Соло аялал чиний сэтгэл зүйг хэрхэн өөрчлөх вэ?


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монголчууд бид аялал зугаалгаар явахдаа найз нөхөд, гэр бүлээрээ олуулаа, шуугилдаж явах дуртай хүмүүс. Тийм болохоор хэн нэгнийг "соло аялал" хийх гэж байгааг дуулбал эргэн тойрныхон нь уулга алдаж, айдас, эргэлзээ дүүрэн асуултаар бөмбөгдөж эхэлдэг. Гэхдээ яагаад бүгд зөвхөн сөрөг талыг нь олж хараад, ганцаараа аялахын үнэ цэнэ, эрх чөлөө, өөрийгөө нээх гайхалтай боломжуудыг анзаардаггүй юм бол? Тэгвэл ганцаараа аялах үед чиний сэтгэл зүйд гардаг 5 өөрчлөлтийг хуваалцъя.

1. Түгшүүр, айдастайгаа нүүр тулах хамгийн шилдэг эмчилгээ

"Би ганцаараа чадах болов уу, хэл ус нь болох болов уу?" гэсэн айдас хэнд ч төрнө. Гэвч яг харийн оронд гэнэтийн нөхцөл байдал, асуудлуудтай тулгарч, тэдгээрийг бие даан шийдвэрлэж эхлэх үед хүн өөртөө итгэж сурдаг. Тулах багана, найдах хүн зөвхөн "Чи өөрөө" учраас чиний шийдвэр гаргах чадвар эрс сайжирна. Аяллаас буцаж ирээд өдөр тутмын амьдралдаа стресстэй зүйл тохиолдоход "Би тэр хэцүүг ганцаараа давчихсан юм чинь үүнийг ч бас чадна" гэх сэтгэл зүйн асар том дархлаатай болчихсон байдаг.

2. Бусдаас хамааралгүй, бүрэн эрх чөлөө

 

Хамт яваа хүмүүсийнхээ хүсэл, аясыг дагах гэж хичээсээр байгаад аяллаасаа бүрэн таашаал авч чаддаггүй үе бий юу? Соло аялал бол энэ зангаасаа салах хамгийн гоё боломж. Чи хэдэн цагт босох, хаашаа явах, музейд 10 минут болох уу эсвэл 8 цаг болох уу гэдгээ зөвхөн өөрөө шийднэ. Тэр ч байтугай уулын замаар скутер унах уу, агаарын бөмбөлгөөр хөөрөх үү гэдгийг ч чи өөрөө сонгоно. Хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, зөвхөн өөрийнхөө хэмнэлээр амьдрах тэр мэдрэмж чиний дотоод хүүхдийг баярлуулж, үгээр хэлшгүй эрх чөлөөг мэдрүүлдэг.

Статистик сонирхуулахад: 2023 оны соло аяллын судалгаагаар сүүлийн хоёр жилд ганцаараа аялагчдын тоо 42%-иар өсжээ. Нийт аяллын зах зээлийн 11%-ийг тэд бүрдүүлж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь соло аялагчдын 84% нь эмэгтэйчүүд байна!

3. Өөртэйгөө болзох боломж

Бид бусадтай харилцах харилцаа, бусдад таалагдах гэж хэт их анхаарал хандуулдаг ч өөртэйгөө ярилцахаа мартчихдаг. Ганцаараа аялах үед чамд зөвхөн өөрийгөө сонсох, бясалгах, дотоод хүнээ таних маш их цаг гарна. Түүнчлэн, өдөр тутмын завгүй амьдралдаа нуугаад өнгөрөөсөн гуниг, гомдол, сэтгэлийн шархаа уудалж, өөрийгөө уучлах, эдгээх орон зайг соло аялал л чамд олгоно. Энэ нь чамайг өөртөө илүү хайртай, өөрийгөө илүү үнэлдэг болоход тусалдаг.

4. Дотоод ертөнцөө тэлж, дэлхийн залуустай нэг хэлээр ярилцах нь

Найзуудтайгаа аялж байхдаа бид зөвхөн өөрсдийнхөө жижиг хүрээлэлд түгжигдчихдэг. Харин ганцаараа аялах үед нутгийн иргэд болон бусад орны аялагчид чамтай түрүүлж харилцах нь элбэг. Магадгүй тэр хүмүүс чиний насан туршийн найз болохгүй ч, хэдхэн цагийн дотор чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүлж, амьдралыг үзэх үзлийг чинь тэлэх үнэ цэнтэй дурсамжийг үлдээдэг.

5. Хэмнэлттэй аялах давуу талууд

Сэтгэл зүйн давуу талуудаас гадна соло аялагчдад амьдрал дээр ч олон боломж гарч ирдэг:

  • Нислэг, тоглолт, холын автобусны ганц үлдсэн суудлыг маш хямд үнээр худалдаж авах
  • Бусад хүн бүртгүүлээгүй үед группийн аяллын үнээр ганцаарчилсан VIP тур (аялал) авах
  • Урт дараалал алгасаж, хаана ч хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтой.

Ганцаардвал яах вэ?

Мэдээж аяллын явцад гэнэт гэрийнхнээ санаж, ганцаардах үе гарна. Энэ бол огт ичих зүйл биш, маш хэвийн мэдрэмж. Ганцаардлыг өөрийнхөө дотоод хэмнэлийг ойлгох хугацаа гэж хүлээж аваарай. Хэрэв хэтэрхий уйтгартай санагдвал дараа өдөр нь хостелынхоо групп аялалд нэгдэх эсвэл шинэ хүмүүстэй танилцаж болох хоолны газарт зочлоорой.

Соло аялагчдын заавал мэдэх ёстой аюулгүй байдлын ТОП зөвлөмжүүд:

Ганцаараа аялахад бие махбод болон сэтгэл зүйн аюулгүй байдал хамгийн чухал. Аялалд гарахаасаа өмнө тухайн улсын хууль тогтоомж, соёлыг заавал судалж, дараах дүрмийг баримтлаарай:

  • Мэдээлэлтэй бай: Тухайн орны яаралтай тусламжийн болон Монгол Улсын элчин сайдын яамны дугаарыг тэмдэглэж ав.
  • Соёлд нь суралц: Орон нутгийн хууль дүрэм, соёлын хүлээлт, зан заншлыг урьдчилж мэд.
  • Сонор сэрэмжтэй бай: Цүнхээ урдаа үүрч, түгжээ ашигла. Мөнгөө нэг дор биш, хэд хэдэн өөр газарт хувааж авч яв. Үнэт эдлэл, чамин зүйлс гэрээсээ бүү авч яв.
  • Технологи ашигла: Найдвартай такси аппликейшн (Grab, Uber гэх мэт) ашигла.
  • Гэр бүлийнхэнтэйгээ холбоотой бай: Хаана байгаа, аюулгүй байгаагаа гэрийнхэндээ байнга мэдэгдэж байх.
  • Соло аялагчдын группт нэгд: Facebook, Instagram дээрх "Female Solo Travellers" зэрэг группүүдээс бодит зөвлөгөө, дэмжлэг авч болно.

Дүгнэлт: Ганцаараа аялах нь чамайг илүү уян хатан, нээлттэй, сонирхолтой нэгэн болгож хувиргадаг. Чи өөртөө итгэх итгэл, бие даасан байдал, асуудлыг шийдвэрлэх чадварыг эндээс сурна. Тиймээс амьдралдаа ядаж нэг удаа зориг гаргаад, ганцаараа аялаад үзээрэй. Энэ нийтлэлийг өөрийнхөө төлөө зориг гаргаж, дэлхийг танихаар тэмүүлж буй бүх зоригтой залуустаа зориулж байна! 

Эх сурвалж: https://thetravelpsychologist.co.uk/

#Соло аялал