

Мөнгө олох нь чухал ч олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулах, ирээдүйдээ хэрэгтэй байдлаар удирдах нь түүнээс дутахгүй чухал чадвар юм. Гэвч хүмүүсийн ихэнх нь бага байхаасаа мөнгөний талаар зөв дадлыг сурч байгаагүй учраас орлогоо төлөвлөх, хэрэгцээ ба хүслээ ялгах, хуримтлал үүсгэх тал дээр заримдаа бэрхшээлтэй тулгардаг.
Ялангуяа оюутан, сурагч насанд өдөр тутмын жижиг зардлууд анзаарагдалгүй нэмэгдэж, нэг л мэдэхэд мөнгөө яг юунд үрчихэв ээ? гэж гайхах үе цөөнгүй. Гэхдээ санхүүгээ зөв удирдахын тулд заавал их орлоготой байх шаардлагагүй. Харин бага мөнгөтэй байсан ч зөв дадал хэвшүүлэх нь ирээдүйд санхүүгийн хувьд илүү хариуцлагатай, бие даасан болоход тусалдаг.
Мөнгөний менежмент гэдэг нь дан ганц мөнгөө хэмнэх тухай ойлголт бус харин өөрийн зорилго, хэрэгцээнд тохируулан мөнгөө ухаалгаар ашиглах чадвар юм. Тийм учраас өдөр тутамдаа хэрэгжүүлж болох мөнгөний менежментийн 7 энгийн дадлыг хүргэе.

Орлого, зарлагаа тэмдэглэж хэвших
Мөнгөө зөв удирдах эхний алхам бол хэзээ, хаана, юунд мөнгөө зарцуулж байгаагаа тэмдэглэх юм. Өдөр бүр хийсэн жижиг худалдан авалтуудаа тэмдэглэх нь зарлагаа хянахад тусална.
Кофе авах, хүргэлтийн хоол, онлайн худалдан авалт зэрэг жижиг мэт санагдах зардлууд нийлээд сарын төсөвт ихээхэн нөлөөлдөг. Тиймээс мөнгөнийхөө урсгалыг ойлгож эхлэх нь санхүүгийн зөв дадлын үндэс болоход тусална.
Хэрэгцээ ба хүслээ ялгах
Шинэ зүйл авах хүсэл төрөх бүрд “Надад энэ үнэхээр хэрэгтэй юу, эсвэл зүгээр л хүсэж байна уу?” гэж өөрөөсөө асууж хэвшээрэй. Ямар нэг дэлгүүрийн маркетингаас үүдэн тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийх тохиолдол хааяа гардаг шүү дээ.
Хэрэгцээ гэдэг нь өдөр тутмын хоол хүнс, замын зардал, сургалтын хэрэгцээ зэрэг зайлшгүй зүйлс багтдаг. Харин хүсэл гэдэг тодорхойлолтод шинэ хувцас, үнэтэй кофе, шаардлагагүй худалдан авалт зэрэг орно. Хүссэн зүйлээ огт авахгүй байх биш, харин зөв цагт, төлөвлөж авах нь чухал юм.
Сар бүр төсөв гаргах
Төсөв гаргах нь мөнгөө хязгаарлах гэсэн үг биш бөгөөд мөнгөө хаана зарцуулахаа эртнээс төлөвлөн өөрөө шийдэх арга юм. Сарын эхэнд хоол, тээвэр, хичээл, кино үзэх, хуримтлал зэрэг ангиллаар мөнгөө хуваарилснаар шаардлагагүй зарлага багасч, зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.

Орлого ормогцоо бага хэсгийг хадгалах
Олон хүн “Илүү мөнгөтэй болохоороо хадгална” гэж боддог ч бодит байдал дээр тэр үе ховор байдаг. Харин бага хэмжээтэй орлого байсан ч тогтмол хадгалж сурах нь хамгийн чухал. Жишээ нь хэрэв та сард 1,000,000₮ төг орлоготой гэж үзвэл үүний 10-15 хувииг нь хадгаламжийн дансандаа хийж болно. Хамгийн гол нь хадгаламжийн хэмжээ бус, сар бүр тогтмол байдал нь санхүүгийн сахилга бат бий болгодог.
Шууд худалдан авалт хийхээсээ өмнө бодох
Заримдаа бид сэтгэл хөдлөлөөрөө хэрэггүй зүйл худалдаж авдаг. Тиймээс томоохон худалдан авалт хийхийн өмнө хэдэн өдөр хүлээж, үнэхээр шаардлагатай эсэхээ дахин бодож үзээрэй. Энэ жижиг дадал нь хэрэггүй, хэрэгцээгүй худалдан авалтыг багасгахад тусалдаг.
Өр, зээлээ хариуцлагатай ашиглах
Зээл, өр нь зөв ашиглавал санхүүгийн зорилгодоо хүрэхэд туслах хэрэгсэл байж болох ч төлөвлөгөөгүй, хэт их ашиглавал санхүүгийн дарамт болж хувирдаг. Тиймээс ямар нэгэн зээл авахын өмнө “Надад үнэхээр хэрэгтэй юу?”, “Би эргэн төлөх боломжтой юу?” гэдгээ сайтар бодох нь чухал.
Жишээлбэл, боловсрол, ур чадвараа хөгжүүлэх зэрэг ирээдүйд өгөөж өгөх зүйлд зарцуулсан зээл нь зөв шийдвэр байж болох ч түр зуурын хүсэл, шаардлагагүй худалдан авалтад зориулж зээл авах нь санхүүгийн асуудал үүсгэх эрсдэлтэй.
Мөн зээл авах үедээ зөвхөн зээлийн хэмжээг бус, хүү, нэмэлт шимтгэл, эргэн төлөх хугацаа зэрэг нөхцөлүүдийг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс сарын төлөлт бага харагдсанаас болж нийт төлөх мөнгөө тооцоололгүй зээл авах алдаа гаргадаг.

Өөртөө хөрөнгө оруулах
Мөнгө зөвхөн хадгалах зүйл биш, өсгөх боломжтой нөөц юм. Шинэ ур чадвар сурах, хэлний мэдлэгээ сайжруулах, ном унших, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан мөнгө ирээдүйд илүү их боломж авчирч чадна.
Санхүүгийн зөв дадал гэдэг нэг өдрийн дотор бий болдог зүйл биш. Харин өдөр бүрийн жижиг сонголтуудаас эхэлдэг. Мөнгөө зөв удирдаж сурсан хүн зөвхөн өнөөдрийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй ирээдүйн зорилгодоо илүү итгэлтэй алхах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!