

Хавчуургатай талх нь дэлхий дээрх хамгийн амттай түргэн хоолны нэг юм. Магадгүй хавчуургатай талхны хийхэд амархан тэр л шинж нь үүнийг олны хайртай хоол, зууш болгодог байх. Гэхдээ гаднах үзэмж, амтаараа арааны шүлс асгаруулдаг энэ л хоолны ард байх түүх хүртэл гайхшируулам байдаг гэдгийг хүмүүс тэгж их мэдээд байдаггүй. Өнөөдөр YOLO нь та бүгдэд хавчуургатай талхны хачирхалтай түүхийг хэлж өгөх болно.
Хавчуургатай талхны буюу Сэндвичийн нэрийн үүсэл

Хавчуургатай талхны үүсэл гарлын тухай тодорхой баримт байдаггүй ч олонх судлаачид 18-р зууны үе хавьцаа үүссэн гэдэгтэй санал нийлдэг. Анхандаа Сэндвич гэх нэр хоолтой ямар ч холбоогүй байсан. Харин уг нэр нь Английн нэгэн далайн эргийн боомт хотын нэр байжээ.
Тухайн үед Английн Хаан байсан хоёрдугаар Чарлз, Жон Монтагю гэдэг хүнд дөрөвдүгээр гүн гэх цолыг олгоод тус хотыг удирдуулсан байна. Ингэснээр тэрээр Сэндвич хотын дөрөвдүгээр гүн Жон Монтагю хэмээн түүхэнд алдаршсан юм.
Мөрийтэй тоглоомын ширээн дээрх сэндвич
Тэгэхээр яаж явж байгаад хавчуургатай талх Сэндвичийн дөрөвдүгээр гүнтэй холбогдох болов гэдэг сонирхолтой. Дөрөвдүгээр гүнгийн хувьд ойр ойрхон дарс ууж, мөрийтэй тоглоом тоглодог муу зуршилтай байсан буюу орчин үеийнхээр “мөрийнд донтогч, мөрийцөгч” байсан байгаа юм. Зарим нэг хүмүүс бүр түүнийг Америкийн хувьсгалын тулаанд Англи ялагдсантай холбож буруутгадаг гэнэ. Учир нь гүнг улсынхаа бусад тэнгисийн цэргүүдэд туслалгүй согтуурч мансуурч явсан гэж үздэг юм байна.

Нэгэн өдөр тэрээр мөрийтэй тоглоомдоо маш гүнзгийгээр орон хөзрөө ширээн дээр тавин завсарлага авах ямар ч хүсэлгүй болсон байв. Тиймээс тэр зарц нартаа өөрт нь хэрчсэн хоёр талхны хооронд давсалсан мах хавчуулан түүнд авчирч өгөхийг тушаажээ. Тухайн үедээ шинэлэг байсан тус хоол идэх арга нь гүнтэнг хөзрөө ямар ч асуудалгүйгээр үргэлжлүүлэн тоглоход тусалж байлаа.
Сэндвичийн гүнгийн ийнхүү ухаалаг шийдлийг харсан бусад язгууртан ноёд ч мөн адил туслахууддаа “Сэндвичийнх шиг хоол бэлдээд ир” хэмээн даалгадаг болсон байна. Ингэж явсаар хоёр талхны дунд хавчуулсан мах болон ногоог сэндвич буюу хавчуургатай талх хэмээн нэрийдэх болжээ.
Үйлдвэржилтийн үеийн хавчуургатай талх ба ажилчин ангийн хоол

Дээрх үйл явдлаас хэсэг хугацааны дараа, 19-р зууны үе дэх аж үйлдвэрийн хувьсгалын үед ажилчдад хоол идэх маш бага хугацаа байдаг байв. Тиймээс идэхэд тийм ч их хугацаа шаардахгүй ч өл даачихдаг хавчуургатай талх ажилчин анги болон дундаж амьдралтай иргэдийн дунд алдартай болж эхэлсэн байна.
Британий иргэд цааш өөр улсууд руу, ялангуяа Америк руу цагаачлахдаа өөрсдийн дуртай хавчуургатай талхны соёлоо ч дагуулан очсон байдаг. Харин тэрхүү зөвхөн мах, ногоотой хавчуурга АНУ-д илүү олон төрөлтэй болон хувьсжээ. Үүнээс хамгийн алдартай нь газрын тосны самар ба жимсний чанамлын түрхлэгтэй хавчуургатай талх юм.

Баруунаас Зүүн дэх хавчуургатай талхны төрлүүд

Дэлхий дээрх бусад орнуудад хавчуургатай талх хурдацтай тархаж эхэлснээр үүний нэр хүнд 20-р зууны эхээр маш өндөр болсон. Гэхдээ хавчуургатай талх зүгээр ч нэг тархаагүй бөгөөд улс болгон хавчуургатай талхыг өөрийн үндэсний амтлагч, орцоор баяжуулан өөр өөрөөр нэрлэх болжээ.
Жишээ нь, Мексикт мах, вандуй, авокадотой хавчуургатай талхыг Торта, Вьетнамд тус орны онцгой соусаар амталж олон төрлийн ногоогоор баяжуулан дүүргэсэн франц хэв маягийн талхыг Банх Ми, бяслаг, хиам зэргийг хавчуулан дээр доороос нь шарсан талхыг Кубано хэмээдэг байна.
Орчин үеийн хавчуургатай талх

Өнөөдөр дэлхийн бүх улс орнууд хавчуургатай талхны ямар нэг төрлийг хоол хүнсэндээ багтаадаг болсон ба хоолны шинэ тренд болгоноор төрөл нь нэмэгдэн явж буй. Хавчуургатай талх гэхээр л дандаа шарсан хуурсан мах, бяслаг, соусаар баялаг байна гэсэн ойлголт байхаа больж. Эрүүл хооллох хүсэлтэй хүмүүс нь сэндвичийн талхыг бүхэл үрийн талхаар солихоос эхлээд нийт хэдэн төрлийн сэндвич байгааг тоолох аргагүй болжээ.

Ийнхүү хавчуургатай талх дэлхийд хайрлагдаж, түүний түүх, үүслийн талаарх яриа эхлэх бүрд олон судлаачид өөр өөр зүйл хэлж хоорондоо маргах нь бий. Зарим хүмүүсийн үзэж буйгаар хавчуургатай талх бүр эртний эрин үеэс гаралтай гэх. Талхан дунд хоолны орц хийж идэх нь бүр эрт цагаас эхлээд л соёл иргэншлүүдийн дунд тархсан байсан ба сэндвич гэх нэр нь л 18-р зуунд бий үүсжээ.
Эх сурвалж: Rimping
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!