3000 жилийн настай домгийг Кристофер Нолан дахин амилууллаа: "Одиссей"


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Кристофер Ноланы шинэ бүтээл "Одиссей" кино дэлхий даяар нээлтээ хийж, богино хугацаанд оны хамгийн их хүлээлттэй бүтээлүүдийн нэг гэдгээ баталлаа. Нээлтийн эхний амралтын өдрөөрөө дэлхий даяар 264 сая ам.долларын орлого олж, Ноланы Batman цувралаас бусад бүтээлүүдийн хамгийн өндөр нээлтийн амжилтыг тогтоосон байна.

Гэхдээ энэ кино ердөө нэг адал явдалт кино биш. Суурь нь 3000 орчим жилийн өмнө эртний Грекийн яруу найрагч Homer-ийн туульс болох "Одиссей" юм. Өнөөдөр ч дэлхийн хамгийн нөлөө бүхий домог, уран зохиолын бүтээлүүдийн нэг гэж тооцогддог энэ түүхийг Нолан өөрийн хэв маягаар дэлгэцнээ амилуулжээ.

Одиссей гэж хэн бэ?

Одиссей бол Итака арлын хаан бөгөөд Троягийн дайнд ялалт байгуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн баатар юм. Домогт өгүүлснээр Трояг эзлэх боломжгүй болсон үед аварга модон морийг бүтээх санааг гаргасан хүн нь Одиссей байжээ.

Гэвч жинхэнэ сорилт нь дайн дууссаны дараа эхэлдэг.

Тэр эхнэр Пенелопе, хүү Телемах хоёртоо эргэн очихын тулд ердөө хэдхэн долоо хоногийн замыг туулна гэж бодсон ч бурхдын хилэн, мангасууд, далайн шуурга зэрэг олон саадыг давсаар 10 жилийн турш гэртээ харьж чадалгүй тэнүүчилдэг.

Замдаа тэр нэг нүдтэй аварга Полифем, хүмүүсийг дуугаараа уруу татдаг Сиренүүд, ид шидтэн Цирце, мөн үзэсгэлэнт нимф Калипсо зэрэг Грекийн домгийн хамгийн алдартай дүрүүдтэй учирдаг.

Одиссейн дүрийг Мэт Дэмон бүтээжээ

Кристофер Нолан энэхүү домгийн гол дүрийг Academy Award-ын эзэн Мэт Дэмонд даатгасан байна. Мэт Дэмон өмнө нь Нолантай Interstellar, Oppenheimer кинонд хамтран ажиллаж байсан бөгөөд энэ удаад анх удаа Ноланы киноны төв дүрийг бүтээж байгаа нь онцлог юм.

Оддын цугларалт болсон жүжигчдийн бүрэлдэхүүн

Энэхүү бүтээлд Кристофер Нолан зөвхөн түүхээрээ бус, жүжигчдийн сонголтоороо ч үзэгчдийн анхаарлыг татжээ. Мэт Дэмон домгийн гол баатар Одиссейн дүрийг бүтээж байгаа бол Энн Хатавей түүний үнэнч эхнэр Пенелопе, Том Холланд тэдний хүү Телемахын дүрд тоглож байна. Харин Зендаяа Грекийн домгийн хүчирхэг бурхан Афинаг, Роберт Паттинсон Антинусыг, Чарльз Терон Калипсогийн дүрийг бүтээжээ.

Ингэснээр "Одиссей" кинонд шинэ үеийн Холливудын хамгийн эрэлттэй жүжигчид болон туршлагатай уран бүтээлчид нэг дор цугласан байна.

Кристофер Нолан энэ удаа бас нэг түүх бүтээжээ
"Одиссей" нь уран сайхны киноны түүхэнд анх удаа бүхэлдээ IMAX кино камераар зураг авсан бүтээл болсон байна.

Киноны зураг авалт Марокко, Итали, Грек, Исланд зэрэг олон улсад үргэлжилсэн бөгөөд Trojan Horse-ийн дотор хүртэл жинхэнэ IMAX камераар зураг авсан нь киноны техникийн хамгийн онцлох шийдлүүдийн нэг болжээ.

Яагаад өнөөдөр ч "Одиссей" хүмүүсийг татсаар байдаг вэ?

3000 жилийн өмнө бичигдсэн ч "Одиссей" өнөөдөр ч хуучраагүй. Учир нь энэ бол зөвхөн мангасуудтай тулалдсан баатрын тухай бус, гэр бүлдээ эргэн очихын төлөө тэмцсэн эрийн тухай өгүүлдэг.

Алдаа гаргадаг, айдаг, шантардаг ч бууж өгдөггүй хүний түүх учраас олон үеийн уншигч, үзэгчдийн сэтгэлд хүрсээр иржээ.

Кристофер Нолан энэ мөнхийн түүхийг өөрийн өвөрмөц найруулга, аварга хэмжээний зураг авалт, Холливудын шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй хослуулснаар 2026 оны хамгийн их яригдаж буй кинонуудын нэгийг бүтээж чадсан байна.

#The Odyssey