
Unicorn буюу ганц эвэрт морь бол дэлхийн хамгийн алдартай домгийн амьтдын нэг. Цасан цагаан биетэй, духан дээрээ урт мушгирсан эвэртэй энэ амьтныг зөвхөн үлгэр, кинонд л гардаг гэж бид боддог. Гэхдээ эрдэмтэд "Unicorn"-ийн домог хаанаас үүссэн байж болох талаар олон жилийн турш судалсаар иржээ.

Домгийн эх сурвалж нь аварга хирс байсан уу?
Судлаачдын хамгийн сонирхолтой таамгуудын нэг нь Elasmotherium sibiricum хэмээх эртний аварга хирс юм. "Сибирийн Unicorn" гэж хочлогддог энэ амьтан дөрвөн метр орчим урт биетэй, хоёр метр хүртэл өндөр, хэдэн тонн жинтэй байсан гэж үздэг. Толгойн урд хэсэгтээ аварга том ганц эвэртэй байж болзошгүй тул түүнийг өнөөгийн Unicorn-ын дүр төрхтэй холбон ярьдаг.
Урт хугацаанд энэхүү амьтан 350 мянган жилийн өмнө устсан гэж үздэг байсан ч хожим Казахстанаас олдсон чулуужсан олдворууд түүнийг ойролцоогоор 39 мянган жилийн өмнө, орчин үеийн хүнтэй нэг цаг үед амьдарч байсныг харуулсан. Хэрэв эртний хүмүүс ийм амьтантай тааралдсан бол түүний тухай түүх үеэс үед дамжин, домог болон үлдсэн байхыг үгүйсгэхгүй.

Unicorn-ын "эвэр" хаадын эрдэнэс байжээ
Дундад зууны Европт хүмүүс Unicorn үнэхээр байдаг гэдэгт итгэдэг байсан бөгөөд түүний эвэр бүх төрлийн хорыг саармагжуулж, өвчин эдгээх ид шидтэй гэж үздэг байв.
Үүний улмаас хаад, язгууртнууд "Unicorn-ын эвэр" хэмээн маш өндөр үнээр худалдаж авдаг байсан зүйл нь үнэндээ нарвал хэмээх Арктикийн далайд амьдардаг халим төст амьтны урт соёо байжээ. Тухайн үед ховор олддог учраас зарим соёо алтнаас ч өндөр үнэлгээтэй худалдаалагдаж байсан гэх баримт бий.
Бодит Unicorn байдаггүй ч...
Өнөөдрийн байдлаар жинхэнэ Unicorn оршин байсан гэдгийг батлах шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Гэхдээ нэг эвэртэй амьтад байгальд байдаг. Үүнд хирс, нарвал зэрэг амьтад багтдаг бөгөөд заримдаа генийн ховор өөрчлөлтийн улмаас духан дээрээ ганц эвэр ургасан адуу, ямаа зэрэг амьтад ч бүртгэгдэж байжээ. Эдгээр нь домогт гардаг ид шидийн Unicorn биш ч хүмүүсийн төсөөлөлд нөлөөлсөн байх магадлалтай.
Яагаад өнөөдөр ч хүмүүс Unicorn-д дурласаар байдаг вэ?
Unicorn нь зөвхөн домгийн амьтан биш, харин найдвар, мөрөөдөл, цэвэр ариун байдал, өвөрмөц байдлын бэлгэдэл болон үлджээ. Тиймээс хүүхэлдэйн кино, ном, видео тоглоом, хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд сошиал медиагийн тренд хүртэл Unicorn өнөөдөр ч хүчтэй байр сууриа хадгалсаар байна.
Магадгүй жинхэнэ Unicorn хэзээ ч байгаагүй байх. Гэхдээ хүмүүсийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээний ачаар энэ домгийн амьтан хэдэн мянган жилийн турш "амьд" хэвээр үлдэж, шинэ үе бүрийн соёлын нэг хэсэг болсоор байгаа нь хамгийн гайхалтай зүйл биз ээ.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!