Өөрт тохирсон суралцах арга барилыг хэрхэн олох вэ?


Цэцээ | YOLO.MN
2021-04-19

Телевиз, сонин сэтгүүл, интернетээр амжилттай яваа эрхмүүдийн ярилцлагыг уншиж суухад бүгд л өөрсдийн суралцах аргын тухай олонтаа дурдсан байдаг. Гэхдээ тэдгээр хүмүүсийн аливаа зүйлийг суралцсан арга хоорондоо ялгаатай байдаг. Харин амжилтад хүрсэн хүмүүсийн аргаар хичээлээ хэчнээн хийсэн ч ахиц гарахгүй бүтэлгүйтсэн үеүд бидэнд нэгээс ч олон бий. Энэ бол хүн бүр өөр, бас суралцах явц нь ч гэсэн ялгаатай гэдгийн баталгаа юм.

Хүүхэд бүр өөрийнхөө суралцах аргыг мэдээд авчихвал муу сурдаг хүүхэд манай дэлхий дээр нэг ч байхгүй болно гэдэгт итгэдэг учраас та бүгдийг энэхүү нийтлэлийг шимтэн уншаасай хэмээн хүсэж байна.


1. ХАРАХ АРГААР СУРАЛЦАГЧ

Энэ төрлийн суралцагчийн онцлог шинж нь бүх зүйлийг харааныхаа тусламжтайгаар ойлгож авдаг явдал. Зурагт үзүүлэн, зурган мэдээ мэдээллийг ойлгох явц нь хурдан бөгөөд мартах үйл явц нь удаан байдаг байна. 

Суралцахдаа дараах арга барилыг ашиглавал зохино:

Газрын зураг, диаграмм, график, хүснэгт ашиглах
"Power point presentation" болон видео үзэх
Flashcard хийх
Уншиж буй материалаа өнгө өнгийн тодруулагчаар тодруулах, доогуур нь зурах


2. УНШИХ, БИЧИХ АРГААР СУРАЛЦАГЧ

Аливаа зүйлийг уншиж, бичиж суралцах нь тэдэнд тааламжтайгаас гадна илүү амар хялбар санагддаг байна. Бодлоо цэгцлэхийн тулд жагсаалт гаргадаг, хялбар ойлгохын тулд хэвлэмэл ном, сонин уншдаг, багшийн ярьж буй зүйлийг бичиж тэмдэглэн уншдаг байна.

Мөн тэд номд дурлагчид байх нь бий. Гэрийнхээ энд тэнд шинэ үгс, хийх зүйлсээ цаасан дээр бичин наасан байх нь элбэг. Тэд цаг ямагт тэмдэглэл хийдэг. 

Суралцахдаа дараах арга барилыг ашиглавал зохино:

Тэмдэглэл хөтлөх
Жагсаалт гаргах
Диаграмм болон хүснэгтэн мэдээллийг амаар дүгнэхэд тохиромжтойгоор хураангуйлж бичих
Унших материалан дээрээ тулгуурлан асуулт зохиож хариулах


3. СОНСОХ АРГААР СУРАЛЦАГЧ

Үр бүтээлтэй суралцахдаа сонсох чадвараа илүү сайн ашигладаг. Аливаа зүйлийг чангаар дахин дахин давтах, бусдад тайлбарлаж байж сайн суралцдаг байна. Ном уншихдаа ч өөрт сонсогдох хэмжээний чангаар унших дуртай.

Суралцахдаа дараах арга барилыг ашиглавал зохино:

Лекцийн дууг хурааж (record) аваад дараа нь сонсох
Даалгаварт өгсөн материалыг чангаар унших
Тэмдэглэлээ чангаар уншиж буй дуугаа хурааж (record) өөрөө сонсох
Ойлголтуудыг өөрийн үгээр тайлбарлах


4. ҮЙЛ ХӨДЛӨЛӨӨР СУРАЛЦАГЧ

Бэрхшээл, алдаанаасаа суралцагчид. Аливаа асуудлын шийдлийг олохдоо таатай байдаг, өөрийн биеэр туршиж үзэхийг илүүд үздэг, сонсож, харж, бичиж, уншиж суралцах сайн байдаг хүмүүс энэ төрлийн суралцагч юм.

Суралцахдаа дараах арга барилыг ашиглавал зохино:

Flashcard хийх
Бусадтай хамтарч ажиллах, санаагаа хуваалцах
Тэмдэглэл хөтөлж байхдаа холбогдох жишээг авах
Суралцаж байхдаа мэдрэгдсэн эсвэл таамаглаж буй зүйлээ сараачих


Дээрх дөрвөн аргын аль нь чамайг илэрхийлж, чамтай ойр мэт санагдаж байна тэр нь чамд тохирно гэж ойлгож болох нь. Эсвэл өөрт тохирсон арга барилаа хараахан олоогүй байгаа бол дээрх аргуудаас нэг бүрчлэн туршиж үзэн өөрт таалагдсанаа хэвшил болгож хичээлдээ улам сайжирч болох юм байна шүү. 

#Боловсрол #Хувь хүний хөгжил #Суралцах арга барил