The Mongolz "ESL Pro League"-ыг хасагдах шатанд шалгарсан анхны Ази баг боллоо


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2024-04-25

  • CS2-ын хамгийн том лигүүдийн нэг ESL Pro League Season 19 эхэллээ.
  • Тэмцээнд Монголын "The MongolZ" баг Ази тивийг төлөөлөн оролцож байна.
  • Тэд тэмцээний хоёр дахь тоглолтдоо "G2 Esports"-ыг хожиж хасагдах шатанд шалгарлаа.

Электрон спортын хамгийн том байгууллагуудын нэг "ESL (Electronic Sports League)"-ээс уламжлал болгон зохиодог, CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League" эхэллээ.

Дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд цугласан, 19 дэх удаагийн ESL Pro League-т Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаагийн нэг нь Монголын "The MongolZ" юм.

Ази тивд чансаагаар тэргүүлж буй монгол баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг "G2 Esports"-той хийлээ.

Эхний map The Mongolz-ын сонгосон Ancient-д болоход 13-4 харьцаагаар maaRaa-ийн залуус илүүрхсэн. Харин G2 Esports-ын сонгосон Anubis-т 13-7 харьцаагаар хожсоноор цуврал 2-0-ээр өндөрлөв.

Ийнхүү The Mongolz "B" хэсгээс хасагдах шат буюу Play-off-т шалгарах нь тодорхой болж ESL Pro League-ийн хасагдах шатанд тоглосон анхны Ази баг болж байна. Тэд гурав хоногийн дараа хэсгийн аваргын төлөө тоглоно.

The Mongolz эхний тоглолтдоо "Team Falcons" багтай хийж 2-1 (Mirage 13-3, Nuke 9-13, Ancient 13-11) харьцаагаар хожсон юм. Харин G2 Esports баг өчигдөр Ази тивийн нөгөө төлөөлөл, Хятадын "TYLOO" багийг 2-0  (Ancient 13-6, Inferno 13-10) харьцаагаар хожсон билээ.

Түүнчлэн "ESL Pro League Season 19"-т Номхон далайн орнуудын төлөөлөл хоёр баг оролцож байгаагийн нэг нь монгол дасгалжуулагчтай "FlyQuest" баг юм. Тэд ирэх долоо хоногт эхний тоглолтоо дэлхийн аварга "Natus Vincere"-ын эсрэг хийнэ.

#мэдээ