

"Британийн ч бай, Америкийн ч бай ардчиллыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүрдэх ёстой урьдчилсан нөхцөлүүд байдаг.
Хамгийн гол нь нийгмийн тогтвортой байдлыг авч явдаг, боловсролтой, хүчирхэг дундаж давхарга байх ёстой. Тэд үндсэн үнэт зүйлс дээр санал нэгдсэн атлаа зорилгодоо хүрэх арга замын тухайд өөр өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын дундаас ухаалгаар сонголт хийж чадна.
Харин улс төрийн хүчнүүд нь улс орны суурь зарчмуудаараа хүртэл эвлэршгүй талцаж, зохистой сонголт хийх боловсрол, амьжиргааны түвшин бүхий дундаж давхарга үгүй бол ардчилал тогтож чаддаггүй, эцэстээ нуран унадаг."
— Ли Куан Ю, Сингапурын үүсгэн байгуулагч, Ерөнхий сайд асан
Түүний энэ санаа ардчиллыг үгүйсгэсэн бус, харин ардчилал тогтвортой хөгжих нийгмийн суурь нөхцөлийг сануулсан хэрэг.
Ардчиллын тогтвортой байдлыг зөвхөн Үндсэн хууль, сонгууль, институцууд дангаараа баталгаажуулдаггүй. Үүний хамгийн бат бөх нийгмийн тулгуурын нэг нь боловсролтой, эдийн засгийн хувьд бие даасан, хариуцлагатай, өргөн хүрээтэй дундаж давхарга юм.
Ийм дундаж давхарга нийгэмд зонхилох тусам сонгогчид богино хугацааны амлалт бус, урт хугацааны бодлого, үндэслэлтэй шийдвэрийг илүү үнэлдэг. Ингэснээр улс төрийн өрсөлдөөн талцал бус, бодлогын өрсөлдөөн болон төлөвшиж, улс төрийн намууд улс орны язгуур эрх ашгийн талаар бус, түүнийг хэрэгжүүлэх бодлого, арга замынхаа ялгаагаар өрсөлдөнө.
Харин дундаж давхарга сулрахын хэрээр популизм, туйлшрал, улс төрийн тогтворгүй байдал газар авах эрсдэл нэмэгдэнэ. Боловсролтой, эдийн засгийн хувьд бие даасан, хүчирхэг дундаж давхарга нь тогтвортой ардчиллыг хамгаалж, бэхжүүлэх хамгийн бат бөх нийгмийн тулгуурын нэг юм.
Иймээс ардчилал, эдийн засгийн хөгжил харилцан бэхжиж, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс бүрдэнэ.
Нийтлэлч: Д.Ган-Очир
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!