ЗАХИДАЛ: Хэлж чадахгүй явсаар байтал найз маань мэдчихлээ. Яавал дээр вэ?


ССҮТөв | YOLO.MN
2019-05-18

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэлж чадахгүй байсаар байтал найз маань мэдчихлээ. Яавал дээр вэ?

Сайн байна уу. Надад тулгарсан асуудлыг шийдэхэд минь тусламж үзүүлнэ гэж найдаж байна. Намайг А гэдэг би одоо 20 настай.

Би нэг найзтайгаа найзалж эхлээд жил гаран болж байна. Тэр надад өөрийн бүх зүйлийг ярьдаг байсан. Бид саяхан нэг эрэгтэй хүүхдээс болоод маргалдчихлаа. Учир нь манай найз удаан үерхээгүй байж байгаад нэг эрэгтэй хүүхэдтэй харилцдаг болсон. Тэд гүн харилцаатай байгаагүй л дээ.

Тэр хоёр хоорондоо харилцан ярьдаг болоод 7 хоног л болж байсан юм. Гэтэл манай найзыг тэр эрэгтэй хүүхдийн ээж нь үерхэж эхлэхээс нь өмнө өөрийг нь бэрээ болгох санаа байхгүй байгаагаа хэлснээс найз маань салсан. Тэр хөвгүүнийг нь би найзын хувиар таньдаг байсан болохоор зөвлөлдөх үүднээс л ярьдаг байв. Тэр найзаас минь салснаас хойш сэтгэл санаагаар унаж, надтай байнга ярьдаг болсон. Гэтэл бидний сэтгэл дасаж хоорондоо сайн болж, бүр үерхэж эхэлсэн.

Тэр найзтай минь ярьдаг байхдаа над руу надад хайртай, ирээдүйд гэрлэх хүсэлтэй гэсэн утгатай зүйлсийг бичдэг байсан. Гэхдээ би түүнийг нь хөгжилтэй байлгах маягаар бичсэн гэж тухайн үедээ бодож байв.

Цаг хугацаанаас, эсвэл би ганцаардаж байснаас ч юм уу бид хоорондоо хурдан дасаж үерхээд 1 сар гаруй болох гэж байна. Харин найздаа үерхэж эхэлснээ хэлж чадахгүй явсаар байтал найз маань ч мэдчихсэн. Надад уурласан. Би түүнээс уучлал гуйсан ч тэр намайг уучлахгүй гэсэн. Бас энэ найзаас минь болоод хамтдаа найзалдаг бусад найзууд маань надтай үг дуугарахаа больсон. Бидний харилцаа ч хөндийрсөн би одоо яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ийм хүнтэй эрүүл, итгэлтэй харилцаа үүсгэхэд хэцүү

Сайн байна уу? Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Тийм ч амархан шийдчихэж болохгүй төвөгтэй нөхцөл байдалд байгааг ойлголоо. Доорх зүйлсийг эргэцүүлбэл юу хийхээ ойлгож, шийдвэр гаргахад нь дөхөм болох болов уу.

1. Хүний амьдралд тохиох чухал хоёр харилцаа нь нөхөрлөл болон хайр дурлалын харилцаа байдаг. Энэ хоёрыг хамтад нь авч явахад тухайн хүнээс цаг зав, хөдөлмөр, мөн ёс зүй, зарчим шаарддаг. Хүн зөвхөн мэдрэмжээ дагаад хүссэн зүйлсээ хийгээд байж болохгүй. Миний хийж буй үйлдэл бусад хүмүүст ямар мэдрэмж төрүүлэх бол гэдгийг бодолцож заримдаа хүслээ дарж бодлоороо өөрийгөө удирдах хэрэгтэй болдог. Тиймээс чи мэдрэмжээ дагах уу, эсвэл зарчим, ёс зүй дээр суурилж бодлоороо өөрийгөө удирдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй гэсэн үг.

2. Хэн нэгэнтэй харилцаа эхлүүлж, итгэл найдвар төрүүлж байж өөр нэг хүнд “чамтай гэрлэнэ” гэж хэлсэн нь тэр хүн маш эмпати султайн шинж. Өөрөөр хэлбэл миний хийж буй үйлдэл хүмүүст хэрхэн нөлөөлөх бол гэж бусдын өнцгөөс бодож, өрөвдөж чаддаггүй гэсэн үг. Нөгөө талаас өөрийгөө удирдах чадвар сул байна гэсэн үг. Ийм хүнтэй эрүүл, итгэлтэй харилцаа үүсгэхэд хэцүү байдаг. Энэ хүнтэй цаашид хамт байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ хүн чиний хувьд хэр чухал, үнэ цэнэтэй хүн бэ?

Энэ удаад нөхцөл байдал яаж ч шийдэгдсэн бай дараагийн удаад ийм асуудал яаж үүсгэхгүй байх вэ, үүсвэл яаж шийдэх вэ гэдгээ мэддэг болоход нь туслах туршлага болно гэж найдаж байна. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter