5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Тэр зөвшөөрсөнгүй. Надад үнэхээр хэцүү байна


ССҮТөв | YOLO.MN
2019-01-10

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнд муухай сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэлтэй байна

Намайг Н гэдэг.  Би 14 настай.  Би 3, 4 сарын өмнө ангидаа цуг суудаг охиндоо дурласан юм л даа.  Тэгээд хэд хоногийн өмнө би түүнд бэлэг өгөөд үерхээч гэж гуйтал зөвшөөрөөгүй.  Тэр нь надад эвгүй санагдсан. Үнэхээр хэцүү байдалд орсон. Би тэгээд ядаж өмнөх шигээ байя гэхээр улам л хөндийрөөд ганц ч үг хэлэхгүй байна. Надад үнэхээр хэцүү байна.  Ядаж байхад нь би зүрхний өвчтэй учир бага зэрэг л эвгүйрхээд ирвэл хэсгийн эмчээ дуудна.  Би уул нь түүнийг надад бага ч болов талтай гэж бодтол бүр дургүй болчих юм. Би үнэхээр ойлгохгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Тэр охин чухал ч чи бас чухал хүн гэдгээ мартваа

Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө чи зоригтой алхам хийжээ. Эхлээд яагаад тэр охин татгалзсан талаар бодож үзэцгээе. Магадгүй түүнд чамтай энгийн найз байх нь тааламжтай санагддаг байсан байж болох юм. Чамайг найзын нүдээр л харж харилцаж байтал, гэнэт сэтгэлээ илчлэхэд чинь бага зэрэг гайхаж цочирдсон ч байж болно шүү дээ. Тиймээс тэрхүү үйл явдал нь арай л мартагдаж амжаагүй байгаа тул чамаас түр хугацаанд зайгаа бариад байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл түүнд тайвшрах, эргээд хэвийн байдалдаа орох цаг өгөөрэй. Харин одоо чиний зүгээс хийж болох зүйлсийг эргэцүүлж үзье:

  • Ямартай ч цаг хугацаа өнгөрөхийг тэвчээртэйгээр хүлээх нь зөв юм шүү.
  • Хэсэг хугацаа өнгөрсний дараа сандарч тэвдэлгүй, тайвнаар хуучин шигээ сайн найзууд хэвээрээ байхыг хүсч буйгаа хэлээд үзээрэй. Хэрвээ тэр хүлээж авч чадахгүй байвал орон зайг нь өгч хүндэтгэсэн хэвээрээ л байгаарай.
  • Хэн ч, хэнд ч сэтгэлээ илчлэх эрхтэй. Бас хэн ч хэнд ч татгалзсан хариу өгөх эрхтэй гэдгийг ойлгоод хийсэн зүйлдээ харамсаж өөрийгөө буруутгалгүй харин ч зоригтой алхам хийсэндээ урамшиж, бас түүний сонголтыг хүндлээрэй.
  • Мөн өөрийгөө тайван байлгах нь чухал шүү. Тэр охин чухал ч чи бас чухал хүн гэдгээ мартваа.

Өөдрөг байгаарай. Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б.Алтанзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter