TOEFL: Бичгийн хэсгээс өндөр оноо авах 7 арга


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-01-13

Бичгийн шалгалт нь хоёр хэсгээс бүрддэг. Үүнд:

- Нэгдүгээр хэсэг. Өгөгдсөн текстийг уншиж, сонссон зүйлээсээ 200 орчим үгтэй эсээ бичих.

- Хоёрдугаар хэсэг. Өгөгдсөн сэдвээр эсээ бичих /үгийн тоо 300 орчим байна/

Хугацаа: 50 минут

ЮУГ АНХААРАХ ВЭ?

- Сонсож дуусаад чихэвчээ салгаарай.

- Бичиж эхлэхээсээ өмнө унших материалтайгаа танилцаад бүтцийнх нь талаар тойм гарга.

- Хамгийн чухал нь бичих болон сонсох материалаа сайтар ойлгоод түүнээс нэгдсэн дүгнэлт гаргах. Тиймээс таны үзэл бодол “гол төв” байх албагүй.

- Нэгдүгээр хэсгийг хийхдээ сонсох болон унших материалын хоорондын холбоог зөв илэрхийлэх, бичиж буй зүйлийн чинь санаа нь тодорхой байх, унших сонсох материалын хоорондын холбоог ойлгосон байх ёстойг анхаарна уу.

- Хоёрдугаар хэсгийг хийхэд 30 минутын хугацаа бий. Тиймээс энэ хугацаанд 300 орчим үгтэй, “чанартай” эсээ бичих нь чухал.

- Үгийн тоо 300-гаас бага байж болох боловч ихэнх өндөр оноотой хүмүүс 300 үгтэй бичээрэй гэж зөвлөдөг. Учир нь цөөхөн үгээр үзэл бодлоо тодорхой илэрхийлэх боломжгүй л болов уу?

- Хоёрдугаар хэсгийн эсээг бичихдээ өөрийн үзэл бодлыг тусгаж, утгыг нь алдагдуулахгүйгээр хамгийн олон төрлийн дүрэм, үг ашиглаж бичих нь чухал. Ингэж байж л өндөр оноо авах магадлал нэмэгдэнэ.

ҮГИЙН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙ

TOEFL-ийн бичгийн шалгалтыг өгч байхдаа өгөгдсөн үгийг нь л ашиглаад байвал бараг “хуулбарлаж” байгаагаас өөрцгүй шүү дээ. Тиймээс аль болох олон төрлийн үг сонгож, нэг үгийг дахин давтахгүй бичихийг хичээгээрэй. Гэхдээ олон үгээр бичнэ гээд буруу үг ашиглав даа. Анхааралтай байх нь чухал шүү. 

БЭЛД БАС ДАХИН БЭЛД

Бэлтгэлгүй амжилт гэж байдаггүйтэй адил TOEFL-ийн бичгийн шалгалтыг бэлдэхгүйгээр давна гэдэг боломжгүй зүйл. Азанд найдна гэвэл бас л бүтэхгүй. Тийм болохоор шалгалтын бүтцээ сайтар ойлгоод, аль хэсэгт ямар тактик ашиглах вэ гэдэг өөрийн гэсэн аргатай болох хэрэгтэй. Ингэхийн тулд жишиг шалгалт хийж үзээрэй. Эсээний бүтэц ямар байх ёстой, гол санаагаа хэрхэн илэрхийлэх зэргээ сайтар тооцоол. Шалгалтын үеэр эсээ бичихдээ эхлээд тархиндаа сайтар төлөвлө. Үүний дараа бичиж эхэл. 

ЛЕКЦЭЭ АНХААР

TOEFL-ийн бичгийн шалгалтын хамгийн чухал хэсэг нь яг үнэндээ “лекц дээр дурдаж буй санааг нэгтгэн дүгнэх” юм шүү дээ. Тийм учраас лекцэд юуны тухай өгүүлж байна, гол санаа нь юу вэ? гэдгийг ойлгосноор таны бичгийн ажил амжилттай болно гэсэн үг. 

БИЧИЖ ТЭМДЭГЛЭ

Зарим хүмүүс лекцээ сайн ойлгочихсон байхад тэмдэглэл хийх шаардлагагүй гэж боддог. Бодит байдал дээр энэ нь тийм ч оновчтой санаа биш тул лекцийн үеэр дурдагдаж буй чухал санааг заавал тэмдэглэж аваарай. Нэг нэгэнгүй бичиж авах албагүй ч түлхүүр үгээр гол санаагаа бичээд байхад гэмгүй. Тухайн тэмдэглэлээс бичих зүйл чинь урган гарах ёстой. Хамгийн чухал нь өөрийнхөө үзэл бодлыг лекцтэй харьцуулж нэгтгэн дүгнэх юм. 

БИЧСЭН ЗҮЙЛЭЭ ШАЛГА

Ганцхан үсгийн алдаа л авах гэж буй оноонд тань нөлөө үзүүлнэ гээд бод доо! Санамсаргүй байдлаар үгээ буруу бичих, үсгийнхээ байрыг солих зэрэг нь байж боломгүй алдаа гэдгийг мартуузай. Тийм тохиолдолд хэлэх гэсэн зүйл чинь ойлгомжгүй, болхи харагдах болно. Хоорондоо ойролцоо дуудагдаж, бичигддэг үгсийг сайн тогтоож аваарай. Үгээ андуурч бичих нь тэр өгүүлбэр, цаашлаад эсээнийхээ утгыг алдагдуулна шүү. Тийм учраас бичихээсээ өмнө сайн бодоод, бичиж дууссаныхаа дараа сайн шалгаарай. 

ДҮРМЭЭ МЭДЭЖ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Эсээгээ бичээд дуусчихлаа гэж бодоход түүний дотор орсон үг хэллэг, дүрмийн тухай асуудал бол “мөнхийн” сэдэв байх нь гарцаагүй. Мэдээж та дүрмээ төгс эзэмших албагүй ч бичгийн шалгалтыг хийхийн тулд “төгс” байдалд дөхүүлэх ёстой. Холбоос үг, хэлц үгийг өгүүлбэрт хэрхэн ашигладаг талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй бол эсээнийхээ дийлэнх оноог авснаас ялгаагүй шүү.

АЛЬ БОЛОХ ОЛОН ТӨРЛИЙН ДҮРЭМ АШИГЛААРАЙ

Эсээгээ зөвхөн энгийн одоо цаг дээр бичээд байвал ямар ч хүн уншаад олигтой оноо өгөхгүй нь лавтай. Шалгагч таны хэр олон дүрэм мэдэж байгааг харахыг хүсэх нь гарцаагүй. Тийм болохоор аль болох дүрмийн мэдлэгээ харуулсан өгүүлбэр зохиохыг хичээгээрэй. Мөн өгүүлбэр бичих олон янзын аргад суралцах нь маш үр дүнтэй шүү. Үүнийг youtube- ээс хайхад л хялбархан олдоно.

Эцэст нь аливаа хэлийг суралцаж буй хүн тууштай, хичээнгүй байх нь хамгийн чухал. Тийм учраас өдөр бүр цаг гаргаж бэлдээрэй. Танд амжилт хүсье!

Эх сурвалж: Mushroom

#TOEFL-д бэлдэцгээе #Writing #Бичих