Дижитал орчин дахь сэтгэл зүйн ядаргаанаас тархиа амраах нь


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өглөө сэрээд та хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Хэрэв таны хариулт утсаа шалгах биш бол та дижитал хэрэглээгээ илүү ухамсартайгаар удирддаг хүмүүсийн нэг бололтой. Харамсалтай нь өнөө үед өглөө сэрэнгүүтээ утсаа шалгаж, сошиал медиагаар гүйлгэн богино рийл, пост, стори үзэх нь залуусын дунд түгээмэл дадал болжээ.
Өнөөдөр дэлхий даяар анхаарал төвлөрөл сулрах, стресс нэмэгдэх, сэтгэл түгших зэрэг асуудлууд маш түгээмэл болсон бөгөөд судлаачид үүний нэг гол шалтгааныг мэдээллийн хэт ачаалалтай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хүний тархи нэгэн зэрэг хэт их мэдээлэл боловсруулах шаардлагатай болсноор сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлж байна.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээр мэдээллийн хэт их байдлын сөрөг үр дагаврууд болон түүнээс сэргийлэх, өөртөө хэвшүүлэх боломжтой зөвлөмжүүдийг хүргэж байна.

Таны анхаарал төвлөрөлт хэр зэрэг өөрчлөгдөж байна вэ?

Сошиал медиа платформууд хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд богино хэмжээний контентуудыг түлхүү санал болгодог болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. TikTok, Instagram, Youtube болоод бусад платформууд ч гэсэн энэхүү богино бичлэг трендийг ихэсгэж байна. Хэдхэн секунд үргэлжлэх эдгээр бичлэгүүд нь тархийг байнгын шинэ өдөөлтөөр хангаж, дараагийн контентыг хүлээх дадал суулгадаг байна.

Үүний үр дүнд ном унших, хичээл хийх, эсвэл урт хугацаанд төвлөрөл шаардсан ажлууд илүү хэцүү мэт санагдаж эхэлдэг.  Калифорнийн Их Сургуулийн судлаачдын 20 жилийн турш хийсэн ажиглалтаар хүмүүс нэг дэлгэцэн дээрх ажилдаа төвлөрөх дундаж хугацаа 2004 онд 2.5 минут орчим байсан бол сүүлийн жилүүдэд ойролцоогоор 47 секунд болж буурсан байна.

FOMO: Хоцорч буй мэт мэдрэмж ба сэтгэл түгшилт

Интернэтээр бид өдөр бүр сайн, муу гээд асар их хэмжээний мэдээллийг бараг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авдаг. Дайн мөргөлдөөн, байгалийн гамшиг, эдийн засгийн хүндрэл зэрэг сөрөг мэдээнүүд тасралтгүй гарч ирэх нь хүний далд ухамсарт айдас, түгшүүрийн мэдрэмжийг бий болгодог.

Мөн сошиал медиад хүмүүс амьдралынхаа хамгийн аз жаргалтай, амжилттай, сонирхолтой мөчүүдийг л нийтлэх хандлагатай байдаг. Тэдгээрийг өдөр бүр харснаар зарим хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулж, өөрийн амьдрал хангалтгүй мэт санагдах нь бий. Үүнээс үүдэн FOMO (Fear of Missing Out) буюу буюу ямар нэгэн зүйлээс хоцорч байгаа мэт хиймэл айдас, сэтгэл түгшилтийг бий болгодог.

Шийдвэрийн гаргалтын тогтворгүй байдал

Хүмүүс өдөр бүр хэдэн арван мянган жижиг шийдвэр гаргадаг. Аль хувцсаа өмсөх, хаанаас хоол захиалах, ямар контент үзэх, аль мэдээлэлд итгэх зэрэг сонголтууд биднийг байнга хүрээлж байдаг.

Гэвч хэт их мэдээлэл, хэт олон сонголт нь тархийг хурдан ядрааж, зөв шийдвэр гаргах чадварт сөргөөрнөлөөлдөг байна. Үүнийг сэтгэл судлалд Decision Fatigue буюу шийдвэр гаргалтын туйлдалт гэж нэрлэдэг. Ийм үед хүн яаруу, хайхрамжгүй шийдвэр гаргах эсвэл шийдвэр гаргахаас бүрэн зайлсхийх хандлагатай болдог.

Одоо цагт амьдрахаа мартах нь

Автобусанд суухдаа, хоол идэж байхдаа, найзуудтайгаа кофе ууж байх үедээ хүртэл утсаа ширтэх нь өнөө үед энгийн үзэгдэл болжээ. Бид биеэрээ тухайн мөчид байгаа ч, ухаан санаа маань дараагийн мэдээлэл, шинэ пост эсвэл лайкны тоонд төвлөрч анзаарагдах нь элбэг.

Заримдаа бид яг хажууд байгаа хүнтэйгээ бүрэн ярилцаж чадалгүй, утсаа давхар шалгах нь ч бий. Гагцхүү үр дүн нь амьд харилцааны үнэ цэнэ багасан тухайн мөчийн уур амьсгалыг бүрэн мэдрэх боломж буурах юм. Амьдралын энгийн хэрнээ үнэ цэнтэй мөчүүдийг мэдрэх, таашаал авах чадвар маань аажмаар суларч байгаа нь харамсалтай.

Дээрх сөрөг нөлөөллөөс хэрхэн сэргийлж, тархиа амраах таван зөвлөмжийг хүргэж байна

Дижитал орчин дахь цагтаа хяналт тавих

Унтахаас дор хаяж нэг цагийн өмнө ухаалаг утас болон бүх төрлийн дэлгэцийг өөртөө харагдахгүй газар холдуулах хэрэгтэй. Ингэснээр нойрны чанар мэдэгдэхүйц сайжирч, тархи амрах нөхцөл бүрдэнэ. Мөн утсан дээрх screen time мэдээллээ долоо хоног бүр шалгаж хэвшээрэй. Энэ нь таныг яг ямар платформуудад хэр их хугацааг зарцуулж байгааг харуулах бөгөөд тодорхой аппликейшнууддаа цагийн хязгаарлалт тогтоох тохиргоог хийж болно.

Мэдээллийн шүүлтүүр тогтоож, сошиал медиаг эерэгээр ашиглах

Бүх мэдээний суваг, фэйсбүүк хуудсыг дагах шаардлагагүй. Өөрт үнэхээр хэрэгцээтэй, үнэ цэнтэй цөөн хэдэн эх сурвалжийг сонгоод бусад хэрэгцээгүй хуудсуудыг дагахаа больсноор тархинд ирэх ачааллыг багасгаж чадна. Сошиал медиаг  цаг үрэх бус шинэ зүйл сурах талбар болгон өөрчлөх бүрэн боломжтой. Өөрийн сонирхол, мэргэжил, карьерын зорилгодоо таарсан чанартай хаягуудыг дагаж, сошиал медиагийн алгоритмоо өөртөө ашигтайгаар тохируулаарай.

Ганцаараа байх цаг гаргах

Өдөрт 15-30 минутыг ямар ч утас, дуу хөгжим, гадны өдөөлтгүйгээр зүгээр л алхах, тэмдэглэл хөтлөх эсвэл чимээгүй суухад зориулаарай. Энэ нь мэдээллийн тасралтгүй чимээ шуугианаас тархийг тусгаарлаж, өөрийгөө сонсох, өдрийн турш авсан мэдээллүүдээ тархиндаа цэгцлэн ангилах боломжийг олгоно.

Унших дадлыг хэвшил болгох

Богино, хурдан солигддог контентын оронд ном унших дадал нь анхаарал төвлөрлийг сайжруулж, аналитик болон эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлдэг. Өдөрт ердөө 15-хан минутыг уншихад зориулснаар тархи удаан хугацаанд гүн төвлөрөх чадвараа аажмаар сэргээдэг.

Мөн унших дадал нь дан ганц анхаарал төвлөрөл, шинэ мэдлэг олж авах төдийгүй бусад олон талын эерэг нөлөөтэй. Өнөө үед залуусын дунд түгээмэл ажиглагдах болсон монгол хэлний үгийн баялгийн хомсдолд ч энэ дадал тус хүргэнэ. Унших тусам гадаад болон монгол хэлний үгийн баялаг нэмэгдэж, өөрийн санааг бусдад цэгцтэй илэрхийлэх, бичих болон ярих чадвар давхар сайжирдаг.

Амьд харилцааг эрхэмлэх

Сошиал медиагаар хэдэн зуун найзтай болж, хэдэн мянган лайк цуглуулах нь биднийг бусадтай холбоотой байгаа мэт хуурамч мэдрэмж төрүүлдэг. Гэвч чатны цаадах харилцаа нь хүний сэтгэл зүйн хамгийн суурь хэрэгцээ болох амьд харилцаа холбоог хэзээ ч орлож чадахгүй. Найзуудтайгаа уулзахдаа утсаа цүнхэндээ хийж, нүд рүү нь харж ярилцах, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалд хооллох зэрэг нь тархинд допаминыг эрүүл аргаар ялгаруулна. Бодит амьдрал дээрх чанартай, амьд харилцаа нь дижитал орчноос үүдэлтэй ганцаардал, сэтгэл түгшилтийг багасгах хамгийн чухал зүйл юм.

#сэтгэлзүй #зөвлөгөө