Мөсөн авиралтын спорт 2030 оны Олимпын төрөлд багтаж чадсангүй


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Олон жилийн турш Олимпын наадмын хөтөлбөрт багтахыг зорьж ирсэн мөсөн авиралтын спортын хувьд таагүй мэдээ ирлээ. 2030 онд Францын Альпийн нуруунд зохион байгуулагдах Өвлийн Олимпын наадмын спортын төрлүүдэд мөсөн авиралт багтаагүй болохыг зохион байгуулах хороо албан ёсоор мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд мөсөн авиралт нь дэлхийн олон оронд хурдацтай хөгжиж буй өвлийн спортын нэг болж, олон улсын тэмцээнүүдийн тоо болон тамирчдын оролцоо тогтмол өссөөр байна. Байгалийн болон хиймэл мөсөн хананд хурд, хүч, техник, тэсвэр хатуужлыг хослуулан өрсөлддөг энэхүү спорт нь залуу үеийн сонирхлыг татаж, өвлийн спортын шинэ чиг хандлагын нэг болоод байгаа юм. Харамсалтай нь 2030 оны олимпод багтаж чадсангүй.

Гэсэн хэдий ч зохион байгуулах хорооноос мөсөн авиралтын Олимпод өргөн мэдүүлсэн хүсэлтийг өндөр үнэлсэн байна. Тэд уг спорт нь олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэн ирээдүйн уулын спортын хөгжлийн өндөр нөөц боломжтой болохыг онцолжээ.

UIAA-ийн ерөнхийлөгч Питер Муир энэ талаар “2030 оны Өвлийн Олимпын албан ёсны спортын хөтөлбөрт багтах нь UIAA болон Дэлхийн мөсөн авиралтын зөвлөлийн олон жилийн зорилго байсан. Хэдийгээр энэ удаад зорилгодоо хүрч чадаагүй ч Олимпын хөтөлбөрт багтах нь манай хөгжлийн стратегийн зөвхөн нэг хэсэг юм” хэмээн мэдэгдэв.

Мөн 2024 онд хийгдсэн бүтцийн шинэчлэлийн үр дүнд мөсөн авиралтын спорт мэдэгдэхүйц ахиц гаргаж байгааг дурдан 2025-2026 оны UIAA World Tour тэмцээний амжилтыг үүний тод жишээ хэмээн онцолсон байна.

Харин Дэлхийн мөсөн авиралтын зөвлөлийн дарга ЖоАнн Карилли-Стивенсон олон улсад шинэ тэмцээний талбайнуудыг нэмэх, залуу тамирчдад зориулсан хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, шүүгч, албан хаагчдын боловсролын тогтолцоог сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Мөсөн авиралтын спорт 2030 оны Францын Альпийн Өвлийн Олимпын наадамд багтахгүй болсон ч спортын олон улсын хөгжил, өргөжилтийн ажил цаашид үргэлжилсээр байх байна.

Эх сурвалж: UIAA

#olympics