

Залуу төгөлдөр хуурч Ганбатын Бадмаараг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Карнеги Холлын Weill Recital Hall танхимд уригдан тогложээ.
Энэ талаар олон улсын хөгжмийн шүүмжлэгч, International Composer болон SoundWordSight сэтгүүлүүдийн эрхлэгч Жеффри Жеймс нийтлэлдээ онцолсон байна. Италийн Сицили аралд зохион байгуулдаг, нэр хүндтэй Ibla Grand Prize олон улсын хөгжмийн уралдааны 2025 оны шилдэг оролцогчдын тоглолт өнгөрсөн сарын 6-ны өдөр Карнеги Холлд болсон.
Уг тоглолтод дэлхийн олон орны шилдэг хөгжимчид оролцжээ. Монгол Улсыг төлөөлөн оролцсон хамгийн залуу хөгжимчин нь 11 настай төгөлдөр хуурч Г.Бадмаараг байлаа. Шүүмжлэгч Жеффри Жеймс нийтлэлдээ:
“Оройн хамгийн залуу оролцогч болох Монголын 11 настай Бадмаараг хөгжмийн мэдрэмж, бүтээлийн хэлбэрийг ойлгон илэрхийлэх чадвараараа онцгой сэтгэгдэл төрүүллээ. Листийн бүтээлийг тоглохдоо хөгжмийн шугам, өрнөл хөдөлгөөнийг маш сайн мэдэрч байсан нь анзаарагдсан” хэмээн бичжээ.
Г.Бадмаараг тоглолтын үеэр Франц Листийн бүтээлүүдээс гадна Монголын нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлийг толилуулсан. Энэ бүтээл нь төгөлдөр хуурчийн хөгжим удирдах чадвар, өнгө аясыг нарийн мэдэрч байгааг тод харуулсан гэж шүүмжлэгч үнэлсэн байна.
Тэрээр тоглолтоо Н.А.Римский-Корсаковын алдарт “Зөгий нисэлт” бүтээлээр өндөрлүүлжээ. Энэхүү бүтээлийн талаар Жеффри Жеймс:
“Түүний бүх давуу тал энэ бүтээл дээр тод харагдсан. Хэт хурд, хяналтгүй тоглолт руу амархан хэлбийж болдог энэхүү бүтээлийг маш нягт, хяналттай, наснаасаа хавьгүй илүү төлөвшсөн байдлаар тоглосон” гэжээ.
Үзэгчид түүний тоглолтыг халуун дотноор хүлээн авч, хүчтэй алга ташилтаар шагнасан тухай дурдсан байна. Карнеги Холл нь дэлхийн сонгодог хөгжмийн хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг. Энэ тайзнаа тоглож, олон улсын хөгжмийн шүүмжлэгчийн өндөр үнэлгээ хүртсэн нь Монголын залуу авьяастны хувьд төдийгүй Монголын төгөлдөр хуурын урлагийн олон улсын нэр хүндийг өсгөсөн амжилт юм.
Ташрамд дурдахад, Ганбатын Бадмаараг 2025 онд олон улсын нэр хүндтэй Барток–Кабалевскийн нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Мөн Италийн Ibla Grand Prize олон улсын хөгжмийн уралдаанд оролцсон нийт хөгжимчдөөс шалгарч, уралдааны хамгийн өндөр шагнал болох “Top Winner” шагналын эзэн болсон юм.
Энэ амжилтын үр дүнд тэрээр АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Карнеги Холлд зохион байгуулагдсан шилдгүүдийн тоглолтод уригдан, олон улсын тайзнаа Монголын төгөлдөр хуурын урлагийг амжилттай төлөөлөн тогложээ.
Нийтлэлийн эх сурвалж: Жеффри Жеймс, International Composer / SoundWordSight, 2026 оны 5 дугаар сар

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!