг боловч хэрэгцээтэй шинэчлэлтүүдийг нэмэх болсон гэж ажиглагчид үзэж байна.

Жишээлбэл, тус компани саяхан олон нийтийн Instagram аккаунтын зургийг хиймэл оюун ухаанаар өөрчлөх боломж олгодог нэг функцийг цуцалсан. Instagram уг функц нь хэрэглэгчдийн хүлээлтэд нийцээгүй буюу зорилгоосоо зөрсөн гэж тайлбарласан юм.

Эх сурвалж: Techcrunch

#Инстаграм #зөвлөгөө