АНУ-ын эрдэмтдийн үхлийн ард нууц явуулга байгаа юу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хоёрхон сарын өмнөөс эхлэн сүүлийн жилүүдэд нас барсан эсвэл алга сураггүй алга болсон АНУ-ын цөөн хэдэн эрдэмтдийн холбоо хамаарлын тухай цахим орчинд яригдаж эхлэх болсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар гарын таван хуруунд хүрэхтэй үгүйтэй байсан эдгээр эрдэмтдийн тоо 12-т хүрч, АНУ-ын засгийн газрын анхаарлын төвд орсон бөгөөд Холбооны мөрдөх товчоо болон Конгресс аль аль нь энэ хэргийг шалгаж эхэлсэн байна.

04-р сарын 16-нд Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд ярилцлага өгч байх үед нэгэн сурвалжлагч түүнээс “нууц мэдээлэл, цөмийн материал, сансрын салбарын мэдээлэлд хандах эрхтэй арван эрдэмтэн сүүлийн хэдэн сарын хугацаанд сураггүй болсон эсвэл нас барсан байдалтай олдсон” тухай асууж, эдгээр нууцлаг хэргүүдийг хоорондоо холбоотой гэж бодож буй талаар нь асуужээ.

Ерөнхийлөгч Трамп үүнд нь “Би үүнийг хоорондоо ямар ч холбоогүй хэргүүд байгаасай гэж найдаж байна. Гэхдээ үүний цаана юу байгаа тухай ирэх долоо хоногоос мэдэх болно” хэмээн хариулсан байна.

Эдгээр хэргүүдийн тухай таамаг дэвшүүлж буй хүмүүсийн үзэж буйгаар тухайн хүмүүс нь астрофизик, цөмийн зэвсэг, эм зүй зэрэг нарийн салбарт ажилладаг хүмүүс байсан тул, магадгүй АНУ-ын өрсөлдөгч, дайсагнагч талууд үүний ард байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Гэвч одоогоор тэднийг хооронд нь холбох, эсвэл зохион байгуулалттай гэмт хэрэг байсан гэдгийг батлах ямар нэгэн нотлох баримт илрээгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Хуйвалдааны онолын талаар судалдаг Мэриландийн Их Сургуулийн профессор Жен Голбекийн хэлж буйгаар хуйвалдааны онол дэвшүүлэгчдийн дотор шинжлэх ухаанчдад тохиолддог золгүй явдлуудыг ямар нэгэн аймшигтай байдлаар холбогдсон байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг.

“Үндэсний лабораториуд, их сургуулиуд болон засгийн газрын судалгааны төвүүдэд ажилладаг маш олон хүмүүс байдаг бөгөөд тэдгээрээс зарим нь сураггүй алга болох, амиа хорлох эсвэл үхэх тохиолдол ч багагүй тохиолддог” гэжээ.

Эрдэмтдийн нууцлаг үхэл хэрхэн олон нийтийн анхааралд өртсөн талаар

 Учир нь тайлагдаагүй үхлүүд болон алга бололтууд цахим орчинд цөөхөн хэдэн хүмүүсийн анхаарлыг татаж байсан бол 2026 оны 02-р сарын 27-нд Агаарын хүчний генерал асан, 68 настай Виллиам Нил МакКасланд сураггүй алга болсноор маш олон хүн эдгээр хэргүүдийн ард ямар нэгэн хорон явуулга байх магадлалтай тухай судалж эхлэх болсон юм. Учир нь Нил цэргийн өндөр хэргэм зэрэгтэй хүн байснаас гадна харь гараг судлалын нийгэмлэгтэй холбоотой байсан гэнэ.

Энэ цагаас эхлээд хүмүүс бүр зургаадугаар сараас хойш болсон бүх нас барсан эсвэл алга болсон эрдэмтдийн хэргүүдийг гаргаж ирэх болсон. Жишээ нь 03-р сарын 22-нд Daily Mail “АНУ-ын нас барсан болон алга болсон эрдэмтдийн ард байх аймшигт холбоо хамаарал” гэсэн утгатай нийтлэл бичсэн бөгөөд нийт таван эрдэмтдийн нэрийг танилцуулсан.

04-р сарын 15-нд эдгээр нууцлаг хэргүүдийн тухай Трампаас асуухад тэрээр холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж, ярилцсан бөгөөд хэргүүдийг мөрдөж байгаа тухай хэлсэн бол Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател өнгөрсөн ням гарагт Fox News сувагт ярилцлага өгөхдөө уг хэргүүдийн хооронд холбоос байгааг судлах шаардлагатайг онцолжээ. Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, Засгийн газрын шинэчлэлийн хороо өөрийн бие даасан мөрдөн шалгалтыг явуулж байгаа юм.

Жен Голбек энэ талаар санал бодлоо илэрхийлэхдээ “Ийм төрлийн зүйлс яг л нэг байдалтайгаар өрнөдөг. Эхлээд цахим орчинд яригдаж эхэлнэ. Энэ нь сэвэгдэж явсаар хуйвалдааны онолд итгэдэг нэгэн улс төрчийн хараанд өртөж өргөн хүрээний нийгмийн сүлжээнийхний анхаарлыг татдаг” гэжээ.

Түүний энэхүү бодолтой Нортвестерн их сургуулийн Хэвлэл мэдээллийн сэтгэл судлал ба нийгмийн нөлөөллийн төвийн захирал Калли Кални ч санал нийлсэн байна. Тэрээр “Нэгэнт мэдээлэл олон нийтэд тархаж, давтамжтайгаар яригдаж эхлэх үед хүмүүс үүнийг оюун санаандаа шингээж аван ердийн зүйл мэт харах хандлагатай болдог. Энэ байдал нь хүмүүсийг асуудлын үнэн мөн чанарт шүүмжлэлтэй хандах чадварыг нь байхгүй болгочихдог” гэсэн байна.

Интернэт дэх хуйвалдааны онолуудад холбогдсон гэж дурдагдсан хэд хэдэн хүн Лос-Аламосын Үндэсний Лаборатори болон НАСА-гийн Жет Пропалшн Лаборатори зэрэг газруудтай холбоотой байсан бөгөөд зарим нь нууцлалтай мэдээлэлд хандах зөвшөөрөл эзэмшиж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр хэргүүдийг зохион байгуулалттай эсвэл ижил төстэй хэв маягтай гэдгийг батлах хангалттай баттай нотолгоо одоогоор байхгүй.

Ихэнх тохиолдолд хүмүүсийн нэр цохож буй эрдэмтдийн хэргийн талаарх мөрдөн шалгалтууд аль хэдийн явагдаж дуусан сэжигтнийг тогтоосон эсвэл ял тулгасан байдаг. Жишээлбэл, физикч Нуно Ф.Г. Лоурейро нь олон хүний аминд хүрээд эцэст нь өөрийгөө буудаж хөнөөсөн Клаудио Мануэл Невеш Валенте-ийн үйлдсэн халдлагын үеэр амь үрэгдсэн бол одон орон судлаач Карл Гриллмайр мөн хүн амины хэргийн улмаас амь үрэгдсэн бөгөөд сэжигтнийг баривчилж, ялыг нь оноосон байдаг.

Өөр нэг тохиолдолд Лос-Аламосын Үндэсний Лабораторид эрдэмтэн биш, захиргааны туслах ажилтан байсан Мелисса Касиас Нью-Мексико мужид сураггүй болсон. Гэвч зарим цахим сурвалжуудад түүнийг эрдэмтэн байсан мэтээр буруу мэдээлсэн байна. Харин МакКасландын хувьд тэр одоогоор сураггүй хэвээр байгаа ч эрх баригчид ямар нэг гэмт үйлдэл байсан гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн ба түүний гэр бүл ч хэргийн ард ямар нэгэн хуйвалдаан байгаа гэсэн цуу яриаг үгүйсгэж, түүний нууцлалын зөвшөөрөл хязгаарлагдмал, нууц мэдээлэлтэй холбоотой мэдлэггүй байсныг онцолжээ.

Эх сурвалж: AP News

#Үүнийг мэдэх үү? #мэдээ