

Цагдаагийн байгууллага HYBE-ийн ТУЗ-ийн дарга Бан Ши Хёкийг хувьцааны хууль бус арилжааны хэргээр баривчлах зөвшөөрөл хүссэний дараа түүний өмгөөлөгч мэдэгдэл хийжээ.
Бан Ши Хёкийн өмгөөлөгч “Тэрээр урт хугацаанд мөрдөн шалгалтад хамтран ажилласан байхад баривчлах зөвшөөрөл хүссэнд харамсаж байна. Бид цаашдын хууль эрх зүйн үйл явцад үнэнчээр оролцож, бодит байдлыг тодруулахын төлөө бүхнээ хийх болно” гэж мэдэгдсэн байна.
Тодруулбал түүнийг 2019 онд хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлж, Hybe компанийн хувьцааг анхдагч зах зээлд гаргахаас өмнө бусдад зарж, 200 тэрбум воны хууль бус ашиг олсон байж болзошгүй гэж үзэж буй. БНСУ-ын хуулиар хууль бус арилжаагаар тав ба түүнээс дээш тэрбум воны орлого олсон бол таван жилийн хорих ялаас бүх насаараа хоригдох ял хүртэл сонсох боломжтой.
Харин Бан Ши Хёк нь анхны хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлээгүй гэж мэдэгдэж, хувьцаа зарах шийдвэр нь хөрөнгө оруулагчдын өөрсдийн хүсэлтээр хийгдсэн бөгөөд ашиг хуваах нөхцөлийг ч анх хөрөнгө оруулагчид өөрсдөө санал болгосон гэж тайлбарлажээ.
Энэ хэрэг урт хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд компанийн төв байранд нэгжлэг хийх, зарим хөрөнгийг нь битүүмжлэх, түүнийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас огцрохыг шаардах хүртэл арга хэмжээ авсан. Мөн түүнд хилийн хориг тавиад байгаа юм.
BTS хамтлаг дөрвөн жил завсарласны дараа аялан тоглолтоо эхлүүлээд байгаа бөгөөд баривчлах хүсэлт аялан тоглолт эхэлснээс хэдхэн долоо хоногийн дараа гарлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!