Монгол, Японы уран бүтээлчид Улаанбаатарт нэг дор: "STARS in Mongolia and Japan" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол, Япон улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг нэгэн орон зайд уулзуулах "STARS in Mongolia and Japan" олон улсын хамтарсан үзэсгэлэн 2026 оны долоодугаар сарын 24–29-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхарт олон нийтэд дэлгэгдэх гэж байна.

Үзэсгэлэнгийн нээлт долоодугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт болох бөгөөд Монголын 18, Японы 16 уран бүтээлч оролцож, уран зураг, орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдээрээ дамжуулан хоёр улсын соёл, уран бүтээлийн өнгө төрхийг нэгэн танхимд харуулах юм. Энэхүү арга хэмжээг Азийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмждэг Asian Artists Network зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Японы уран бүтээлчдийн уран бүтээлийн солилцоо, соёлын харилцааг өргөжүүлэх зорилготой ажээ.

Анхаарал татаж буй япон уран бүтээлчид

Үзэсгэлэнд оролцож буй зарим уран бүтээлч Японы орчин үеийн дүрслэх урлагийн салбарт олон жил идэвхтэй ажилласан хүмүүс юм.

Тухайлбал, Акияма Ютокутаиши (Akiyama Yutokutaishi) нь поп арт, концептуал урлагийн чиглэлээр танигдсан уран бүтээлч бөгөөд Япон төдийгүй олон улсын хамтарсан үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Тэрээр өмнө нь мөн Asian Artists Network-ээс зохион байгуулсан олон улсын "OPEN World Exhibition" үзэсгэлэнд бүтээлээ толилуулж байжээ.

Мөн Ямада Ёоко (Yamada Yoko) энэ удаагийн үзэсгэлэнд зориулан шинээр зурсан хоёр бүтээлээ авчирч байгаа бөгөөд түүнийгээ "алимны шинэлэг, цэнгэг мэдрэмжийг илэрхийлсэн" бүтээлүүд хэмээн онцолжээ. Монголд анх удаа энэхүү үзэсгэлэнд оролцож буйгаа тэрээр өөрийн цахим хуудсандаа хуваалцан, Улаанбаатарын үзэгчидтэй уулзахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр улсын уран бүтээлчдийн бүтээлээр дамжих соёлын яриа

"STARS in Mongolia and Japan" үзэсгэлэн нь зөвхөн уран зураг дэлгэхээс гадна Монгол, Японы орчин үеийн дүрслэх урлагийн өнгө төрх, бүтээлч сэтгэлгээ хэрхэн өөр өөр хэлбэрээр хөгжиж буйг нэг дороос харах боломжийг үзэгчдэд олгох онцлогтой.

Өнгө, хэлбэр, материалын сонголт, үзэл санааны илэрхийлэл өөр өөр боловч уран бүтээлээр дамжуулан соёл хоорондын ойлголцол, харилцааг бэхжүүлэх нь энэхүү олон улсын үзэсгэлэнгийн гол зорилгын нэг юм.

Үзэсгэлэнгийн мэдээлэл

  • Үзэсгэлэн: 2026 оны 7 дугаар сарын 24–29
  • Нээлт: 2026 оны 7 дугаар сарын 24-ний 16:00 цаг
  • Байршил: Монголын уран зургийн галерей, 2 давхар
  • Оролцогчид: Монголын 18, Японы 16 уран бүтээлч

#үзэсгэлэн #STARS in Mongolia and Japan